Мэдээллийн үнэ цэнэ
Яагаад Дижитал? Яагаад Дата?

Танай вэб сайт зочныхоо чухам ямар асуудлыг шийддэг вэ?

Хүмүүс Интернэтийн вэб сайтад үндсэндээ хоёр л шалтгаанаар зочилдог гэдэг.

WwwЭнэ нь -

  1. Чөлөөт цагаа өнгөрөөж, эсвэл
  2. Ямар нэгэн асуудлаа шийдэх гэж.

Бизнесийн вэб сайтууд голдуу сүүлийнхэд нь зориулагдсан байдаг.

Тэгвэл танай вэб сайт зочдынхоо чухам ямар хэрэгцээ, шаардлагад үйлчилдэг вэ?

Маркетингийн туршлага багатай компаниуд вэб сайтаа зочдынхоо хэрэгцээ, тулгамдсан асуудалд үйлчлэх бус, харин өөрсдийгөө магтаж харуулах зориулалттай талбар болгочихдог. Тэд вэб сайтынхаа нүүр хуудсанд компаний шилэн байшин, эсвэл Ерөнхий захирлынхаа хөрөг зураг, мэндчилгээ зэргийг байрлуулсан байх нь элбэг. Гэтэл, үйлчилгээний талбар бус, харин сурталчилгааны зурагт хуудас мэт вэб сайтууд зочдыг татах биш үргээдэг.

Хүмүүс танай вэб сайтад компаний тань сурталчилгааг үзэх гэж бус, зөвхөн өөрт тулгарсан асуудлаа шийдэх гэж зочилж байгаа. Тэд хэрэгтэй зүйлээ шууд л олж харахгүй бол сайтыг чинь цааш уншиж судлахгүй, удаан зочлохгүй. Тэдэнд Интернэт дээр олон өөр сонголт бий.

Судалгаанаас үзэхэд, хүмүүс шинээр зочилж буй вэб сайтаа ухаж, үргэлжлүүлэн унших эсэхээ ердөө эхний 30-40 секундэд шийддэг байна. Тэд ямар ч вэб хуудасны дөрөвний нэгээс хэтрэхгүйг уншаад хэрэгтэй зүйлээ олж харахгүй бол өөр хуудас руу, эсвэл бүр өөр сайт руу явчихдаг.

Ирсэн зочдынхоо анхаарлыг татаж чадах нь вэб сайтдаа таны хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой арга эрдэм. Тэгээд тэдний хэрэгцээг олж мэдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөвөөр санал болгох нь дараагийн нэг арга эрдэм. Төгсгөлд нь, чанартай үйлчилгээ үзүүлж, тэднийг сайтынхаа байнгын зочноо болгох нь таны бизнесийн зорилтыг гүйцэлдүүлэх гол арга эрдэм. Эдгээр арга эрдэм тус бүрийг дизайн, агуулга, технологидоо бүтэн суулгаж чадвал вэб сайт танай бизнесийн хамгийн чухал хэсэг болж чадна.

Бизнесийн аливаа вэб сайтыг өөрсөддөө бус харин зочид, үйлчлүүлэгчиддээ зориулан, зөвхөн тэдний нүдээр харж бүтээх хэрэгтэй. Тиймд вэб сайтын дизайн, агуулга, үйлчилгээг зөвхөн зочид, үйлчлүүлэгчдийн хэрэглээнд зориулан, тэдний асуудлыг шийдэхэд чиглүүлнэ.

Мэдээж хэрэг, бизнесийн вэб сайтад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна компаний удирдлага, мэнэжмэнтийн тухай мэдээлэл байж болно. Гэсэн ч, ирсэн зочин зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ хайж, өөрийн асуудлаа шийдэх гэж танай компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгааг мартаж болохгүй. Тэгэх явцдаа та бүхнийг хэр туршлагатай, найдвартай гэдгийг судалж компаний удирдлага мэнэжмэнтийн тухай хуудсыг тань олж үзэж болно. Түүнээс бус, ямар нэгэн компаний сайтаар зочилж, сурталчилгааг нь уншиж чөлөөт цагаа өнгөрөөдөг хүн тун ховор байх.

Хэрэв шинэ зочин танай вэб сайтад 2 минут саатаж, мэдээлэл, үйлчилгээг тань сонирхсон бол цааш үргэлжлүүлэн судлах, мөн танай үйлчлүүлэгч болох магадлал өндөрсдөг. Энэ үед, дээр өгүүлснээр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөвөөр санал болгох алхам эхэлнэ.

