Өнөөдөр – Монголын Интернэтийн 15 жилийн ойн өдөр
The History of Social Networking

Д.Энхбат: Интернэт бол бидний маш том санах ой

Өдрийн сонин, 2011.01.17

Монголд интернэт нэвтэрсэний 15 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн  Д.Энхбаттай ярилцпаа. 1996 он буюу интернэтийг анх нэвтрүүлж байсан үеийг эргэн дурссан тэмдэглэлүүд түүний блог (www.Еnкhbat.mn)-т цөөнгүй бий. Тиймээс энэ удаад Монголын интернэтийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар хөндөн ярилцсаныг хүргэж байна. 

- Танд болон энэхүү ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож явсан танай хамт олонд баярын мэнд хүргэе. Монголын интернэтийн хөгжил, өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнэвэл? Таны бодлоор зөв хөгжиж чадаж байна уу?

- Баярлалаа. Энэ бол зөвхөн нэг компанийн баяр биш юм. Нийт мэдээллийн технологийн салбарынхан болон интернэт хэрэглэгч нийт иргэд, шинэ цагийн монголчуудын баяр. Тиймээс интернэт хэрэглэгчдэдээ танай сониноор дамжуулан баярын мэнд хүргэе. Хэд  хоногийн өмнө миний блогт  нэгэн аймгийн төвөөс Сайхнаа гэдэг залуу сэтгэгдлээ бичсэн байсан. "Интернэт хот хөдөөд дэндүү ялгаатай байна. Учир нь манай аймгийн төвд 128 Кbрs-ын хурдтай интернэт тавиулахад сард 22,000 төгрөг төлдөг. Гэхдээ яахав дээ, чамлахаар чанга атга гэгчээр болж л байна" гэж. Тэр залууд би хариу бичсэн л дээ. "15 жилийн өмнө Монголын бүх шугамын хүчин чадал 128 Кbрs байсан. Харин үнэд нь бид 10 орчим мянган доллар төлдөг байсан. Өнөөдөр Монгол улсад интернэтийг мэдэхгүй хүн бараг байхгүй, хүрэх бололцоогүй газар ч гэж үгүй болсон. Хотын гэр холоолол ч интернэтэд утасгүйгээр холбогддог болж, олон сумд ч интернэттэй боллоо. Хүүхэд, залуучуудын амьдралд интернэт яг л хананд байгаа 220 вт, крантны ус шиг л ердийн хэрэглээ болж хувирсан. Интернэт дэлхийн бух улсад яг л ийм байдалтай байна. Харин бидний олзуурхууштай зүйл нь Монгол Улс эдгээр орнуудтай яг л энэ зэрэгцэн явж байгаа явдал юм. Харин интернэтийн    технологийг бизнесийнхэн, төрийн байгууллагууд хэрхэн ашиглах вэ, social network  буюу нийгмийн сүлжээнүүдийг хэрхэн байгуулах, агуулгын тал дээр хэр зэрэг явж байна, онлайн сургалт, эмнэлэг ямар байна гэдгээрээ бусад орнуудаас харьцангуй хоцрогдож байгаа.

 - Монголын интернэтийн 10 жилийн ирээдүйг та хэрхэн харж байна? Дэлхийн жишигт нийцсэн, зөв замаар хөгжихөд тулгамдсан асуудал байна уу?
Дэлхийд интернэтийг дагаад маш өвөрмөц өөрчлөлтүүд явагдаж байна. Би жилийн өмнө Малайз улсад Азийн орнуудын "Интернэт ба улстөр" гэдэг хуралд суусан. Уг хурлын үеэр Faсеbоок сүлжээ 500 сая хэрэглэгчтэй боллоо. Fасеbоок-ээр хүмүүс найз нөхөдтэйгээ өдөр тутам харьцаж байна, мөн хувийн бүх мэдээлэл нь байна. Тэр байтугай наймаа, харилцаа нь байна. Төлбөр тооцоо нь хүртэл интернэтээр хийгдэж байна" гэдэг асуудал яригдаж байлаа. Хятадын нэгэн том судлаач асууж байсан. "Fасеbоок дээр байгаа Хятадын хэрэглэгчийн тоо 50 саяд хүрлээ. Эдгээр хүмүүс нийгмийн харилцааныхаа ихэнхийг Fаcebоок-ээр дамжуулан хийж байна. Өөрөөр хэлбэл харилцаа Хятад улс дотор хийгдэхгүй байна. Энэ хүн Хятад улсын иргэн үү, Fасеbоок-ын иргэн үү?" гэж. Fасеbоок гэж хил хязгааргүй боловч 500 сая хүнийг нэгтгэсэн нийгэмлэг үүсгэчихлээ, Жишээ нь, Хятадын цагдаагийн газар Fасеbоок дээр яаж хууль мөрдүүлэх вэ? гэдэгт санаа зовж байна. Мэдээж, Fасеbоок дээр хятадын хуулиар ажиллах боломжгүй. Яг үүнтэй адил Fасеbоок дээр монголын олон мянган залуучууд байна. Тэдний харилцаа, бүх зүйлс ойрын 10 жилд Fасеbоок дээр явна. Тэд дүүрэг дээр, хороон дээр очихгүй. Тэр байтугай төр засагтайгаа харьцахгүй. Тэгэхээр тэр хүн Монгол Улсын иргэн үү Fасеbоок- ын иргэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Өмнө нь газар нутаг, хил хязгаараар улс орон үүсдэг байсан бол одоо виртуал буюу интернэтийн орон зайд хүмүүсийн шинэ нийгэмлэгүүд үүсч эхэлж байна. Энэ нь цаашаа хаашаа явах вэ? гэдэг их сонин асуулт гарч ирнэ. Эндээс харахад өнөөдрийн бидний нийгмийн, хууль эрх зүйн, бизнесийн орчин интернэтийн хөгжлөөс хоцроод эхэллээ. Үүнийг Монголчууд бид одооноос харж анхаарал хандуулах ёстой.

