Монгол нутгийн дуусашгүй их баялаг
Mindgolia VS Minegolia

Цахим матаас

Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.  

anonymousХэд хоногийн өмнө би твиттерт нэгэн жижиг санал асуулга явуулав. "Сайтад сэтгэгдлээ бичиж буй хүнээс и-мэйл хаягаа заавал бичихийг шаардах нь зөв үү?" гэж асуухад нийт 37 хариулт ирснээс 32 нь "Буруу: Нэр хаяг шаардах нь бидний эрх чөлөөг хааж буй үйлдэл", 5 нь "Зөв: Аноним сэтгэгдэл бол зохисгүй зүйл" гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, асуултанд хариулсан залуусын 85% нь Интернэт сайтад сэтгэгдлээ аноним бичих нь зохистой зүйл төдийгүй эрх чөлөөний нэг хэлбэр гэж хардаг юм байна.

Сайтуудад сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих нь үнэхээр бидний эрх чөлөөгөө эдэлж буй нэг хэлбэр үү? Эсвэл, энэ нь бидний айдсаа нууж, бухимдлаа тайлах гэсэн нэг арга уу?

Хүмүүс үгээ хэлчихээд нэрээ хэлэхээс болгоомжилж байна. Энэ бол эрх чөлөөний илрэл яав ч биш. Сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих, бусдыг харааж доромжлох, талцан маргалдах цахим "хөдөлгөөн" бол манай нийгэм дэхь бухимдал, амь бөхтэй оршсоор байгаа айдсын нэг илрэл гэж би хардаг.  Эрх чөлөөтэй гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл зорилгынхоо төлөө ухамсартайгаар явж буй хүнийг хэлдэг бус уу.

Бухимдал их байгааг бид бүгдээрээ мэднэ. Харин яагаад ийм айдас манай нийгэмд, ялангуяа залуусын дунд, ихээр оршсоор байна?

Айдас заавал улс төрийн шалтгаантай байх албагүй. Өөртөө итгэлгүй, нийгмийн байр сууриа олж чадаагүй, эсвэл өөрийн амьдралыг бусдын ивээл, тэтгэлэг, орчны нөхцөл байдлаас хэтэрхий хамаатуулж хардаг хүмүүс үргэлжийн далд айдастай амьдардаг. Бидний туулж ирсэн социалист тогтолцоо ч амьдралын энэ хэлбэрийг манай нийгмийн далд ухамсар, бараг соёл болгон ихэнхэд маань төлөвшүүлэн суулгасан. Нийгмийн энэ соёл маань одоо вэб сайтуудаар тод илрэн харагдаж байгаа бололтой.

Өнөөдөр бидэнд өөрийгөө зоригтой илэрхийлж, үзэл бодлоо уралдуулж, олны дунд өрсөлдөн амьдрах шинэ соёл их дутагдаж байна. Манай боловсролын тогтолцоо ч хүүхэд, залууст ийм соёл, хүмүүжил олгох түвшинд хүрч чадаагүй л байна.

Твиттерт ирсэн нэг хариултад, энэ бол нөгөө л бид бүхний сайн мэддэг "тамын тогоон доторх мэт” амьдралын маань дүр төрх шүү дээ гэжээ. Үнэний ортой л үг. Нэргүй сэтгэгдэл бичих дуртай хүмүүсийн ихэнх нь нийтлэлийн агуулга, утгыг хэлцэх бус, харин нэр нь дурьдагдсан хувь хүмүүсийг дайрч доромжилсон, хараасан байх нь элбэг. Ингэж нийтлэлийн агуулгыг бус харин хувь хүнийг авч хэлцэх нь ердийн нэг хов ярианаас хэтэрдэггүй, хэлцэж буй асуудалд ямар ч үнэ цэнэ нэмдэггүй билээ. Ийм байдал нь ихэнхдээ аноним бичигчийн өөрийн сул байдал, амьдралын бэрхшээлд бусдыг буруутгаж сэтгэлээ хуурч тайвшруулах гэсэн инстинкт үйлдэл байдаг гэсэн. Сэтгэл зүйн мухардлын ийм инстинкт үйлдлийг сэтгэл зүйч нар сайн мэддэг ажээ.

