Монголын анхны блог … 40000 жилийн настай
Монгол нутгийн дуусашгүй их баялаг

Атомщикуудтай маргах нь

Бичихгүй бол болохгүй нь ээ. Эргэн тойронд бүгд л уран, цөмийн хаягдал, цөмийн түлш, Атомын цахилгаан станцын (АЦС) тухай яриад, бичээд байхад …

Нэг хэсэг бид бүгдээрээ л алт-чин, зэс-чин, нүүрс-чин болцгоосон. Одоо цөмөөрөө уран-чин буюу атом-чин, оросуудын хэлдгээр, атомщикууд болж эхэллээ.

Би өөрөө инженер хүн. Цөмийн физикийн анхан шатны ном уншсан гэсэн үг. Бас тэгээд дэлхийн ногоон намуудын бодлоготой танилцаж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж, хурал цуглаанд нэлээд суусан хүний хувьд энэ талаар овоо гайгүй мэдээлэлтэй болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймд зарим нэг дүгнэлтээ таньтай хуваалцая гэж бодлоо.

Дэлхийн олон оронд, ялангуяа Ногоон нам нь хүч нөлөөтэй улс орнуудад АЦС-ыг аажмаар халах бодлого баримталсаар ирсэн. Саяхны Фукушимагийн хэрэг явдлын дараагаас, олон орны либерал болон консерватив улс төрчид ч мөн адил цөмийн технологийн ирээдүйд нэлээд эргэлзэх болсон гэдгийг та лав сайн мэдэх байх.

Тэдгээр орнуудын олон нийт АЦС-ын талаар сайн мэдэх болж, Интернэтээр ч их маргалдаж, хэрэв бид хүсвэл тэр маргаанд нь идэвхтэй оролцож, холбогдох мэдээ материалыг хангалттай хэмжээгээр олж үзэх боломж бүрджээ.

Дэлхий даяар АЦС-ын ирээдүй, түүнийг дагах эрсдэлийн тухай санаа зовж эхэллээ.

Харин Монголд байдлыг өөрөөр тайлбарласан компанит ажил эхлээд байна. Сүүлийн үед манай сонин, ТВ-ээр зарим улс төрчид, төрийн албан хаагчид, бизнесийнхэн өөрсдийн ашиг сонирхлоо олон түмнээр хүлээн зөвшөөрүүлэх гэж цөмийн хаягдал, АЦС-ыг огт аюулгүй, эрсдэлгүй, хөгжлийн ганц зөв зам гэж илт худлаа ярих боллоо.

Олон жишээ дурьдах шаардлагагүй байх. Өнгөрсөн хавар, 25-р суваг ТВ-ийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр манай улсын тусгай эрхт элчин сайд гэх нэгэн хатагтай “цөмийн түлшний хаягдлыг бараг л гараараа барьсан ч аюулгүй эд шүү дээ” хэмээн ярьж ширээ тойрон суусан биднийг төдийгүй телевиз үзэгчдийг ч гайхшируулж байж билээ.

Тэр хүн бол өөрөө цөмийн физикч хүн, цөмийн хаягдал нь өнөөдөртөө төдийгүй олон мянган жилдээ ч маш хүчтэй цацрагт туяа ялгаруулсаар байдаг, эргэн тойрныхоо амьтай бүхэнд маш аюултай зүйл гэдгийг сайн мэдэх хүн. Харин яагаад тэгэж ярих болов? Тэр хүний мэргэжлийн этик, улс орныхоо ирээдүйг ч үл тоон улаан цайм худлаа ярьж байхыг нь харахад цөмийн түлш, хаягдал, АЦС-ыг тойрсон ямар их ашиг сонирхол, том мөнгө, улс төр байгааг төвөггүй гадарлаж болно.

Хэрэв өндөр мэргэжлийн хүн ингэж ярьж болж байгаа юм бол энэ талаар огт мэдэхгүй шахам зарим сэтгүүлчид, улс төрчдийг ч юу гэх билээ дээ.

Худлаа ярих энэ компанит ажилд саад хийе, үүний тулд би ч бас атомщик болчих нь тийм ч буруу зүйл биш юм байна гэж үзээд энэ маргаанд оролцохоор шийдлээ. Тэгээд нэг их нуршилгүйгээр, би өөрөө яагаад Монголд АЦС барихын эсрэг байгаагаа товчхоон өгүүлье.

