Previous month:
October 2010
Next month:
January 2011

November 2010

Бид япон хүнийг бэлтгэдэг

Хэдэн жилийн өмнө Токио хотын нэгэн бага сургуульд зочлох завшаан надад тохиосон юм. Тэр сургуулийн анги нэг бүр хичээлийн гэх нэг өрөө, тоглоомын гэх бас нэг өрөө бүхий байранд байх юм. Мөн анги бүр ахлах багш, туслах багш гэх хоёр багштай. Хүүхдүүд нэг өрөөндөө хичээлээ хийгээд, дараа нь нөгөө өрөөндөө тоглоод, тэр бүү хэл унтаад, хоолоо идээд, нэг бодлын яг л манай хүүхдийн цэцэрлэгтэй төстэй горимоор бүхэл өдрийг сургууль дээрээ өнгөрүүлдэг гэж байсан. Гэхдээ энэ бол цэцэрлэг биш сургууль гэдэг нь хичээлийн өрөөний ханаар байрлах олон номтой тавиурууд, ханаар нэг өлгөсөн сургалтын үзүүлэн, зураг, схемүүдээс харагдаж байлаа.

Бидэнд хүүхдийн унших ёстой номнуудаа үзүүлэхэд тэдний дунд “Сүхийн цагаан морь’ гэсэн монгол номын япон орчуулга хүртэл байлаа.

Тэнд үзэж харсан бүхэн сайхан зүйлс байж Монголд маань ийм сургуулиуд байвал сайхнаа гэж бид хоорондоо ярилцан явсан боловч жинхэнэ япон бага сургуулийн мөн чанарыг дараа нь санаандгүй нээн ойлгож, бидний өмнө харсан бүхэн бол ёстой л мөнгө нь байвал амархаан хийчих зүйлс  юм байна, харин энэ тогтолцооны нууц нь өөр газарт байдаг юм байна гэдгийг тэнд мэдэрсэн билээ.

Би  нэг багшаас санаандгүйгээр тэдний ажлын цагийн тухай, цалингийн тухай асуусан юм. Тэгэхэд тэр багш “Бид бага ангийн багш учир дунд, ахлах сургуулийн багш нараас илүү өндөр цалинтай байдаг” гэж ярихад надад гайхалтай санагдаж “Яагаад?” гэж лавлан асуусан билээ. Та яагаад миний гайхсаныг гадарлаж байгаа байх. Манай Монголын сургуулиудад байдал яг эсрэгээр, ахлах ангийн багш нар хамгийн өндөр цалинтай, бид ч тийм байх ёстой гэж бодоод хэвшчихсэн байдаг.

Тэгэхэд тэр багш “Бид бол япон хүнийг бэлтгэдэг, харин дунд, ахлах ангийн багш нар бол тэдэнд зөвхөн хичээл заадаг” гэж хариулсан юм.

Бид япон хүнийг бэлтгэдэг … энэ бол тэр бага сургуулийн нийгмийнхээ өмнө хүлээсэн хамгийн гол үүрэг нь байлаа. Тэд япон хүнийг бэлтгэх, тэдэнд шинжлэх ухааныг зааж сургах хоёрын ялгааг маш нарийн гаргаж чухам аль нь хүний амьдрал, улс орны хөгжлийн цаад суурь вэ гэдгийг сайн мэдэж байлаа. 

Тэр багшийн хариулт бидэнд японы боловсролын тогтолцооны суурь бол япон соёлыг тээсэн япон хүнийг хүмүүжүүлж, дэлхийд тэмцэн амьдрах чадвартай япон хүнийг хар багаас нь бэлтгэж эхэлдэг маш нарийн ажиллагаатай бага сургууль, цэцэрлэгүүд юм гэдгийн харуулсан юм.

Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн ч би тэр яриаг мартдаггүй. Тэгээд “Бид Монгол хүнийг бэлтгэдэг” гэж бардам хэлэх сургууль, цэцэрлэг хаана байгаа бол гэж харж явдаг болсон.

Цахилгаан цэнэгийг электрон тээдэг шиг, улс орны хөгжлийн зөвхөн хүн л тээдэг. Өндөр сайхан барилгууд, үйлдвэр, дэд бүтэц, мөнгө хөрөнгө … энэ бүгд бол ердөө л  хүний бүтээл, түүний гараас, оюунаас гарсан бүтээгдэхүүн байдаг.