Хэдийгээр Интернэт сайтууд олон нийтийн бодит бухимдлыг илэрхийлэх тавцан болж, тэдэнд стрессээ бага ч гэсэн тайлах бололцоо олгодог ч энэ нь манай нийгэмд тийм их хэрэгтэй үйл хэрэг огт биш болов уу. Яагаад гэвэл, хараал хэлж, бусдыг доромжилж, хэрэлдэж, стрессээ түр тайлж болох ч дараа нь тэр хүн улам их стресс орох гинжин урвалыг өөртөө үүсгэдэг. Мөн өөрийн стрессийг нийгэмд түгээдэг.

Бид зөвхөн эрүүлээр сэтгэж, хамтран хэлцэж, ажиллаж байж л амьдралаа өөрчилнө, нийгмийн бухимдал, стресстээ шийдэл олно. Интернэт сайтууд, мэдээллийн технологийн залуусыг чухам үүнийг л олж хараасай гэж би хүсч байна.

Хагас тэрбум гишүүнтэй Facebook сүлжээ гишүүдээ зөвхөн хууль ёсны нэр хаягаар нь бүртгэдэг, тэр нэрээрээ бусадтай ил тод харьцахыг шаарддаг. Шинээр түрэн гарч ирж буй Google+ сүлжээ ч мөн адил. Үүний шалтгааныг ойлгоход төвөггүй. Хэрвээ олон зуун сая гишүүнтэй эдгээр сүлжээнд хүн бүр аноним байдлаар бичиж эхэлбэл тэд тун удалгүй асар том цахим хогийн сав болж хувирна. Аноним мэдээллийн нийгмийн үнэ цэнэ маш бага, харин хор нөлөө нь их байдаг гэдгийг хүн төрөлхтөн туршлагаасаа сайн мэддэг болсон.

Социализмын үед нэр хаяггүй захиаг матаас гэж нэрлэдэг байсан юм. Яагаад гэвэл хүнийг хараагүй байхад араар нь муу хэлж, хууль хяналтын байгууллагад нууц бичиг илгээж, харсан үед нь инээж мэндэлдэг хүмүүсийг матаасчин гэдэг байсан. Тийм хүмүүс нийгмийн цөвүүн цаг, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд их олширч байсан гэдэг.

Олны өмнө үзэл бодлоо ил тод хэлэхээсээ айдаг, нэрийг нь мэдчих вий гэхээс эмээдэг хүмүүсийн бичсэн цахим матаасууд вэб сайтуудаар дүүрч байна. Энэ бол шинэ цагийн цахим ертөнцийн соёл огт биш. Монголын Интернэт хараал, доромжлолын тавцан биш, харин хүмүүсийг холбож оюун санааг нь нэгтгэсэн ертөнц байгаасай.

Comments

Анхаа

Зүгээр л зөнд нь орхичийлдо бүгдээрэ ;)
Аль болох битгий оролц, тэгээл тэнд бичсэн нэргүй бичвэрийг уншаал тэрэнд нь матагдаал, бухимдаал ач холбогдол өгч байхаар зүгээр л уншихгүй л байж сурылда :P
за ер нь иймэрдү юмыг зүгээр тайван орхивол таарна до

Хашаа

хүүхдүүдийг л зөв хүмүүжүүлчүүл ер нь болох юм бишүү жишээлбэл худлаа ярьж болохгүй, хуурч болохгүй гэх мэт