- Энэхүү интернэтийн орон зай дахь шинэ "нийгэмлэг”-үүд нь манайх шиг цөөн хүн амтай улсад сөрөг нөлөөтэй юу?

- Өнөөдөр манай олон залуучуудын ярьдаг хэл нь англи хэл болж, сонсдог хөгжим, үздэг хардаг зүйлс нь гадаадынх болж хувирч байна. Түүнчлэн найз нөхөд нь хүртэл гадаадад байх болж байна. Тэгэхээр монгол хуний амьдардаг орон зай нь Монголын нутаг дэвсгэр дээр боловч бүх оюун ухаан нь Монголд биш гадаадад шилжиж байна. Үүнийг яаж Монгол болгох вэ? гэдэг өнөөдөр Монголын төрийн маш том асуулт. Энэ чинь од гаригийн таталцлын хуультай яг адилхан. Гариг хичнээн том байна жижиг гаригууд түүнд ихээр татагддаг. Өнөөдөр хүн дэлхийн таталцлын хүчээр дэлхийд наалдаж явдаг. Яг үүнтэй адилаар мэдлэг, чадвар соёл урлаг хүнийг татаж байдаг. Зөвхөн нэг хэлтэй, нэг газар нутагтай, нэг үзэл бодолтой, нэг гентэй улсууд өмнө нь улс уүсгэдэг байсан нь больж. Америк аль хэдийн тийм биш болсон. Олон үндэстэнтэй. Удахгүй хил хамаагүй болох гээд байна шүү дээ. Ингээд бодохоор Монголын улс төрийн, бизнесийн бодлого интернэтээс хамааран өвөрмөц шинэ байдалд орно гэдэг нь харагдаж байна.
Америк шиг том орнууд интернэтээр дамжуулаад дэлхийн бүх хүнийг өөртөө татаж чадаж байна. Хамгийн хөдөлгөөнтэй, сэргэлэн, чадвартай магадгүй хамгийн мөнгөтэйг нь татсаар байна. Бид соронзон шиг бүгд татагдаад дуусахгүйн тулд хүндийн төвийг хэрхэн Монголд бий болгох вэ? Хамгийн гол нь Монголын интернэтэд Монголд хэрэгтэй бүхий л юмыг бий олгох ёстой. Энэ л Монголын интернэтийн хамгийн тулгамдсан бөгөөд хэцүү зорилт л доо.


- Интернэт гэхээр мэдээлэл хайж олж авах гэсэн ерөнхий ойлголт байгаад байдаг. Ер нь мэдээллийн технологи нийгэмд ямар үүрэгтэй юм бэ?

- Өнөөдөр Монголын бүх хүн мэднэ дээ. Гаалиар бараа зөөдөг бизнесмэнүүд бол маш сайн мэдэж байгаа. Хил гаалиар нэвтрэх бүрт шалгана. Тэр хүнийг шалгахгүй ч байх боломж бий. Тэр хүн 10 жил татвараа сайн төлж байсан, өмнө нь гаалиар хэл амгүй явдаг байсан, товчоор хэлбэл шударга иргэн гэж мэдэж байвал тэр хүнийг шалгах ямар ч шаардлага байхгүй. Татварын шалгалт хийж байх хэрэггүй. Тэр хүн өөрөө төлөөд л явчихна. Яагаад бид  хүн болгоныг байнга шалгаад байна. Өнөөдөр Монголын хилээр жилд 300,000 хүн орж гарч байна. Бүгдийг шалгахыг оролддог.