Би Монголд АЦС барихын эсрэг байдаг. Яагаад гэвэл:

1) АЦС маш том эрсдэл дагуулдаг

АЦС нэг “гацвал” асар уудам нутгийг аймшигтай хордуулж, хэдэн арван жил хүн мал амьдрах нөхцөлгүй болгодог гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь ямар ч сайн техник гацаж болно. Гадны нөлөөнөөс ч болж болно. Бид хэзээ газар хөдлөхийг, нэг террорист нөхрийн толгойд ямар бодол орж ирэхийг, байгалийн гэнэтийн гамшиг хаанаас ирэхийг урьдчилан мэдэхгүй. Байгалийн гамшиг тохиох нь ямар ч улс орны хэрээс хэтэрсэн асуудал шүү дээ. АЦС-ыг бид хянаад, цагт нь сайн засаад, ажиллуулаад байж чаддаг юмаа гэхэд гэнэт ирэх гамшгийг бид хянаж чадахгүй.

Тиймд асуудал АЦС-даа ч биш, харин түүнийг дагах том эрсдэлд бий.

Хэрэв бид сүйрлийн эрсдлийг огт хянаж чадахгүй, тийм боломж бидэнд байхгүй бол тэр эрсдэлтэй зууралдах хэрэггүй. Түүнээс холуур явах хэрэгтэй.

Герман, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй орнуудын АЦС-аас татгалзаж буй нэг гол үндэслэл нь хүн өөрөө байгалийн том эрсдлийг хянаж чадахгүй гэдэгт байдаг.

Тийм ээ, АЦС-ыг улс орнууд ашигласаар байгаа. Гэхдээ тэд одоо, хянах боломжгүй том эрсдэлтэй үргэлж хамт амьдарч байгаа гэдгээ сайн мэддэг болоод байна.

2) “Дэлбэрч” баллах эд зүйлс хэрэглэхийг би хүсэхгүй байна

Үзэж суутал гэнэт шатдаг телевизор, эсвэл ярьж байтал чихэн дээр чинь тэсэрдэг гар утас, эсвэл унаж явтал өөрөө салаад уначихдаг тийм машиныг та худалдаж авах уу? Мэдээж үгүй байх. Би ч бас адил. Тэгвэл яагаад бид гэнэтийн сүйрэл дагуулж болох АЦС-ыг худалдан авч болно гэж?

Хэдий тийм ч олон газарт АЦС зүгээр л ажиллаад байгаа шүү дээ гэж зарим хүн хэлэх байх. Тэгвэл нэг тооцоо хийгээд үзье.

Телевизор $200, утас $300 -ын үнэтэй байж болно. Харин тэр барааг дагаж ирэх эрсдэл нь хэдэн мянган доллар, тэр бүү хэл таны аминд хүрэх магадлалтай бол яахав? За за, аминд хүрэхээ байя гэхэд, лав $200 үнэтэй бараанд $200.000 өртөгтэй эрсдэл дагаж ирдэг бол тийм барааг би л лав худалдаж авахгүй.

Чернобылийн АЦС-ыг барихад, өнөөгийн үнэлгээгээр, нийт 4 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг. Харин түүний ослоос болж Украйн улс нийтдээ 180 тэрбум (!) ам.долларын хохирол үзжээ. Өнөөгийн байдлаар ослын хор уршгийг арилгахад Украин улс 25 жилийн туршид (!) улcын төсвийнхөө 10% тогтмол зарцуулж иржээ. Өмнө нь ЗХУ асар ихийг зарцуулсан бөгөөд тэр тооцоог нууцалсан хэвээр байна.

Монголд Чернобыль давтагдана гэх гээгүй ч бид 4 тэрбум долларын АЦС-ын нийт үнэлгээнд түүний 100 тэрбум долларын эрсдлийг оруулж тооцох нь зүй. Ядахдаа осол гарвал даах чадвартай байхын тулд.

Дэлхийн хамгийн баян, технологийн асар их чадавхитай орнуудын нэг Япон улс ямар их сандарч байж хямралыг туулж байна. Тэд хэдийг зарцуулж байгааг би мэдэхгүй. Гэхдээ олон арван тэрбум доллар гэдэг нь ойлгомжтой.

Бид ч бас тооцоо хийж болно л доо. Харин тийм явдал болбол Монголын уул уурхайн олон жилийн бүх орлого ч түүнд хүрэхгүй байх болов уу.

Тэгээд ч бид, ердөө нэг цахилгаан гаргадаг станцтай болохын тулд улс орноороо дэнчин тавьсан ийм замаар явах хэрэгтэй гэж үү.