Интернэтийн вэб сайт нь уламжлалт буюу хэвлэмэл брошюр, танилцуулгаас их ялгаатай. Вэб сайт бол зөвхөн мэдээлэл бус, мөн харилцаа холбоо, үйлчилгээний орчин юм. Вэб сайт бол бизнесийн хэрэглэгчиддээ автоматаар үйлчлэх талбар, мөн хэрэглэгч өөрөө өөртөө үйлчлэх цэг юм.

Өнөө цагт, хэрэглэгчдийн 75% буюу дөрвөн хүн бүрийн гурав нь бизнес, компанийг вэб сайтаар нь төсөөлдөг болсон гэдгийг судалгаа харуулдаг. Тиймд танай вэб сайт бол танай компаний Интернэт дэхь үргэлжлэл төдийгүй, бизнес, үйлчилгээний тань тухай төсөөллийг нийтэд бүрдүүлж байдаг гол суваг байх болно.

Вэб сайт бол олон талын мэдээллийн урсгалтай харилцаа холбооны талбар учир зочид тэнд зөвхөн мэдээлэл хайж олж авах төдийгүй, компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай бусдын санал сэтгэгдлийг олж мэдэж, өөрөө бичиж, бусадтай харилцахыг хүсдэг.

Өмнөх зочид, үйлчлүүлэгчдийн үлдээсэн санал сэтгэгдлүүд шинэ зочдод компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сайн ойлгож, шийдвэрээ гаргахад нь тусалдаг. Тэр мэдээлэл тэдэнд компаний албан мэдээллээс ч илүү тустай байх нь элбэг. Яагаад гэвэл хүмүүс өөртэйгээ адил хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал, шүүмж, дүгнэлтэд ямар ч албан мэдээллээс илүү итгэдэг. Чухам тийм учир шилдэг компаниуд хүмүүсийн эерэг болон сөрөг санал, сэтгэгдлийг цэгцлэн харуулж, зочдынхоо тасралтгүй бичиж үлдээх мэдээллийг урамшуулан дэмжиж, түүгээрээ вэб сайт болон бизнесийнхээ татах хүчийг зогсолтгүй нэмж явдаг.

Зочдын эерэг санал сэтгэгдэл бизнесийн сурталчилгаанд их тустай. Тиймд, эерэг санал, сэтгэгдлийг вэб сайтдаа тусгайлан байрлуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах нь бизнесийн түгээмэл практик юм.

Мөн, сөрөг шүүмжлэлд хандах хандлага нь компаний бизнесийн хариуцлага, бодит дүр төрхийг тод харуулж байдаг учир зөв тусгаж авч буй ямар ч сөрөг шүүмжлэл урт хугацаандаа бизнесийн эерэг дүр төрхийг бүрдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулахад тусалдаг чухал хэрэгсэл болдог.

Статистикаас үзэхэд, өнөөдөр Монголын 1 сая гаруй иргэд Интернэтийн байнгын хэрэглэгч болсон байна. 10 мянган компани, хувь хүн өөрийн домайн нэр буюу вэб сайтын хаягтай болоод байна. Өдөр тутам 200 мянган хүн компани, байгууллагын вэб сайтуудаар зочилж байна. Түүнээс олон хүн гадаадын вэб сайтуудаар зочилж, сошиалд сүлжээнд орж, видео үзэж, мэдээлэл, бизнесийн сайтуудаар үйлчлүүлж байна.

Эдгээр бүх хүмүүс танай компаний сайтаар орож үзэхэд үргэлж бэлэн. Түүний тулд тэд ердөө компьютерийн хулганаа нэг дарахад, эсвэл гар утсан дээрээ танай вэбийн хаягийг бичихэд л хангалттай. Харин үүнд танай компани бэлэн үү?

Хэрэв танай компани өөрийн мэдээллийг зөв дизайн, арга эрдэм, сайн технолиор багцалж, хүмүүст асуудлаа шийдэхэд нь бодит тус хүргэхээр зохион байгуулж чадвал танай вэб сайтаар зочид, үйлчлүүлэгчид тасрахгүй. Тэд байнга зочилно, харин тэр урсгал бол танай компаний өмнө шинээр бий болж чадах бизнесийн алтан боломж юм.

---

comments powered by Disqus