Үүний гол учир нь бид тэр хүний түүхийг мэддэггүй. Дурын иргэн цагдаагийн газар очиход, тэр хүн 10 жилийн өмнө ямар хүн байсан тухай мэдээлэл байдаггүй учраас хүн бүрийг бараг л гэмт хэрэгтэн шиг харддаг. Энэ юу гэсэн  үг вэ гэхээр нийгэмд санах ой байхгүй байна.
Энэ улс төрд ч хүртэл байгаа. Улс төрд байсан, хэдхэн жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн өнөөдөр гэртээ ажилгүй л сууж байгаа. Ерөнхийлөгч хийж байсан хүн бараг мартагдчихсан. Энэ нь бидний нийгэмд нэг удаагийн буюу санах ойгүй байна гэдгийг харуулж байна. Одоо бид хилээр орж ирсэн хятадуудыг алдчихлаа л гэж айж байна. Гэтэл Англид очсон оюутнууд ярьж байгаа шүү дээ. Хилээр орох юу ч биш. Нэг л удаа согтуу жолоо барьж яваад баригдвал 10 жил, 20 жил цагдаа зогсоодог. Яагаад гэвэл нэг бүртгэлд орсон бол мартдагтгүй. Нэг л удаа татварын асуудал гаргавал үргэлж шалгагддаг. Үүнийг иргэд нь мэддэг учраас нэг удаа ч гэсэн алдаа гаргадаггүй. Гаалиар аргалаад орсон ч жолооны үнэмлэх авч болдоггүй, банкны карт авч болдоггүй, ажилд орж болдоггүй. Яагаад гэвэл сайн муу бүх зүйл нь санах ойнд нь хадгалагдсан байдаг учраас. Тиймээс нийгэм маш олон давхар хамгаалалттай явж, зөв ажиллаж байгаа юм.

- Харин манай Монголын хувьд?
- Манайхаар нэг хятад барилгачин жуулчин гээд ороод ирсэн бол маргааш нь хаашаа ч хамаагүй алга болдог. Сүүлд нь Хөвсгөлд эхнэртэй болоод суурьшчихсан зурагтаар гарч байсан. Нэгэнт л бүртгэл байхгүй юм чинь санах ойгүй нийгэм болж байна. Өнөөдөр чамайг шалгана. чи үнэхээр сайн хүн байна. Маргааш чамайг дахиад л шалгана. Шалгах бурд маш их зардал гарна. Энэ байнгын зардлуудаас болж төр хүчрэгдэхгүй үнэтэй болно. Нэг хүн ажилд ороод 3 сар ажиллаж байгаад зугтаад алга болчихдог. Дараа нь өөр газар орчихсон байдаг. Тэгэхдээ, би урьд нь мундаг байсан гээд яриад яваад байдаг, яг үнэн байдлыг нь хэн ч мэддэггүй. Энэ мэтчилэн нийгмийн санах ой огт байхгүй байна. Жишээ нь мэдээллийн технологийн нийтийн хамгийн чухал хэрэглээ бол нийгэмд, төрд энэ санах ойг үүсгэдэг. Интернэт ч өөрөө хамтын ажиллагааг үүсгэж байдаг. Мэдээллийн интернэтийн орчин бол миний биеэс гадуур байгаа асар том санах ой бөгөөд хамтын ажиллагааны сүлжээ, орон зай юм.
Интернэтийн нийгмийн үүрэг нь нийгмийг нэгтгэж байдаг. Чингис хааны үг байдаг шүү дээ. “Биеийг хураахаар сэтгэлийг хураа, Биеийг хураахаар оюуныг хураа гэж”. Энэ чинь л байхгүй юу. Өнөөдөр Монгол хүн ганцаараа гэртээ таазаа ширтээд яах вэ? гэж суух уу, 1000 хүнтэй интернэтээр дэлхийтэй харьцаад явбал тэр хүн улам бүр иргэншиж байдаг. Тиймээс интернэт бол зөвхөн холбооны хэрэгсэл бус нийгмийн маш том хэрэгсэл. Мэдлэгийн эдийн засгийг үүсгэдэг. Үүнийг дагаад мэдлэг дамждаг, мэдлэг боловсордог. Орчин үеийн мэдлэгийн орон зай гэж ойлгож болно. Мөнгө бизнест ямар нөлөөтэй байдагтай адил мэдлэг бизнест тийм нөлөөтэй. Мэдлэг бол хамгийн том баялаг. Мэдлэг материаллаг баялагаас юугаараа ялгаатай вэ гэвэл, материаллаг баялагийг 2 хүн хувааж авбал 2 дахин багасна. 4 хүн хувааж авбал 4 дахин багасна. Оюуны баялаг яг эсрэгээрээ. 2 хүн хувааж авбал 2 дахин ихсэнэ. 4 хүн хувааж авбал 4 дахин ихсэнэ. Яг эсрэг хуультай.