3) АЦС маш их ус хэрэглэдэг

АЦС-ын хөргөлтийн систем нүүрснийхээс бараг 2 дахин их ус хэрэглэдэг. АЦС 1MW цахилгаан үйлдвэрлэхэд жилд дунджаар 27 сая литр ус хэрэглэж, 24 сая литр усыг уур болгон алдана. Энэ нь 1GW АЦС (Манай 4-р ЦС-ын хүчин чадал 0.6GW) жилд 27 сая куб.м ус хэрэглэж, 24 сая куб.м ус зарцуулна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны жилийн нийт хэрэглээ нь 77 сая куб метр байна. Шинээр байгуулагдах АЦС өнөөгийн Улаанбаатарын усны нийт хэрэглээний 1/3-ийг хэрэглэж, бараг бүгдийг нь уур болгон буцалтгүй алдах нь ээ. Туул гол өнөөдөр Улаанбаатарын хэрэгцээг хангаж чадахгүй болоод байгаа. Тэгвэл энэ хэрэглээг Монголын ямар гол мөрөн усаар хангаж чадах бол?

АЦС-д ус дутвал яадаг билээ? Үүнийг бид Фукушимагаас сайн ойлгож авсан.

Тиймд Монголд АЦС барьвал түүнийг Сэлэнгэ мөрний л ойролцоо барих хэрэгтэй болох байх. Харин Сэлэнгэ бол дэлхий цэвэр усны хамгийн том нөөц Байгаль далайг тэтгэдэг гол эх үүсвэр.

Бид өөрт учрах эрсдлээ тоодоггүй юмаа гэхэд асуудлыг дэндүү сайн мэддэг оросууд бидний өмнөөс тэр эрсдлийг маань хариуцах юм болов уу. Үгүй л байх. Тэгвэл бид Байгаль нуурыг хамгаалах бүх арга хэмжээг авч чадах болов уу?

Үнэндээ энэ бол зөвхөн Сэлэнгэ, Байгалийн тухай яриа ч биш. АЦС-ыг хаана ч барьсан Монголын олон гол мөрөн, нуур, гүний усны нөөц ийм эрсдэлд орно.

4) АЦС-ын хамгаалалтын дэд бүтэц маш өндөр зардалтай

АЦС-ын өөрийнх нь үйл ажиллагааны зардлыг ярихаа больё. Цахилгаан гаргах өртгийг ч орхиё.

Манайд нэг байна уу, арван АЦС байна уу гэдгээс үл хамаарч цөмийн аюулын үед ажиллаж чадах хүчирхэг дэд бүтэц байх хэрэгтэй болно. Япончууд яаж сандарч байна? Тиймд бид тэднээс дутахгүй байх хэрэгтэй болно. Цөмийн технологийн инженерүүд, цацрагийн, галын, химийн алба гэх мэтчилэн олон зуун хүн, асар үнэтэй техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах хэрэгтэй.

Өндөр мэргэжилтэй, мэдлэгтэй олон зуун ажилтныг бэлтгэж, супер техникээр хангаад … улс орноо хөгжүүлээд … гэж их ярьдаг л даа. Та тэгэхэд нь тэгвэл Улсын онцгой байдлын албандаа, ойн түймэр унтраагч хэдэн залуустаа эхлээд олигтойхон хэдэн хувцас, багаж, техник аваад өгчих л дөө гэвэл бололцоо байхгүй л гэх байх. Мөрөөдөх бол нэг хэрэг, харин хийх бол чадавхийн бодит хэмжүүр гэж энэ бус уу.

Бид үнэхээр Япон шиг, Орос шиг цөмийн хамгаалалтын өөрийн дэд бүтэцтэй болж болно. Гэхдээ зардлыг нь төлөх хэрэгтэй дээ …

5) Бидэнд өөр сонголт бий

Магадгүй энэ бол АЦС-ыг сонгохгүй байх миний хамгийн гол шалтгаан байх.

Бидэнд цахилгаан эрчим хүч хэрэгтэй учраас л бүгдээрээ АЦС гээд маргаад байгаа шүү дээ. Тэгвэл цахилгаан гаргах өөр олон сайн сонголт бидэнд бий.

Нүүрснээс хийн түлш гаргая … бохирдолгүй ЦС ажиллуулья … гэх мэтээр ирээдүйтэй олон арга замыг бид ярилцаж болно. Тэдний ихэнх нь АЦС-аас хямд, байгаль дэлхийд, хүний амьдралд бага эрсдэлтэй технологиуд байдаг.

Цаашилбал, тэднээс ч дэвшилттэй шинэ технологиуд өнөөдөр бий болоод байна.

