Previous month:
May 2010
Next month:
September 2010

June 2010

Эргүүлэг: Дэлхийн шинэ валют - Түүхий эд (4)

(… Өмнөх тэмдэглэлүүдийг үз)

Тэгвэл заавал алт гэх хэрэг юу байна ? Хэрэгтэй үедээ хурдхан буцаагаад борлуулчихаж болох юуг ч долларынхаа оронд аваад хадгалчихвал дэлхийн санхүүгийн хямралаас айх хэрэггүй юм биш үү ? Ер нь доллар бол баялагийг төлөөлсөн тасалбар болохоос баялаг өөрөө биш шүү дээ. Жишээ нь, тэр их доллар нөөцөлж байснаас байнга л маш их хэрэгцээтэй байх нефть, уран, зэс, төмөр, нүүрсийг ч хадгаламжиндаа барьж байж болно.

Энэ бол дэлхийн санхүүгийн ертөнц дэхь өнөө цагийн хандлага. 1990-ээд оноос эхлэн дэлхий даяар байгалийн баялаг нөөцлөх уралдаан эхэлсэн. Хятад улс Африкийн ордуудыг худалдаж аваад дууслаа, тэгээд бас манайд хөрөнгө оруулж байгаа уул уурхайн аварга компаниудын нэг Рио Тинтог ч авах гэж оролдож байна гэх мэт хэвлэлийн мэдээг бид байнга л харж байдаг. Энэ өрсөлдөөн цаашид улам чангарна гэдэг нь одоо нэгэнт тодорхой зүйл болжээ.

Дэлхийн энэ хандлага зөвхөн доллартай биш, бас үйлдвэрлэлийн бүх төрлийн гол түүхий эд, ялангуяа эрчим хүчний нөөцийн хомсдолтой давхар холбоотой. Үр дүнд нь байгалийн баялаг, түүхий эдийн үнэ цэнэ цаашид улам ихэссээр байх төлөвтэй.

Харин бидний хувьд хамгийн сонирхолтой хэсэг бол тэгээд энэ бүх нөхцөл байдал ирээдүйд маань хэрхэн нөлөөлж магадгүйг төсөөлж мэдрэх явдал.

Монгол бол хөндөгдөөгүй байгалийн их баялагтай орон. Тэгвэл дэлхийн санхүүгийн шинэ дүрмээр бол бид “шинэ цагийн  валютийн” асар их нөөцтэй орон болж таарах нь ээ ? Бараг тийм. Бид нэг хүнд оногдох шинэ цагийн валютийн нөөцөөрөө дэлхийд маш дээгүүр орно. Дэлхийн санхүүгийн шинэ цагийн дүрмээр  бол Монгол баяжих гэж байгаа орон биш, харин аль хэдийнээ баян орон. Баталгаатай нөөцтэй орон. Тэгээд яг хажууд нь түүхий эдээр хэзээд өлсгөлөн байх Хятад оршиж байна. Тийм ч учраас манайд хөрөнгө оруулсан гадны уул уурхайн компаниуд дэлхийн биржүүд дээр хөрөнгөө хурдхаан босгочихож чадаж байна.

Харин яагаад бараг гэж байгаа юм бэ гэвэл Монголын газар нутагт байгаа тэр бүх түүхий эд, баялаг одоо бидний мэдлийнх хэвээрээ байгаа гэдэг нь тун эргэлзээтэй болчихоод байна. Ийм нөхцөл байдлыг бид өөрсдөө гардан үүсгэсэн. Ирж байгаа цагийн аясаар хамгийн азтай улс үндэстэн байж чадах бололцоо бидэнд байсан ч харин одоо бол магадгүй  хамгийн харалган төрийн бодлого бүхий улс гэж түүхээ үлдээх хувилбар нэгэнт үүсчээ.

(үргэлжлэл бий …)


Эргүүлэг: Санхүүгийн эргүүлэгт (3)

(… Өмнөх тэмдэглэлүүдийг үз)

Дэлхийг хамарсан улс төр - санхүүгийн маш том эргүүлэгт Монгол улс арваад жилийн өмнөөс татагдан оржээ.

Бид улс дамжсан санхүүгийн тоглоомууд (шоглоомууд л даа), дэлхийн банк санхүүгийн системийн хямралын талаар телевизээр байнга үздэг ч эдгээр нь Монголын уул уурхайн өнөөгийн байдал, лицензийн хавтгайрсан наймаа, стратегийн гэгдэх ордуудын ирээдүй, манай УИХ-аар баталж буй асар их үнэ өртөгтэй хөтөлбөрүүдтэй ямар холбоотойг огт анзаардаггүй. Үнэндээ бол дэлхийн санхүүгийн системийн хямрал, түүхий эдийн эрэлт хэрэгцээний эрс хурдан өсөлт, монголын төрийн задрал, улс үндэсний тусгаар тогтнолд шинээр тулгарч буй аюулууд хоорондоо гүнзгий учир холбоотой гэж бодож байна.

