Karakorum.Digital

Бизнесээ системчлэхийн давуу талууд

Ямар ч хүн өөрийн бизнесээ эхэлж байхдаа ажилдаа бүрэн уяагдсан, цаг завгүй, өдөр бүр ундрах олон асуудлаас болж байнга санаа зовсон, тийм нэгэн амьдралтай болно гэж мөрөөддөггүй. Харин ч, ашиг орлого сайтай бизнестэй болж, хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, илүү эрх чөлөөтэй явахыг хүсдэг. Дуртай, сонирхолтой зүйлстээ цаг заваа зориулна гэж мөрөөддөг. Гэтэл бодит амьдралд байдал өөрөөр эргэх нь элбэг. 

BizSystemsАжил дээрээ хонох шахаж, амралтын өдрөөр ч ажлаа бодно. Байнга шахаж шаардаж байхгүй бол төлөвлөсөн ажил цагтаа дуусахгүй, ажилтнуудын хариуцлага сул, тиймд өөрөө бүх ажилд оролцож, диспетчер мэт явна. Асуудал нэг бүрийг өөрөө хянаж шийдвэрлэнэ. Бизнес амжилттай явж, өсч томрохын хэрээр улам их ажилтай, улам завгүй болно. Нэг мэдэхэд, өөрийн байгуулсан бизнесийнхээ амрах, зогсох эрхгүй нэгэн “эрэг шураг” болж хувирна.  

Энэ нь бизнес эрхлэгч хүний ердийн амьдрал уу? Үгүй. Хэрэв ийм дүр зураг харагдаж байгаа бол бизнес эрхлэгч хүн бизнесээ буруу авч явнаа гэсэн үг. Энэ бол бизнес гэж чухам юу вэ гэдгийг буруу ойлгож, өөртөө буруу зорилго тавьж, цаг, хүчээ буруу чигт зарцуулсаар яваагийн илрэл юм.

Бизнес бол ажлын байр биш, харин систем юм.  

Бизнес эрхлэгч хүн бизнесээ системчилж буюу алхам алхмаар бизнесийнхээ системийг байгуулалгүйгээр зөвхөн их ажиллаж, шургуу зүтгэснээр амжилтад хүрэхгүй. Хүссэн эрх чөлөөт амьдралаа олж авч чадахгүй.

 

Continue reading "Бизнесээ системчлэхийн давуу талууд" »


Энтрепренерийн тухай хэдэн бодол

Эргэн тойронд мянга мянган асуудал, хэрэгцээ байна. Нэгийг нь барьж аваад зүтгэвэл та Энтрепренер болно. Хэцүү, гэхдээ сайхан зам. Алхам алхмаар, системтэйгээр явж чадвал амьдрал, санхүүгийн том амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ замаар явах нь Монголд бусад газраас илүү хүнд биш. Харин бид суралцах л хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол бидний хувьд шинэ зам. 

Энтрепренер хүн асуудал, хэрэгцээг Боломж гэж хардаг. Асуудал, байнгын хэрэгцээ байгаа бол тэнд бизнес байна гэсэн үг. Харин танд түүнийг шийдэх хүсэл, тэгээд чадвар, цаг хугацаа бий юу? Хэрэв та бусдын асуудал, хэрэгцээг шийдээд ӨГВӨЛ тэд таньд баяртайгаар төлбөрөө хийнэ. Бизнес бол ӨГӨХИЙН ухаан юм.

Энтрепренер байхын тулд асуудалд Системийн сэтгэлгээгээр хандаж сурах хэрэгтэй. Асуудал, хэрэгцээг шийдэх өөрийн Системийг байгуулах дадал зуршил, арга барилтай болох хэрэгтэй. Түүнээс, нэг ажил олж хийх, амжиргаагаа залгуулах зорилт тавьбал сэтгэлгээний алдаа болно. Бизнесийг та биш, харин таны бүтээсэн систем хийдэг.

Заавал өөрийн мөнгөтэй байж энтрепренер болдоггүй. Мөнгө олох нь өөрөө таны шинэ төслийн эхний алхам байж болно. Асуудлаа зөв харж, шийдлээ цэгцтэй томьёолбол таны санаа бусдад ойлгомжтой, үнэмшилтэй, сонирхолтой болно. Тэгвэл та санаагаа боломжит санхүүжүүлэгч, хамтрагчид "зарж" чадна. Энэ бол бизнесийг эхлүүлэх түгээмэл арга зам юм.

Бизнес эрхлэгч байх, энтрепренер байх нь нэг ойлголт биш. Яагаад гэвэл хүн бусдаас цалин авч бизнес эрхэлж болно. Бизнесийн удирдагч, компаний захирал ч байж болно. Гэхдээ тэр хүн өөрөө санаачлага гаргаж, бизнесээ байгуулж, бүх эрсдлийг өөрөө үүрч яваа биш бол тэр хүн Энтрепренер биш, харин бизнес эрхлэгч хүн юм.  

Бусдын хэргийг бүтээж өг, тэгвэл таны хэрэг бүтнэ гэдэг. Гэхдээ өнөө цагт энэ чухал дүрмийг сайн тооцоотойгоор хэрэгжүүлбэл найдвартай ажиллана. Хэрэв та энэ алтан дүрмээр ажилладаг системийг бүтээж чадвал таны бизнес үргэлж бүтэж явах болно. Чухам, бусдын хэргийг бүтээж туслах нь аливаа энтрепренер бизнесийн мөн чанар юм.

Монголд бизнес эрхлэхэд хэцүү, хүнд гэдэг. Гэхдээ хаана ч шинэ зүйл эхлэхэд амар, хялбар байдаггүй. Мөн бүх зүйлс өөрчлөгддөг, хөгждөг. Хэрэв та бүх зүйлс сайхан болсны дараа ажиллаж эхэлнэ гэвэл тэр цагт аль хэдийн хоцорсон байх болно. Ер нь олныг дагасан хүн хэзээ ч түрүүлдэггүй гэдэг үг бий.

Энтрепренер болоход гадаад нөхцөл бус харин хүний дотоод "гал" буюу хүсэл эрмэлзлэл, зүтгэл хамаагүй илүү нөлөөтэй. Тэгээд ч, хүн өөрийн галыг байнга тэтгэж, улам хөгжүүлж явж болдог.