Би байгаль дэлхий, хүний амьдралд огт аюулгүй сэргээгдэх эрчим хүчний технологид итгэдэг. Хэрэв та энэ салбарын хөгжлийг ажиглан хардаг бол 5 жилийн дараанаас нарны эрчим хүчний өөрийн өртөг АЦС бүү хэл, нүүрсний ЦС-аас хямд болох хандлага байгааг олж харж байгаа байх.

Монгол бол нар, салхины орон. Дэлхийн говь цөлүүдэд тусч байгаа нарны энергийг ердөө 6 цагийн турш л хүлээн авч цахилгаан болгож чадвал өнөөгийн хүн төрөлхтөний бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцээтэй гэсэн тооцоо байдаг. Жишээ нь, Фукушимагийн дараа Япон улс нарны ЦС байгуулахыг маш их анхаарч эхэлсэн ч нарны хавтангууд байрлуулах газар ховор байна гэж бичиж байна. Харин Монголд бол?

Монголын “эрчим хүчний” нар, салхины нөөцийг ашиглан өнөөгийн Хятад улсыг ч цахилгаанаар бүрэн хангах бололцоотой гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг.

Монгол бол өргөн уудам нутагтай, том хэрэглэгч цөөтэй, төвлөрсөн цахилгаан дулааны систем нэг их тохиромжтой газар биш. Уул уурхайн гол ордууд нь ихэнхдээ нүүрсний ордууддаа ойр байрладаг. Мөн усны нөөц маш багатай.

Бид нар, салхины нөөцдөө тулгуурлан, магадгүй Өвөр Монголтой хамтран Их Говьдоо Desertec маягийн төсөл хэрэгжүүлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний том төв болох ирээдүй ч харагдаад байна даа. Энэ бүгдийг одоо л бодож эхлэх цаг болсон.

Өнөөдөр, өндөр хөгжилтэй, цахилгааны асар их хэрэгцээтэй Герман, Швейцарь зэрэг олон улс орнууд өөрийн эрчим хүчний ирээдүйгээ АЦС-гүйгээр харж байна. Тэд энэ бүх технологийг хэрэглэж, их мэдлэг, туршлага хуримтлуулж, түүндээ түшиглэн хөгжлийн дараагийн алхмаа - сэргээгдэх эрчим хүчийг - сонгож байна.

Бид ч бас тэр зүг рүү явья.

6) …

АЦС-ын санааг дэмжихгүй байх бусад олон шалтгаанийг би хэлж чадна. Гэхдээ энэ удаадаа үүгээр дуусгая.

Төгсгөлд нь нэмж хэлэхэд, би цөмийн физикийн хөгжлийг биширдэг, түүнийг бүтээж буй хүмүүсийг хүндэлдэг. Мөн АЦС бол шинжлэх ухаан технологийн гайхамшигтай нэгэн бүтээл гэж боддог. Ирээдүйд хүн төрөлхтөн цөмийн дотоод хүчийг ашиглан ихийг бүтээх нь гарцаагүй.

Түүхийн туршид хүмүүс олон сайхан шинэ технологийг бүтээж, тэр бүгд нь өөрийн цаг үедээ хэрэглэгдэж, халагдан солигдсоор ирсэн байдаг билээ. Өнөөгийн улс орнууд ч өмнөх үеийн бүх ололтоос сурч, сургамж авч, эрчим хүчний хөгжлийн шинэ замаа тодорхойлж байна.

Тэд байгаль дэлхийдээ ээлтэй, амьдралд аюулгүй, сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна.

Comments

DShagai

Сайн байна уу? та

.... Мөн АЦС бол шинжлэх ухаан технологийн гайхамшигтай нэгэн бүтээл гэж боддог. Ирээдүйд хүн төрөлхтөн цөмийн дотоод хүчийг ашиглан ихийг бүтээх нь гарцаагүй....

Та өөрөө ингэж үздэг. Энэ талаар ойлгож байгаа мөтрлөө энэ их хөгжил, дэвшилээс хоцроод өгөөчээ гэж ярих нь ойлгогдсонгүй. Таны хэлж байгаа сэргээгдэх эрчим хүч, НОГООН ТЕХНОЛОГИ нь бүгд ямар нэг байдлаар цөмийн технологи холбоотой болохыг, цөмийн шинжлэх ухаан бол хоцрогдож хаягдаж байгаа биш гэдгийг СИСТЕМ СУДЛААЧ та анхаарч үзээрэй.

