Previous month:
June 2010
Next month:
October 2010

September 2010

Хүүхдийн чинь эцэг нь Засаг шүү

Өглөөний 6 цаг болж байлаа. Тэрэлжийн нэгэн буудлаас гарч голын усны шуугиан даган алхаж явтал харуулын албаны хувцас өмссөн 60 гаран насны нэгэн эр ихэд танимхайран ирж мэндлэв. Зурагтаар дандаа хардаг байснаас (Форум нэвтрүүлгийг хэлж байх шиг) та чинь их өндөр хүн байна шүү дээ гэж эхлээд л бид хоёр хэсэгхэн ярьж зогслоо. Буудлын шөнийн харуулын албанд хэдэн жил ажиллаж байгаа, энэ нутгийн хүн юм байна. Энэ хавийн айл, тосгоныхны амьдрал, жаргал зовлонг ярилцан явтал, гишүүнээ, та тэр 10 мянга, 70 мянгын талаар ер нь юу гэж бодож байна гэж гэнэт асуудаг юм байна. Уул нь энэ сайхан өглөө, голын урсгал харжээ явах нь эрх баригчдын бохир улс төрийг ярьж явснаас хамаагүй дээр санагдаж байсан тул би товчхоон хариулаад дуусгахын хичээлээ.

Харин манай хүн их сонин ажиглалт, нэлээд бодууштай зүйл ярьж байна аа.

Энэ голын олон залуус зуны цагт гадаад, дотоодын жуулчин, хүмүүст морь унуулж жаахан мөнгө олдог юм байна. Хагас, бүтэн сайнд 20-30 мянган төгрөг олох бөгөөд мөнгөнийхөө хэсгийг гэр орондоо өгч үлдсэнээр нь  дараагийн хагас сайныг хүртэл хэд хоног гашуун усаа ууж, бие биеээ уруу татан өглөө оройгүй согтуу давхилддаг бололтой.

Харин саяхнаас Засгийн газар хүн бүрт 70 мянга, бас хүүхэд бүрт нь 10 мянгыг сар тутам өгөх тухай мэдээг сонсоод морьтон эрчүүдийн маань үүрэг ачаа нь хөнгөрч гэр орон, хэдэн хүүхэддээ санаа зовох нь нэлээд багасч “шинээр” сэтгэн амьдардаг болж эхэлжээ. Нэгэнт л засгаас эхнэр хүүхдэд нь мөнгө өгчихөж байгаа учир тэд тэгэж “царай алдаж” байж олсон мөнгөө “зөв” зарцуулах боломжийг олж харсан төдийгүй гэртээ очих нь ч аажмаар цөөрөх хандлагатай болжээ. Яриа өрнүүлж буй эр маань, монгол эрчүүд гэр орон, эхнэр хүүхэддээ санаа тавихаа больж, засгийн сул халамжаас болж аажмаар гэрийн эзэн, хүүхдүүдийнхээ эцэг байхаа ч мартаж эхэллээ дээ гэж их л харамсангуй ярив.

Би УИХ дээр 10 мянга, 70 мянгын талаар олонтоо сонсож, маргаж явсан боловч энэ эрийн харж хэлж байгаа тэр айхтар холын хор уршгийн талаар огт олж хараагүй юм байна даа гэж бодож явлаа.

Манай айлын согтуу залуу эхнэртээ агсам тавьж, чиний хүүхдийг чинь Төр засаг тэжээчихнээ бүү зов … гэсээр морио унаад ганхсаар давхин одоход, гишүүнээ, таны түшиж байгаа энэ төр засгийн маань билгийн хараа их л тунгалаг бус мэт харагдаад байх юм … гээд мань эр дуугүйхэн боллоо.

Бид сөрөг хүчин, бид эсэргүүцсэн гэж хэлэлтэй биш … Бидний улс төр нэг иймэрхүү байдлаар л ард олны амьдралд тусах юм даа гэж бодож явлаа.            


“ХалаМанжийн” бодлого

Эрх баригчид маань халамжийн бодлогын талаар их ярьдаг. Хавтгайруулсан халамжийн бодлого бол тэдний төр, засагт тогтох, дахин сонгогдох гол хэрэгсэл нь болдог гэдгийг хүн бүр мэднэ. Ер нь хавтгайруулсан халамжийн бодлогоос өөр тийм хүчтэй, өргөн хүрээтэй хэрэгждэг төрийн том бодлого Монголд бараг л байхгүй болов уу.