Иргэн нэг бүр нь хичнээн “цэнэг” агуулж, тээж байна гэдгээр л улс үндэстний хөгжлийн ялгаа тодорхойлогдоно. Улс орны боловсролын тогтолцоо нь иргэн хүн нэг бүрээ “цэнэглэж”, тэдний өөрийгөө тасралтгүй цэнэглэх чадварыг бий болгодог.

Монгол хүүхэд бүр Япон, Хятад, Герман, Орос … хүүхдээс дутахааргүй соёлтой, хүмүүжилтэй, чадварлаг хүн болж чадаж байна уу ? Энэ асуултад та юу гэж хариулна, монголчууд бидний амьдралын түвшин бусдаас тэр хэмжээгээр л ялгаатай байх болно. 


Усгүй хөгжил ?

Dry future in booming China гэсэн нэгэн мэдээг Интернэтээс уншлаа. Иймэрхүү мэдээ дэлхийн мэдээллийн сувгуудаар байнга л гарч байдаг болсныг хэн хүнгүй мэддэг болсон цаг. Харин дэлхийн олон улс орон энэ талаар үндэсний бодлогоо гаргаж, их хуурайшил, цөлжилт, цэвэр усны хомсдлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд ирж байгаа их өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд иргэдийнхээ амьдрал, хөдөө аж ахуй, хотуудаа хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр маш шургуу ажиллаж эхэлснийг бид анзаарч амжаагүй л явна. 

Цөлжилт Өчигдөр Хүнс, ХАА, Байгаль орчны Байнгын хороо "Монгол мал" хөтөлбөрийн явцыг авч хэлэлцлээ. Ярилцлагын явцад би ХАА-н яамныхнаас Монгол орны  цөлжилтийн шинэ нөхцөлд бид мал аж ахуйгаа хэрхэн хамгаалан авч үлдэх стратеги бодлогын талаар асууж лавлахад тэдэнд энэ шинэ нөхцөл байдлын өнцгөөс бодитойгоор бодож төлөвлөж буй ямар нэгэн бодлого байхгүй нь харагдаж байлаа.

Бид байгаль дэлхийн өөрчлөлтөөс төдийгүй өнөө цагийн дэлхий нийтийн хэмнэлээс ч их хоцорсоор байна.   

АНУ-ын Сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар  прогноз хийж тайлан гаргасан байдаг. Тэр судалгаанаас үзэхэд 2030-аад он гэхэд Монгол нутгийн 90% цөлжиж, зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон хэсэгхэн нутаг, Сэлэнгэ мөрний дагуу, хил орчмын багахан газар л өнөөгийн байдлаа хадгалж, үндсэндээ Монгол орон бүхэлдээ цөлийн бүсэд орж байна (Энэ талаар дараа блогтоо дэлгэрүүлэн бичнэ).

Улаанбаатар хотын иргэдэд зориулан дараах мэдээг хуучин блогоосоо авч дахин орууллаа. Энэ бол дэндүү чухал асуудал учир ... давтан өгүүлсэн болно. Харин энд нэг санааг нэмж хэлэхэд, 1 сая хүн амтай том хотын усны дутагдал нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Бид удахгүй усаа зөөж уудаг ч болох магадлал бий. Тэр цагт Улаанбаатар хотод амьдрах үнэ өртөг хэр өндөр болох бол, энд тэгээд ямар нэгэн бизнес эрхлэх боломж үлдэх үү ... гэх мэт асуудлууд өрнөж, байгаль орчны асуудал маань аажмаар эдийн засаг, нийгмийн том асуудал болон хувирах болно. Асуудал бүр цаашлан даамжирвал хэн нь ус ууж, хэн нь уухгүй вэ гэсэн улс төрийн зөрчилдөөн ч болон хувирах аюултай гэдгийг бусад улс орнуудад болж буй үйл явдлууд, хямралын жишээнээс харж болно.

Удахгүй бид, үргэлж сонсож, байнга ярьж байдаг ч огт ойлгож ухамсарлаагүй л яваа, "ус үнэтэй юу, алт үнэтэй юу" гэдэг гүн утгатай асуултынхаа хариуг байгаль эхээсээ мэдэж авах түүхэн боломжтой тулгарах төлөвтэй. Харин биднийг ухаан орох тэр цагт асуудал битгий л их оройтчихсон байгаасай.