Омун

Цөмийн хаягдал булах хэрэггүй + уран олборлох хэрэггүй + АЦС барих хэрэггүй = бүгд хэрэггүй.
Энхбат гишүүн ээ,
Танаас ураны уул уурхайн үйл ажиллагааг зогсоох талаар санаачлага гаргаач ээ гэж хүсмээр байна. Одоогоор 3 компани ТЭЗҮ гаргачихаад ашиглаж эхлэх гэж байна. Ураныг олборлохоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хэрэгтэй.

Уран олборлоход бас л цацрагтай тоосонцор агаараар тархаж мал амьтан хордох ба тэдгээрийн мах сүүг УБ-чууд хэрэглэсэнээр бүгд цацрагаар хордож хавдраар өвчилцгөөх аюул бодитой байна.

Нөгөөтэйгүүр, уран олборлож түлш хийлгээд тэрийгээ гадаад улсад өгсөн ч эргээд гарсан цөмийн хаягдлыг нь манайх буцааж авах болов уу. Тэгвэл тэр хаягдлаа бид хаана булах вэ? Дотоодын эх үүсвэртэй хаягдал хоргүй гэж манай Ерөнхийлөгч арай бодоогүй байлтай.

Мөн өөрсдөө АЦС барина гэвэл бас л цөмийн хаягдал гарна. Тэрийг бас яах вэ? Ийм шалтгаануудаар дээр өгүүлсэн бүх асуудлыг цогцоор нь цэглэж зогсоомоор байна. Түлш авчихаад хаягдлыг нь буцааж өгөхгүй байдлаар гэрээ хийдэг орон байхгүй биз ээ. Тэрнээс гадна ашиглалтын процесс нь өөрөө хортой гэдэг шалтгаанаар ураны уул уурхайг түрдээ хойш нь тавибал яасан юм?

Омун

АЦС-ын үйл ажиллагаа нь, технологи нь аюултай биш, харин ямар нэгэн шалтгаанаар (газар хөдлөлт, хүний алдаа г.м) сүйрвэл бий болох үр дагавар нь маш их хохиролтой, аюултай учраас татгалзая гээд байхад Монголын хөгжлөөс хойш чангаах гэлээ гээд сүржигнээд байгаа хүмүүсийг юу гэлтэй билээ.

Монголд АЦС барих шаардлагагүй учраас Ураны ордуудаа ашиглахаа тодорхой биш хугацаагаар хойшлуулая. Уран олборлоход бас л цацрагтай тоосонцор агаараар тархаж газар, хүн амьтан хордуулна. Тэр уурхай байгаа газар ойрхон мал амьтны махыг хүнсэнд хэрэглэж цацрагаар хордох аюултай.

Ер нь тэгээд цөмийн хаягдал газар булахгүй гэж байгаа бол гадаадын эх үүсвэртэй эсвэл ``Монголд хийв`` гэсэн шошготой цөмийн хаягдлын хооронд ялгаа юу байна? Дотоодын гаралтай цөмийн хаягдал (өөрийн АЦС-аас гарсан, эсвэл Монголоос гадаад улс руу экспортлосон цөмийн түлшнээс гарсан) аюул хор байхгүй юм уу?

Тийм учраас уранаа ашиглахаа хойшлуулая, АЦС барихаа болъё, цөмийн хаягдалын агуулах ч барихыг хориглоё. Ингээд энэ бүхэнд цэг тавих хэрэгтэй. Хожим ирээдүй үе маань аюулгүй ашиглах технологитой болсон хойноо ухаж аваад хэрэглэнэ биз.

Энхбат гишүүнд хандаж хүсэхэд, ураны лиценз авсан компаниуд түрүүчээсээ ТЭЗҮ-ээ гаргаад ашиглаж эхлэх зөвшөөрөл хүсэж байгаа бололтой. Лав 3 компани ийм шатандаа орсон мэдээ байна. Эдгээр болон бусад компаниудын лицензийг цуцалж уран олборлохтой холбоотой үйл ажиллагааг зогсоох талаар санаачлага гаргаж ажиллаач ээ гэмээр байна. Нэгэнт ухаад эхэлбэл зогсоох хэцүү. Шаардлагатай бол ард иргэдийн саналыг авч эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэх хэрэгтэй санагдана.