Халамжилна гэдэг бол сайхан үг. Гэхдээ халамжийн бодлогууд их олон янз, үнэхээр сайн сайхнаас эхлээд маш аюултай, тэр бүү хэл бүхэл бүтэн улс үндэстнийг устгах, колончлох зориулалттай нь ч байдаг гэдгийг олон хүн анзаардаггүй.

Continue reading "“ХалаМанжийн” бодлого" »


Нохойн ааш

1260554273_sledding-team-ed
Хэзээ ч билээ ийм нэгэн түүх сонсож билээ …

Цас мөсөөр хучигдсан Хойд нутагт нэгэн сэтгүүлч залуу нохой чаргаар аялал хийж л дээ. Өдөржин явсаар оройхон нэгэн газар хүрч буудаллахад хамт явсан нутгийн эр овоохойгоо барьж, галаа түлээд, тэд хоолоо хийж идээд унтахаар хэвтжээ. Нутгийг эр ч удалгүй хурхирч эхлэв гэнэ. Харин сэтгүүлч залуу шөнөжингөө унтаж чадсангүй. Овоохойн гадаа уяж орхисон ноход шөнийн турш гаслан улилдаж, хачин их зовж шаналж байгаа нь залуугийн зүрхэнд тустал мэдрэгдэж байлаа. Шөнө арайхийн өнгөрч үүр цайхад тэд ч босч цайгаа уухаар суулаа.

Сэтгүүлч залуу нохдын тухай бодсоор байлаа. Харин нутгийн эр юу ч болоогүй мэт нохдоо хөллөж, чаргаа бэлтгэж эхлэв. Ноход ч зүв зүгээр болчихжээ.

Сэтгүүлч тэссэнгүй, нутгийн эрээс асуулаа. Таны ноход бүхий л шөнийн турш гаслан улилдлаа, та сонссонгүй юу гэж. Тийм ээ дандаа тэгдэг юм гэж эр огт тоосон шинжгүй хариулав. Тэгээд сэтгүүлчийн гайхсан нүдрүү харснаа, эд чинь савраа хурц ирмэгтэй мөсөн дээр тавьчихаад л тэр нь өвдөөд улилдаад байсан нь тэр байхгүй юу гэж инээсээр нэмж хэллээ.

Сэтгүүлч бүр ихээр гайхаж, тэгээд тэд чинь савраа хурц ирмэгээс авчихдаггүй юм уу гэхэд, нутгийн эр инээсээр, яахав дээ авч чадна л даа, гэхдээ бас  савраа татаад авчихаар ч их өвдөөгүй л байхгүй юу гэлээ.

Ноход ч гэж ёстой ноход л юм даа. Хүмүүстэй яг адилхан аашлах юм гэж сэтгүүлч залуу бодлоо.

 


Хулгайч хаан

Эрт цагт Хятадын нэгэн хаан  “Манай түшмэд хулгай хийгээд байх юм … яах вэ ?” гэж Күнзээс асуужээ. Күнз хариуд нь “”Та өөрөө хулгай битгий хий … Тэгвэл бүгд л больчихно” гэсэн гэдэг.

Мэдээж хаан хүн хулгайгаар амьдрахгүй байх л даа. Харин хаан хүн хулгайч явдалтай байх нь элбэг. Тэр шударга байхыг чанд эрхэмлэж, итгүүлж, ойрын хүмүүсээ тийм байлгаж чадаагүй тохиролдолд ямар ч  засаг ялзарна.

Ер нь шударга даргын орлогч нь хулгайч хүн байж чадна гэж үү ? Яг эсрэгээрээ, Газрын албаны дарга нь зартай авилгач байхад Хотын дарга нь шударга хүн байсан байж чадах уу ?

Хаан хүн өөрөө хулгай хийдэггүй. Харин тэр хүн хулгайч нарыг төрийн хучээр, өөрийн эрх мэдлээр олон түмнээс хамгаалж тэтгэдэг. Хариуд нь тэр өөрийн эрх мэдлээ хулгайч нараар хамгаалуулдаг.

Шударга хүн хэзээ ч хулгайч нарын хаан байж чадахгүй. Хулгайч нар ч шударга хааны доор байж чадахгүй.