Анхаа

Би нэг блог хөтлөдөг юм, 10-н жилийн хүүхдүүд ихэвчлэн ордог байх гэж тааж байгаам (контент нь тэдэнд зориулагдсан болохоор). Тэгээд яахоо-н пинбогсийг байрлуулсан юм. Жил гаран болж байна. Гэтэл түүгээр хүүхдүүд мэссэнжэрт орж ирээд зүгээр л баахан хараах юм. "Лалараа, г*чий...." гэх мэт. Ямар ч асуулт асуухгүй юм ч ярихгүй зүгээр л баахан харааж байгаад алга болно кк. Энэ үйлдлээс нь тэдний хараалын үгийн баялаг нь асар өргөн байгаагаас өөр юу ч ойлгохгүй байгаам :P

Hawk S

Ямар ч соёлт нийгэмд матаас, гүтгэлэг, явж л таараа. Ер нь ямар нэг муу санаа агуулаагүй л бол нэрээ нуух хэрэг ихэнх хүмүүст байхгүй байх л даа. Солонгост л гэхэд веб сайтууд дээр сэтгэгдэл үлдээх, мэдээлэл оруулах зэрэгт аккаунт нээхдээ заавал тухайн хүний регистрын дугаараар нээдэг. Энэ нь бичсэн зүйлдээ эзэн бай гэж шаардаж байгаа нэг хэлбэр.

Paul

Anonim baih yostoi...gej bodoj baina!?

Magadgui "dald front" deer baigaa negen ner usaa gargaad yavah shaardlaga baihgui baij boloh l yum!

"Hunii yertuntsud "il tod baih" gedeg ni "hagas unentei" tentsuu!

Nuance gej baigaa biz dee!

Il baih yostoi ni il l baih heregtei...dald baigaa ni "dald" baih yostoi biz dee, engiin jishee...modnyi undes
dald l baigaa gehdee baihgui gesen ug bish shuu dee?!

Anonim bolon "nick name" -eeree zuv zuitei sanaa onoo ilerhiildeg, zaaval ch ugui "BI" geed l ner usaa
gargaad yavdaggui humuus baidag yum bilee!

bimongol

Зөв сэдэв хөндөж эхлүүлсэнд талархаж байна. Энэ дэмий зүйл гэдгийг бид ойлгож байгаа ч чимээгүйхэн хэрэглэсээр нийтийн соёл болтол нь даамжруулж байна. Нэг талаас хүнийг доромжлох, нөгөө талаас түүнийг нь шимтэн унших дон ихсэж байгаа нь бохирдол улам бүр газар авч байгаан илрэл. Одоо хүмүүсийн энэ донг олж харсан улс төрийн нам, улс төрчид, бизнесийнхэн зохион байгуулалттай сэтгэгдлийг нэгнээ унагах хэрэгсэл болгон их ашигладаг болж, муу үрээс муу юм ургадаг гэж энэ. Цахим орон зайд үүнийг шийдвэрлэж чадвал шинэ монголын иргэдийг төлөшүүлэхэд асар том түлхэц болж мэдэх юм, цаашид нийгмийн шинэчлэл, хөгжлийн олон харилцаанд цахим талбарыг ашиглах болно. Бид анонимийг шийдвэрлэхгүйгээр нийгэмдээ өгөөжтэй, шударга, хариуцлагатай цахим засаглалын цаашдын зураглалыг гаргаж чадахгүй л болов уу. Энэ салбарынхан тенхик мэдлэгээ хөгжүүлэхийн зэрэгцээ хийх гэж буй зүйлийн маань агуулга юу билээ гэдгийг давхар бодож явууштай. Зураглал гарахгүй бол ажил эхлэхгүй шүү дээ. Уг нь танд сонгуулийн ажлаас тань гадуур багахан цаг гарвал үүнийг энэ сонгуулиас өмнө эрх баригчдаар шийдвэрлүүлэх сайхан боломж тохиож байна. Тэд сэтгэгдлээр муулуулахаас айж байгаа. Харин сэтгэгдлийг аноним биш байдлаар хэрхэн үлдээх талаар ул сууритай сайн шийдэлд хүрэх хэрэгтэй.