B. Jamts

Монголын сэхээтнүүдийн соруудын нэг Б. Болдсайхан эмчийн бичсэн YES NUCLEAR NO ARGAL POWER гэсэн юмыг уншчихаад толгойны тал нилээд норчихоод эргэлзэсхийгээд байж байтал ашгүй ийм сайхан юм тааралдаж уншлаа. Үндэслэлтэй их сайхан бичсэн байна. Их баярлалаа. Д. Энхбат гишүүн ээ. Ийм чухал хөдөлмөр хийсний тань төлөө.
Тэр Финляндын Онкало арлын Цөмийн хаягдлын агуулахын тухай бичсэн Мига гэдэг эрхэмд ч бас талархснаа илэрхийлье. Дахин дахин гаргамаар баримтат кино билээ. Би ч бас баярласан, тэр Монгол ТВ-гийнхэнд. Овоош дээ, тийм юм олоод гаргадаг.

Enkhbat

Судалгаанаас үзэхэд Монголын Их говийн салхины нөөц нь өнөөгийн Хятадын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 50%, харин нарны нөөц энэ хэрэгцээний бараг 100% тай тэнцүү гарч байна.

Их говийн салхийны нөөц нь Монголын салхины нийт нөөцийн тэн хагас юм.

Энэ талаар дараагийн блогоос үзээрэй.

ц.батхишиг

Сайн байна уу? Энхбатаа
Чиний бичсэн энэ ниийтлэлд би маш их талархалтай байна.
Хамгийн гол нь маш тодорхой баримтатай лав л ийм нийтлэл мөд хэн нэгэн бичэгүй байх.Цөмийн физикчид гомдомхүй байх маш их баярлалаа.

Engineer Bayar

Aan tiim, bas nuclear plant us heregledeg. Gehdee hereglene gedeg ni hereglesen usaa alga bolgochihno gesen ug bish shuudee. Ter chigeer ni butsaagaad tsever baidlaar ni baigaldaa uldeene gesen ug. UB hot tudun saya cube meter us hereglelee geed ternii nileed baga huvi n l butsaj tsevershuulegdej tull gol ruu niiluulegddeg bol Tsumiin stants bol barag 99%-g n tsevereer ni gargana. Horguurt zoriulj contaminated us hereledeg ch ne saa bainga heregleh bolohoor gadagshaa baigald gargana gesen ug bish. Ta engineer, deerees ni PhD hun baij iimerhuu baidlaar humuusiin tarhi ugaaj baigaa ni yos surtahuunii huvid tiimhen l yum.

Engineer Bayar

Minii bodloor hugjingui ornuud hurtel ene "nogoon" bolon "Global Warming" geh ugnuudiig ashiglaj, sudalgaa shinjilgee yarihdaa mash ih debate hiij baigaa haragdah yum. Ene talaar Yaponii terguuleh erdemted gehed l 30-70 huvi ni yamar negen togtson bair suuri, negdmel oigloltod hurj chadaagui, 10-d huvi n shal hudal hereggui zuil gesen bair suuritai, bas 10-20 huvi ni ireedui mun gesen bair suurinaas handaj baina. Getel tulgamdsan asuudaluud, yalanguya deed buttsiin tulgamdsan asuudal denduu olon Mongol ornii huvid tiim hugjingui ornii irged hurtel negdsen oilgoltod hureegui arga zamiig songoh ni her practical desicion baidgiin bol? Bidend uur yamar ch orond solution bolloo gej batlagdaagui songoltiig haij yavah tsag hugatsaa bii yu? Ta bol neg "ulsiig tsogtsloon bosgoh"(yaponoor bol kunizukuri gedeg buur nershil bdag) talaar noyon nuruutai yarih tuvshnii hun. Getel zugeer neg company-ii project-n talaar ch yum uu, esvel jijig sudlaachidiin helsen ugiig ug bolgood baij bolmoorgui sanagdana. (Unendee gadnii erdemten sudlaachid ch gesen bas bugd unenii tald baidgui, hudaldagdah tohioldol baidgiig nudeeree haraad l yavj baina)