Улаанбаатар хотын орчим цөлжинө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орчмын мөнх цэвдэг 20 жилийн дараа устаж тэр хавийн нутаг бүрэн цөлжинө хэмээн Япон улсын байгаль орчны хүрээлэнгийн (Цукуба хот) судалгаанд дурджээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд мөнх цэвдэгийн дээд тал нь хоёр метр доошилсон байна. Дэлхийн дулаарал Гималайн мөсөн голыг хайлуулж буйтай адил Монголын мөнх цэвдгийг ч идэж эхэлжээ. Африкийн тал хээрийн бүс төдийгүй сэрүүн бүсэд ч цөлжилт явагдаж байна.

Энэхүү судалгаанд Японд улсын Байгаль орчны хүрээлэн, Кэй-Огийн их сургууль, Байгаль орчны яам оролцжээ. Мөнх цэвдэг гэдэг нь зундаа газрын хэвлий хасах хэмтэй орчинд байж, газар доорх ус цэвдэг хэлбэрээр хадгалагдахыг хэлнэ. Монголын газар нутгийн гуравны хоёр нь цэвдэгтэй байдаг.

Улаанбаатар хот орчмын гурван газарт судалгаа хийж үзэхэд мөнх цэвдгийн зузаан нь 2-4 метр байна. Гэтэл найман жилийн өмнө 4-6 метр байсан бөгөөд 1-2 метрээр багасчээ. Хотын орчимд дундаж температур өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2.3C хэмээр дулаарч, ялангуяа өвлийн улирлын температур 3.4C хэмээр дулаарчээ. Энэхүү дулаарлаас үүдэн мөнх цэвдэг багассан гэж үзэж байгаа юм байна.

Монголд мөнх цэвдэг нь тал хээрийг усаар хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнх цэвдэг уствал хөрс эвдрэн цөлждөг. Японы Байгаль орчны яамны зүгээс Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, мөнх цэвдэгтэй газар хайлж буй учир шалтгааныг тодруулах болон хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дээрх судалгааны үр дүнг энэ оны 11 сарын 26-ны өдөр Хятадын Бээжинд хотод зохион байгуулах Монголын тал нутгийн байгаль орчны асуудлын тухай Олон улсын хуралд танилцуулах ажээ.

Японы Никкэй сонин, 2007 он 11 сар 25 

P.S. Тийм ээ, бид маш их ажиллах хэрэгтэй болж байна. Зөвхөн ус ч биш, газар шороо, агаар, ой, ан амьтан, хог хаягдал, эрүүл хүнс, стандартын эм ... ногоон технологи, сэтгээгдэх эрчим хүч ...

Энэ бүгд бол байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал. Энэ бүгд бол Монгол улс, үндэстний хувь заяаны асуудал.

Бүгдээрээ хөдөлбөл бид шийдэж л таараа !


Тахилга ба технологи

Байгаль дэлхийгээ дээдэлж явах хэрэгтэй гэдгийг монгол хүн бүр сайн мэддэг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тэгээд … бид бүгд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж явдаг бил үү гэвэл нэлээд өөр дүр зураг гарна.

Монголчууд бидний мэдэх ба сэтгэл зүрхээрээ дагах хоёрын хооронд нэлээд их зөрөө (хэлбэрдэлт) байдаг гэдгийг гадныхан олж хараад бичсэн байдаг. Жишээ нь, Монгол нутгийн уул даваа бүрийн л оройд байх чулуун овоог тэд романтик сэтгэлээр дүрслэн бодож, нүдээрээ үзэхээр алс холоос цаг зав, мөнгөө зарцуулан байж ирдэг. Гэтэл ном зохиолд олонтой гардаг, монголчуудын зуун зууны түүхэн өв болсон нөгөө овоонууд нь ердийн л нэг хогийн цэгүүд болчихсон байхыг хараад үнэхээр гайхаж, зарим нь бүр гутарч бичсэн байхыг та Интернэтээс олж уншиж болно.

Бид ч үүнийгээ сайн мэднэ. Архины шил, хогонд дарагдсан овоо … нутгийн наадам, эсвэл Төрийн гэгдэх их тахилгын дараа хөндийгөөр нэг хөглөрөх хог, шил, лааз, гялгар уутыг та лав харсан байх, төсөөлж ч байгаа байх.   