жигүүр

хүн хаана ч хэдийд яаж ч үзэл бодлоо хуваалцаж болно.
гэхдээ хараал хэлэхгүй, гүтгэхгүй байвал болно л гэж боддог.
шинэ үеийн хотын соёл, нийгэмшсэн байдлыг л дэмжицгээе.

жигүүр

Paul

Ene sedevtei ogt hamaagui shuu!

Erhem Enkhbataas asuuh asuult baina.

Religion gej yuu ve? Faith VS Religion -n talaar yuu heleh ve?

Secular evolutsi...praktik deer notlogdson uu?

GOD gej hen be?

Unuugiin Mongolyin niigemd yamar itgel unemshiltei humuus eyreg nuluu uzuulj baina ve?

Science Reality-g 100% ilerhiilj chadah uu?

Account Deleted

Энэ сэтгэгдлийг бичсэнийхээ дараа энэ талаар өөрийнхөө бодлыг блогтоо бичсэн юм байна. Сонирхвол орж үзээрэй :-)
http://mootsoo.com/2011/12/06/%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D2%AF%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%87%D0%B8%D0%B3-%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0/

suhee

Таныг их дэмждэг шүү. Таны хэлж ярьж байгаатай маш их санаа нийлдэг.

Enkhbat

Фэйсбуук хунийг олонтой холбодог. Сулжээ унэхээр хуний сайн, эсвэл муу талыг улам тод харагдуулах нь гарцаагуй. Сулжээ бол мультипликатор (томруулдаг шил) шуу дээ :)

suhee

Танаас нэг юм асууя. Би саяхан өөрийн аймгийн фэйсбукт нэгдсэн юм. Тэгсэн тэр аймгийн грүппийг нээсэн админ нь өөрөө улаан цайм сонгуулийн шоу энэ грүпп дээрээ хийгээд байгаа мөртлөө өөр хүмүүсийг улс төрийн талаар бичүүлэхгүй гэж хасах, өөрийнх нь шоуны талаар асуусан хүний бичлэгийг хасах гэх мэтээр дураараа аашилж байхтай таарлаа. Та тэр хүнийг сайн таних байх. [...] Манай эрхэм их хурлын түшээд маань ийм боловсрол нимгэн, дарангуйлагч хүмүүс байдаг юмуу гэсэн ойлголт төрж байна. Ер нь соушл мэдиагын хүчээр эрхэм түшээдийн үнэн нүүр царай чадвар нь олон хүнд богино хугацаанд илрэх сайн талтай байна шүү. Таны бодол?

оргил

надад бол нэрээ усаа хяагаа мэдэгдүүлэхгүй сэтгэдэлүүдийг үнэ цэнэгүй гж хүлээж авж сурмаар санагддаг.. хүмүүсийг заавал нэрээ бичихийг шаардаж байснаас өөрөө аноним сэтгэгдэлийг мэдээлийн үнэ цэнэтэй, хүлээн зөвшөөрхүйц эх сурвалж биш гэж бодож байвал илүү хялбар болуу гэж боддог..

хэрвээ бид анонуудыг хүлээн зөвшөөрөөд эхэлбэл нэргүй матаасаахр хүнийг хэрэгт оруулж болдог байсан үетэй л адил гэсэн үгшд..