- Ярилцлагын төгсгөлд Таны хэлэх үг?
- Бид дэлхийн хамгийн сайн мэдлэгийг авч байх бололцоо бүрдээд байна. Мэдлэг бол орон зай, хил хязгаар гэж байхгүй. Нэг америк хүний, япон хуний, энэтхэг хүний бичсэн хамгийн сайн өгүүлэл, хамгийн сайн мэдлэгийг Монгол хүн аваад тэр нь Монголын баялаг болгож байна. Энэ бүх зүйлийг эрэгцүүлээд үзэхэд интернэт 21 зууны улс орны хөгжилд маш их хурдасгагч хүч болж байна. Яваандаа бид мэдлэгийн орон зайтай, мэдлэгийн сантай мэдээллийн нийгэм бий болгоно. Би ногоон намын дарга. Би хоёр л юманд итгэдэг. Нэг нь мэдлэг, нөгөө нь байгаль орчин, эрүүл байх явдал. Улс төрийн гол зарчим 2 зүйл дээр тулгуурлаж байна. Нэгдүгээрт оролцоотой тогтвортой хөгжил гэдэг яриа гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөгжилд хүн бүрийг оролцуулна. Монголын иргэн бүр оролцсоноор Монгол улс хөгжинө. Иргэн болгон оролцоно гэдэг маань иргэн бүрийг татаж оролцуулж, тэднийг мэдээллээр ханган иргэн бүрийг холбоно гэсэн үг юм. Хоёр дахь нь тогтвортой хөгжил буюу байгалийн нөөцийг хойч үеийнхэндээ хор хохиролгүйгээр ашиглах тухай. Энэ хоёр бол хөгжлийн тулгуур зарчим. Эндээс л орчин үеийн 21 зууны хөгжлийн гол үзэл санаа гарч ирж байгаа юм. Тийм ч учраас би нэг талаас интернэтийн хүн боловч нөгөө талаас ногоон намыг сонгож орсон нь ийм учиртай. Энэ хоёр ажил маань бие биенээ маш сайхан нөхсөн чиглэл.

Сурталчилгаа - Zar.MN

Comments

hen

...Би хоёр л юманд итгэдэг. Нэг нь мэдлэг, нөгөө нь байгаль орчин, эрүүл байх явдал...
iim l uchraas bi tanii niitleluudiig unshdag yum. Ta "Home" doc.movie uzsen uu? twitter-dee uzeerei geed neg jirgeed ugnu uu, minii followers bagadaad bna ))))

оюун

агуу их ардчилалын буян таны нийтлэлүүдийг унших дуртай шүү та үүгээрээ ном товхимол гаргадаг уу
өнөөдөр бид интернетгүй бол яах бол ямарч төсөөлөл алга
урьд нь интернетгүй яаж хорвоогийн бор хоног өнгөрч байсан юм гээд бодохоор...
баярлалаа
амжилт хүсье

Bilguun

Sain baina uu Enhbat gishuunee! Ene ih saihan yariltslaga bolson baina.Tand amjilt husie.Tanai Clubiinhnii hiideg Duusdaggui yaria nevtruulgiig bainga uzdeg ee.Mongol ulsiin Shinjleh Uhaani hugjiliin talar holbogdoh humuusiig ni urij avchraad yariltsaj boloh uu?

oyuntuya

Сайн байна уу? Монголд одоо интернэтийн үйлчилгээ үзүүлдэг хэдэн байгууллага байна вэ? МШХХТГ-н 2010 оны эхний хагас жилийн мэдээг харахад Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага 77 гэж байх юм. Нэг хүний 2009 онд бичсэн дипломон дээр 11 гэж бичсэн байна.Хэд байдаг талаар хэлж туслаач. Sky C&C, magic.net, micom, MCS geh met.PLS

Saikhana

Сайхан нийтлэл гаргасан байна. Интернэт маш том санах ой гэж туйлын үнэн. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед манай улс бас ч гэж тийм хоцрогдож байгаа гэж бодохгүй байна. Электрон засаглал хэрэгжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох төслүүд хэрэгжээд зарим нь хэрэгжээд төслийн хугацаа дууссан. Энэ нь цаашдаа улам илүү боловсронгуй болж Монгол улсын ирээдүйг хөгжил дэвшлийн шинэ түвшинд гаргана гэдэгт найдаж байна.