Бид уул овоогоо тахиж, тэр бүү хэл Төрийн тахилга хийж, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад олон зуун хүн оролцсон том арга хэмжээг жил бүр хэд хэдээр нь зохион байгуулдаг.

- Бид уул овоогоо тахиж, Лус савдгаа аргаднаа …

- Яах гэж ? …

- Байгаль дэлхийгээ дээдэлж, хур бороо элбэгтэй сайхан зуныг хүсээд … бас ёс заншлаа сэргээн дагаж, жинхэнэ Монгол маягаар аж төрж байгаа учир … 

- Үнэхээр үү ? …

Би ч гэсэн иймэрхүү "арга хэмжээг" ойроос харж л байсан. Гэхдээ энэ бүх “арга хэмжээ”-ний дараа сэтгэлд нэгэн сүүдэр үлдээд байдаг юм. Тэр юу вэ гэвэл, тэр бүхэн бол хуурамч, ёс төдий, хоосон хэлбэр л байгааг би хардаг.

Төрийн их тахилгад олон арав, зуун машин оролцож, тэр хавийн газар нутгийг бүрэн талхалж, архины шил, хогоор дүүргээд буцахад үнэхээр тэр нутагт Лус савдаг гэж байдаг юм бол сэтгэл нь харлаад, эсвэл уурлаж догшроод үлдэж байгаа байх даа гэж боддогоо нуух юун.

21-р зуунд амьдарч буй бид бүхэн иймэрхүү нэгэн арга хэлбэрээр байгаль дэлхийгээ “дээдэлж”, тэгснээрээ хайрлаж хамгаалж байна гэж өөрсдийгөө хуурч болох уу.

Мөн өөрсдийн болон үр хүүхдийнхээ амьдрал болсон байгаль орчноо зөвхөн төрийн нэгэн яам, хэдэн ядуу байгаль хамгаалагч нарт даалган орхиод, өөрсдөө бол оролцохгүй, “нүдээ аниад” л хажуугаар нь яваад байж бас болох уу.

Та хариултыг нь сайн мэдэж байгаа.

Өнөө цагт байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ байгальд ээлтэйгээр зөв удирдан хөгжүүлэх нь нарийн технологи, дэлхий нийтийн соёл, том шинжлэх ухаан болон маш хурдтай хөгжиж байна. Одоо бид тэр бүхнийг эзэмшиж, мөр зэрэгцэн оролцож, Монгол нутгийнхаа Лус савдгийг жинхэнэ ёсоор баярлуулах цаг ирж байна.

Энэ бол Лус савдгаа тахилгаар биш, харин технологиороо, соёл, шинжлэх ухаанаараа, сайн засаглалаараа баярлуулах цаг.

Бид бүгд үүнийг заавал хийнэ ... Тэр цагт Лус савдаг маань баярлаж, бид бүгдээрээ эрүүл агаараар амьсгалж, цэвэр ус ууж, тохилог сайхан хотын гудамжаараа алхаж, ногоон зүлгэн дээр хүүхдүүдээ тоглуулан сайхан амьдарцгаах болно  Happy


Түлэнхий Бөө нар

Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс

Энэ үгийг сонсоод би найз нөхөд, танилуудтайгаа бөөгийн энэ үзэгдлийн талаар ярилцаж үзлээ. Монголд үнэхээр бөө болох явдал их дэлгэрч байгаа юм байна. Бөө болох хөдөлгөөн нь ерөнхийдөө сүлжээний бизнес бололтой. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтад” хамрагддаг юм байна. Түүнд нь дээрх түлэгдэх, шарагдах ... дасгалууд ордог бололтой. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшээд бөө болж, харин алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн нэг, болж өгвөл хэд хэдэн хүнийг олж элсүүлэх замаар энэ сүлжээ тэлж байдаг гэсэн ойлголт уулзсан хүмүүсийн ярианаас надад төрсөн.

Энэ үнэхээр сүлжээний бизнес үү, эсвэл манай нийгмийн бас нэгэн хэцүүхэн “өвчний” илрэл үү ?

Түлэнхий бөө нарыг ч бол яахав эмчилчих л байх.

Харин Засгийн газар, С.Ламбаа сайд маань энэ хөдөлгөөн-үзэгдлийг яаж “цэгцлэх” юм бол доо ?