Engineer gehed setgeleer unav

Ene huniig demjij baina. Ta ter deer tengeriin bairlalaas Mongoliig haraad baina. Ehleed bid nar hen be, haana baidag ve, yamar nuhtsuld baina ve gedgee yarih heregtei. Bid undru technology, nemuu urtug, ded butets yarihguigeer uragshilna gej baihgui. Delhiin yamar ch "nogoon" hugjingui oron negen tsag uyiig "bor"-oor tuulsan baidag. Technology-oo hugjuulj baij l nogoon bolson baidag. Daraa ni bugdeeree nogoon boltsgooyo, bi nogoon gej orildog yum. "Bor"-oos "nogoon"-ruu yavah zam ni zaaval technology-n hugjih yavtsiig dairch gardag. Uuruur helbel heseg hugatsaand orchnoo huren bailgah trade-off bdag ni bichigdeegui huuli. Harin ta yamar ch tiim trade-off baidaggui meteer bichih ni ih sonin baina. Yagaad Kyoto-n protocol-d USA, China negddeggui, Yagaad nuguu aihtar green technology yarij baisan Japan gazar hudlultuus hoish ene tal deer duugai bolchihov oo? Yagaad gevel hamgiin turuund ted "nogoon" gej yarihaasaa umnu ediin zasag, ded buttsiihee hugjil, energy-n hangamjiig urd ni zaaval tavidag. Neg heseg Japan ene buh asuudlaa shiidchihlee gej "bodoj" yavsan. Tegeed "nogoon" gej yarij ehelsen. Gevch odoo ene buhneesee butsaj baina. Ta uneheer l Mongolchuudiin "nogoon" amidrald sanaa zovdog bol yagaad odoogiin UB-n agaariin bohirdliin talaar yu ch yarihgui baigaa yum be? Barag Fukushima-n stants-s heden 10 dahin iluu hortoi nuhtsliig UB-n irgeded bii bolgood heden jil bolj bainashdee

arjuna

Chancellor Gerhard Schreder German heden on gehed biL ee tsum iin erchim huchnees buren tatgalzana gedeg ee zaralsan shd

tsum iin erchim huch hymd gedeg mash tashaa oilgolt yom bnlee harin sanal neg esregeeree mash unetei

Enkhbat

Тооцоо судалгааны авторуудтай нь холбоо барьж, тэдний зөвшөөрөлтэйгээр зохих мэдээллийг нэмж бичнээ

Enkhbat

Орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, удирдлага гээд БҮХ салбарт мэдээллийн технологи их өргөн хэрэглэгддэг гэдгийг та өөрөө сайн мэдэж байгаа. Тиймд АЦС бариагүйгээс болоод мэдээллийн технологийн салбар ямар нэгэн хэмжээгээр хохирно гэж би огт бодохгүй байна. Харин ч НОГООН технологи бол мэдлэгийг улам их шаарддаг. ХҮРЭН технологийг НОГООН болгож өөрчилөхөд улам илүү мэдлэг, ш/у шаардана

Enkhbat

Энэ талаар бид бүгдээрээ л судалж, маргалдаж дөнгөж эхэлж байна. Тиймд энэ маргаанд удахгүй эрдэмтэд, мэргэжилтнүүд татагдан ороосой, илүү их факт, судалгааний баримтуудыг гаргаж тавиасай гэж хүсэж байна. Энэ чиглэд ажилладаг мэргэжлийн улсууд, эрдэмтэд асуудлийг олон нийттэй ярилцаж эхэлбэл олон зүйл цэгцэрч эхлэх байлгүй дээ

Enkhbat

:)

tuvshin

"Монголын “эрчим хүчний” салхины нөөцийг ашиглан өнөөгийн Хятад улсыг ч цахилгаанаар бүрэн хангах бололцоотой гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг." Энэ тооцооны эх сурвалжыг хэлж өгнө үү
http://baatarhuyag.niitlelch.mn/content/3369.shtml дээр нийтлэлч Баатархуяг ингэж бичсэн байна.
"Нарлаг Монгол орон гэж магтдаг нь үүл багатай, өөрөөр хэлбэл хур тунадас бага ордог гэсэн үг. Энэ магтаал усан цахилгаан станцын тухай бодолтгүй л гэсэн “хараал”. Хэрэв тийм бол нарын эрчим хүчийг ашиглах боломж бий юм биш үү? гэсэн асуулт гарч ирж байна. Ашиглах нь ашиглаж байна аа, нарны эх үүсвэрээс жилдээ 0,25 мВт цахилгаан гаргаж авдаг юм байна. Нөгөө “Буман нарны гэрэл” ч билүү төслийн ололт энэ. Өөрөөр хэлбэл 100 000 нарны гэрэл тараасны цаасан дээрх үр дүнд итгэх юм бол энэ шүү дээ. Нарны эрчим хүч үйлдвэржилт хөгжилд нэмэр багатай. Зурагт үзэх, радио сонсох, зун төхөөрсөн хонины махаа хөлдөөгчид хадгалах, нөхөн үржихүйг хязгаарлах мэтэд бол болоод байгаа л даа. Ёстой нүүдэлчдэд зориулагдсан амиа аргацаасан л эд.