САЛХИ

Сайн байна уу Эрхэм Монголын ахан дүүс минь?Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе?Хүндэт блогийн удирдагч таны амар амгаланг ирэе?Таны блогыг унших дуртай жирийн нэгэн Сайн Монгол болохыг хүсдэг оюутан хүү байна би...Таны Монголын цахим ертөнцийн талаар төсөөлөл бодол зөв юм гэж санал нэг байна.Таны Япон сургуульд айлчилсан талаар блогтоо бичсэн байсныг санаж байна...Нэг найз минь саяхан Япон явж ирээд надад хэлж байсан юм,Япон улсын хөгжлийн нууц нь Ядон хүнээ дээдэлсний үр шим юм байна гэж хэлсэн юм.
Энэ цахим ертөнцийн ирээдүйг,энэ Монгол улс орны ирээдүйг бий болгох хүч яг одоо Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд,Эхийн амаржих тасгуудад магадгүй алс хөдөө нэгэн сумын бригадад араг түшээд дүлж буй Монгол эхээс мэндэлж байгаа нярайн тархинд байгаа гэдэгт би итгэлтэй байна.Би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр улс орны хөгжил өндөр байшин,өргөн сайхан засмал зам,гоё хээнцэр машинуудаар бус тэр бүхнийг өөрөө бүтээж чадах,илүү ихийг зохион бүтээх хүчтэй тийм уураг тархитай хүнийхээ тоогоор үнэлэгддэг байх.
Эцэст нь сайхан ирээдүйн төлөө Бүгдээрээ Монголын бүх Цэцэрлэг,дунд болон их дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулахын төлөө УРАА УРАА УРАА

enkhtaivan

мэдээж сэтгэгдэл гэдэг аман зоргоороо бурах талбар биш байх гэж бодож байна.

Өртөөчин хүү

Цахим ертөнц хөгжихийн хажуугаар Social сүлжээ хүчээ авч бид бүгд үүнд улам л татагдан өдөр тутмын хэрэглээ болж байна, хэн дуртай нь хаа яваа газраасаа хүссэн хүндээ үгээ хэлдэг тийм л нийгэм сайн талаас нь харвал биднийг хүлээж байна, харин нэрээ нуугаад үгээ хэлдэг байх нь ямар хүнд ашигтай байхыг олж харахгүй л байна, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч хэлж ярьж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй байгаа тэр хүн үгээ хэлэхдээ өөрийгөө нуух шаардлага байдаггүй.

bvvmed

Aa neeree neree nuuh bas neg shaltgaan bol uuruu ergeed doromjluulahgui, shooluulahgui, evgui baidal orohgui baih gej bi boddiin. Hvn bur tugs bish. bid zarimdaa buruu zoruu oilgodog, yridag. Mongold tiimerhvv hvmvvs terneesee sanaa zovood busadtai haritsdaggui, tomchuud ni hural tsuglaan deer vg heldeggui, hvvhdvvd ni hicheel deer bagshid sanaagaa heldeggui baih ni elbeg. Getel ted chin ch gesen hvn tul heleh vh, sanaa baij l baigaa. Nergvi setgegdel ni ene bolomjiig hangaj ugch baigaa gej boddog. Yur ni minii nileen bolovsroltoi, ardchilsan vzeltei hvn gej bodoj yavdag Ta yagaad nergui ugee helehiig tiim ih uzen yadaad baigaag oilgohgui l suuj bna shvv.

bvvmed

Facebook-iin huvid bi heden ch heregledeggui hudlaa nertei email ashiglaad heden ch udaa burtguulj boldog yum shvv dee. Skandinaviin ornuuudad amidardag baisan bol bi neree nuuhgui. Mongol chin daranguilliin zasaglaltai oron shvv deee vnendee bol. Tegeed ch bid ungachaad neree zaaval heleh albagui baidag biz dee. Tegvel chin vnen setgegdelee helne gedeg chin ungah dainii l yum shvv dee. Jaahan umhii gehdee hor holbogdol bagatai.

Nick

Ene chini bas l hunii niigemiin engiin uzegdel uchiraas neeh horiod demii boluu gej bodoj bn. Yamar ch niigemd iim turliin ulsuud baisaar baina. Tiimees ter humuusiin stressee tailj busdiig gutgej mataj hanamj avah oron zaig ni bas bailgah heregtei baihaa tegehgui bol ter humuus niigemd buur ch gai boloh humuus boloh magadlaltai gej bodjiine. Humuus bolovsrood ireheeree ayandaa ene asuudal tsegtsreh baihaa. Er ni neg baidal ilt ajiglagddag ehleed humuus muulsan setgegdel baival tuvtan muulsan esvel tuj magtsan geh met. Setgegdel uldeej bgaa humuus bas tuilshramhai yum shig bgaan end shuumj yavj bn geed magtah gej baisan hun shiimj bichih ch yumuu. Bi bol yag ooriinhoo setgegdeliig uldeehiig l chuhalchildag. gehdee medeej 99.9%. Zarimdaa minii sanal ch neh chuhal bish sanagdah baih doo ened gesen uyedee bol shuud l yamar ch hamaagui ner tavichih uye bol baidag kkk