Ganaa

Sain baina uu? Datacom iin Ner Logo yamar uchirtai ve? Data communication ch yumuu tiimerhuu utgatai yumuu? Bi bas Asuulgiin Tuv gej sonsloo. Ter talaar ta yariad uguuch.

Ц.Батхишиг

Маш сайхан нийтлэл болсон байна.

Идэрзаяа

сайн байнауу та. Таниас би асуух ч гэхиймуу хэдэн асуулт тавимаар байна. Би гэнэт өнөөдөр таны сайтаар зочилж байгаа юм биш. Өмнөх нийтлэлүүд дээр тань хааяа сэтгэлээ хуваалцаж л явсан. Та яг хэн юм бэ? гэж асуумаар байна. Яагаа гэвэл: Би бээр өөртөө Эх оронч гэх мэтийн гуншин зүүх гэсэнгүй. Э.Батүүл ын сүүлд бичсэн нийтлэлийг уншиж үзсэн. 90 ээд оны дунд үед Улс төрд Суух хүн бараг л олддоггүй байлаа гэж. Орж ирсэнгүүдийх нь дийлэнх нь Эх орноо гэсэн Нэгэн үзүүрт сэтргэлийн дор ордог байлаа гэж.(Гэхдээ байс сайны хажуугаар садаа гэж). С.Зориг, О.Дашбалбар... Тэд бүгд л шулуун, бүүр дэндүү шулуун бас Монголыгоо гэсэн байж. Тиймдээ ч тэд эндсэн. Тиймдээ ч би түрүүхэн нэгэн сэтгэгдэлдээ наад 2 нам чинь заваартахаа хүрвэл их заваартан шүү Та ч ямар мэдэхгүй биш дээ гэж танд өчүүхэн Монголын эргэн би бээр сануулах аястай бичиж байсан таны сэтгэлд лайвтайяа хүрсэн боловуу. За ингэж олон юм нуршаад таны алтан цагийг гарздахын нэмэр биз. Өнөө үед үнэн худалыг ялгахад их хэцүү юмаа. Тарчиг би мэдлэг нимгэндээ ч тэр юм боловуу дөө. Би өнөөдөр харь оронд мэдлэг эзэмшиж буй нэгэн. Би энд монгол хүн гэдэгээ мэдэрч байна(Сайн муу аль альнаар нь). Би өглөө болгон наранг харахдаа зүүнд зүг бодлогширонгуй ширтэж Алтан соёмбот Сүлдэндээ мөргөдөг нэгэн. Ийн ширтэхийн учир Монголдоо Дандүү, Тэнэг юм шиг Хайртайгийх гэж би иртгэл бардам хэлж чаданаа. Та хариултаа бусдад ил тод хариулах хэрэггүэ доорх хаяг миний үнэн зөв хаяг болно.

t.erdenechuluun@gmail.com

Та бүхэнд бүгдэд нь Монголд интернет нэвтэрсэний 15 жилийн баярын мэнд хүргэе! Энэ бүхний анхдагч болсон танд болон таны хамтран зүтгэгч нарт дахин дахин баярлалаа. Дашрамд дурдахад 13 жилийн өмнө интернет гэдэг юмны А ч үгүй байхдаа, нэгэн үл таних залууд 500 төгрөг өгч нээлгэсэн yahoo email-ээ одоо хүртэл хэрэглэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг шүү.

OD

wow uneheer ene yariltslagaas mash ih zuil oilgoj medej avlaaa!

Batbold

Сайн мэддэг хүн л ямар ч түвшний хүнд юуг ч ойлгуулж чаддаг гэж би боддог. Та үнэхээр мундаг /агуу/ юм аа!

Meedee

Ямар гоё ярилцлага вэ. Бүүр эхнээc дууcтал нь үг үcэггүй уншлаа.Энхбат гишүүний хэлcэн шиг гадаадад хууль буcаар нэвтэрcэнч гэcэн дараа нь ажилд орох, cурах, байранд орж ч чадахгүй.Адгийн наад захна утаcч авч чадахгүй. Бүх юм компътерт бүртгэлтэй учрааc л тэр. Монголдч гэcэн тийм байвал хужаа нарааcаа ангижрах байхдаа. Хэхэ

The comments to this entry are closed.