Цаана нь эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй тул салхины эрчим хүчийг ашиглаж болох авч хүн ам цөөтэй Монголын “томоохон” хотуудыг ч хангаж чадахгүйн дээр суурь хөрөнгө оруулалт ихтэй юм билээ. Тиймээс бас л яваагүй юм. Тэгээд одоо яана аа?" Энэ талаар таны бодол?
Би аль тооцоонд итгэх үү. Үүний тулд баттай эх сурвалж тавьбал шх баярлана.

bat

Ta engineer hun. Mongolyn IT sectort olon jil ajillasan. Odoo manai IT sector iamar tuvshind bna. Negch program buren bichchihgui, heden computer formatlasan, web ene ter hiih tuvshind l bna. Uildverleld nevterch baigaa programmuud, ondor tuvshnii orchind ajilladag humuus. outsource hiichih chadaltai mergejiltnuud bna u? Ih l olon jil iarilaa. End iu dutaad bna geheer ter IT sectort ajillaj bgaa humuusiin hiisniig shingeeh technologiin suuritai uildverlel mongold bhgui bna. Teriig ni ene tany shuumjleed bgaa humuus bii bolgoh geed zutgeed bgaa ium bish uu? Ene tal deer tany bodol iamar bdag ium bol?

Migo

Би таны блогт өмнө нь оруулсан сэтгэгдэлтэйгээ бараг ижлийг дахин бичлээ. Нурших гэсэн хэрэг биш, та болон биднээс хамаарахгүй ярих сэдэв маань давтагдаад байна л даа.

Саяхны нэгэн амралтын өдөр Үндэсний олон нийтийн ТВ-ээр Финляндын Онкало арал дээрх цөмийн хаягдал булшлах байгууламжийн талаар баримтат кино гарлаа. Ийм киног гаргачихсанд нь ТВ-ийнхэнд тун их баярласан шүү.
Нэгэн цагт яг таны өөдөөс харж байгаад "Тусгай үүрэгт элчин сайд гуай" ийм хадгалах байгууламжийн тухай ярьсныг санаж байна. Бараг л гараараа барьж болохоор ямар ч хоргүй зүйлсийг "юумыг яаж мэдэхэв" гээд газар доор хадгалж мөнгө олоод байна гэж.

Гэтэл уг баримтат киноны өгүүлж байгаагаар цөмийн хаягдал гээч юм маань бидний Монголчууд байтугай 60,000-100,000 жилийн дараах ирээдүйн иргэдийн ч толгойн өвчин хэвээрээ байх зүйл гэх юм. Бодоход тэр 60,000 жил нь багцаагаар миний 1000 дахь үр удмынханд хандсан асуудал байна. Бид ингэхэд хэдэн үеэ мэддэг юм бол?

Хэдийгээр АЦС ярьж байхад цөмийн хаягдал ямар хамаа байна гэж болох хэдий ч хаягдалгүй станц гэж байхгүй нь тодорхой. Тэр хаягдал нь л ийм айхтар асуудалтай зүйл байхад станцын тухай бол ярих ч арга алга.

Өдрийн сонин ойрхоны нэгэн дугаартай бодвол "Хадаас" Баатархуяг бичээ юм уу, манайд эрчим хүчний бусад эх үүсвэр боломжгүй ашиггүй ганцхан АТОМ л бидний аврал маягтай зүйл бичсэн байх юм. Нүүрсний ЦС-ыг усгүй гэдэг шалтгаанаар үгүйсгэж байгаа мөртөө атомыг дэмжээд байгааг юу гэж ойлгох вэ? Би бодохдоо АЦС нь илүү их ус хэрэглэдэг гэж ойлгосон. Таны энэхүү бичлэгт ч тийм л байх шиг. Мэдсэн ч мэдээгүй царайлаад ийм "төлбөртэй МЕДИА"-р тархи угаах санаатай нөхдийг яах ёстой ч юм.

Анхаа

Тэр антиматер энэ тэр гээд шинэ эрчим хүчний эх үүсвэр байж болох зүйлийн талаар нилээд дээр үед сонсож байсан тэр одоо юу болсон юм болоо. Угааса энэ АЦС чинь том орнуудын толгойны өвчин болчоод байгаа биздээ, энэ гайгаас яаж салах вэ гээл.

Red Alert гэж тоглоом байдаг юм. Хоорондоо байлддаг. Тэнд хэрвээ би хөгжил муутай бол АЦС барь болдоггүй юм. Учир нь түүнийгээ хамгаалж чаддаггүй, хамгаалж чадахгүй устгуулчихвал нүдэндээ хуруугаа хийлээ л гэсэн үг болдог. Энэ энгийн л тоглоом гэхдээ энийг уг тоглоомыг тоглодог 5-р ангийн хүүхэд ч мэднэ дэ.

The comments to this entry are closed.