Deppsu

Миний бодлоор мэдээний сайтуудад үлдээдэг сэтгэгдлийг захиалгат хүмүүс бичдэг юм шиг санагддаг. Хүмүүсийг өдөөсөн, турхирсан, доромжилсон. Майл хаягаа заавал бичиж байна гэж хуульчлах нь ч хаашаа юм, соёлжуулах л хэрэгтэй байх даа. Анзаараад байх нь ээ манайхан хуульчлах гэдэг үгэнд их дургүй болоод байгаа ч юм шиг. Ялангуяа интернэттэй холбоотой бол бүр ч дургүйцэж хүлээж авдаг.

Enkhbat

Хариулт янз бур байсан. Би агуулгаар нь хоёр булэг болгосон юм.

Энэ бол хийх хэрэгтэй юу бус харин яаж хийх вэ гэсэн сэдэв.

И-мэйл бол албан ёсны нэр хаяг биш боловч нэтийн хаяг мен. Мэдээж ямар ч хун хэд хэдэн мэйл уусгэж болох ч ийм алхмаар энэ соёлыг эхлэх боломжтой.

Одоохондоо мэйл хаяг л боломжтой байх. Ирээдуйд Social media ID, OpenID зэрэгт аажмаар шилжих болов уу

Amarbat Pashka

Твиттерээр явуулсан таны асуулгыг санаж байна. Гэхдээ хүмүүс таны энд бичсэн шиг яг 2 хуваагдаагүй, харин ч хүмүүсийн дийлэнх нь "имэйл бичлээ гээд тэр чинь identification болж чадах уу" гэж асуусан байсан. Ө.х ямар нэг хуурамч хаягийг, эсвэл найзынхаа хаягийг, эсвэл хэзээ ч шагайж үздэггүй имэйл хаяг биччихвэл анином бичсэнээс ямар ч ялгаагүй шүү дээ гэсэн байсан. Би бас энэ талд нь зогсож байгаа. Би хувьдаа хаа ч овог нэрээрээ бичдэг болохоор identify хийхийг огт эсэргүүцэхгүй, гэхдээ имэйл хаяг асууна гэдэг бол шийдэл биш, үр дүнгүй хүчин чармайлт, цагийн гарз болно гэж боддог.

Enkhbat

All comments are moderated: Миний блогт сэтгэгдэл шууд ордоггуй. Хараал хэлсэн, хувь хунийг доромжилсон сэтгэгдлуудийг би оруулдаггуй.

Өртөөчин хүү

Нет - ээр хэсч байхад зөв зүйтэй ярьж байгаа нэг нь нэрээ огт нуулгүйгээр ил тодоор мейл хаягаа оруулсан байдаг бол харин хэн нэгнийг доромжилж, муулж, гутааж буй нөхдүүд нь нэрээ anonymous - аар тавьсан байдаг нь тод жишээ буйз аа.

Account Deleted

Ойрын ирээдүйд Монголын веб сайтууд бүгд ямар нэг нийгмийн сүлжээний хаягаар сэтгэгдэл бичдэг болгох байх аа. Нийгмийн болон технологийн хөгжил нь өөрөө үүнийг шаардаад байх шиг байна. Харин хэзээнээс орж ирэх нь дэлхий нийттэй хэр зэрэг хөл нийлүүлэн алхах, мэдлэг олж авах чадвар зэргээс шалтгаалах болов уу.

Зочин

Таны блог ч бас аноним сэтгэгдэл дэмждэг юм байна шд.

The comments to this entry are closed.