Олон төрлийн тоо баримт, мэргэжлийн нэр томьёо хэрэглэлгүйгээр өөрийн бодол санаагаа тайлбарлахыг оролдоё. Асуудлын боломжит олон хувилбарууд, гадаад, дотоод олон хүчин зүйлсийг тоочих биш нэг логикийг л барьж, бас дөтлөн бичсэнийг маань туршлагатай уншигчид анзаарна биз дээ.

Дэлхийн валют - Ноён доллар

Америк бол өнөө цагийг эзэгнэн орших агуу гүрэн. Түүнд мөнгө хэзээ хэрэг болно ... хэвлэх машинаа ажиллуулаад л дэлхийн валют болсон ногоон мөнгөө хэвлэчихнэ. Тэгээд түүгээрээ хэнээс ч, юуг ч худалдан авья гэсэн цаадах нь өөрийн бараагаа нөгөө ногоон тасалбараар нь баяртай нь аргагүй солино. АНУ зөвхөн Иракийн дайнд гэхэд л өдөрт нэг тэрбум доллар зарцуулж байна. Америкийн энэ зардлыг дэлхийн ногоон мөнгөтэй улс, байгууллага, хүн бүр тодорхой хувиар санхүүжүүлж байдаг.

Дэлхийн 2-р дайнаас хойш Америкийн доллар дэлхийн нөөцийн гэгдэх мөнгө болсон. Америкийн долларын ханш сулрахад Америк биш, харин тэр мөнгийн авч хадгалсан бүх засгийн газар, компани, хувь хүмүүс л илүү санаа зовно. Жишээ нь, Хятадын Засгийн газар өнөөдрийн байдлаар гэхэд 2400 тэрбум доллартэй тэнцэх нөөц барьж байна. Долларын ханш өчүүхэн сулрахад л энэ нөөц нь хэдэн арван саяар нь багасах эрсдэлтэй. Тиймд Америктай сайн харьцаж, эдийн засагт нь сайнаар нөлөөлж явахаас өөр аргагүй. Манай наймаачид, ченжүүд ч ноён долларын хувь заяанд бараг Америкийн Төв банкнаас илүү санаа зовно.

Ноён долларт итгэх итгэл тань суларбал оронд нь алт аваад хадгалж болно л доо. Энэ бол өнөө цагийн бас нэг дүрэм. АНУ-ын үнэт цаасны зах зээлийн хөөсрөл, долларт итгэх итгэл суларч байгаа зэргээс хамаараад энэ дүрэм улам чухал болж ноён доллартай өрсөлдөгч алтны хэрэгцээ дэлхий зах зээлд байнга өссөөр байна. Гэтэл дэлхийн алтны нөөц хязгаарлагдмал байдаг. Хэрэв бүгд л найдвартай юм гээд бүх доллараа алт болгочихьё гэвэл дэлхийн алтны нөөц хаанаа ч хүрэхгүй.

(үргэлжлэл бий …)


Эргүүлэг: Зүүдэлж байх хооронд (2)

(… Өмнөх тэмдэглэлийг үз)

Хүн бүрт 70 мянган төгрөг тараасан, төрийнхний цалинг 30% нэмэх шийдвэр гарсан, сонгуулиас  өмнө 1.5 саяыгаа өгөхөө зарласан, бас хүүхдийн гэгдэх мөнгийг өгөхөөр ярьж байгаа зэрэг улс төрийн популист алхмууд нь тэртэй тэргүй хэрэглээ нь хэт томорч, өрөөсгөл болж сэнсэрсэн эдийн засгийг улам савлуулж, аажмаар сүүлийн арван жилд арай хийн тогтвортой барьж ирсэн инфляцийг хяналтаасаа алдах хандлагатай боллоо. 2010 онд инфляц 30% давах тооцоо гарч байна.

Уул уурхайг эс тооцвол хувийн сектор суларч, ажиллахад улам хэцүү болж байгааг бизнес эрхлэгчдийн олонх хэлж байна. 2000 оноос өмнө цагт төрийн албанд ажиллах хүн олдохгүй, бүгд хувийн бизнес хөөх хүсэл эрмэлзлэлтэй байдаг байсныг та лав санаж байгаа байх. Харин одоо бүгд төрийн алба руу хошуурдаг болжээ. Төрийн албаны цалингийн өсөлт хувийн секторийнхоос хамаагүй түрүүлж, дээд сургууль төгсөгчдийн 70% төрийн албанд орохыг хүсч байгаа нь судалгаагаар гарч байна. Зөвхөн энэ байдлаас гэхэд л, хөгжлийн шинэ боломжийн тухай улс төрийн том уриа лоозон, бодит бодлогын хооронд хичнээн их ялгаа байгааг харж болно.

Эдийн засгийн олон салбар зогсонги байдалд байна. Улс төр дагасан бүлэглэлүүдийн барилгын, банкны салбар дахь хөөсруулсэн бизнес ч түр гацаж, тэд дотоодын зөрчилдөөнөөсөө тамирдан суларч, одоо алдсан тамир тэнхээгээ олон түмний мөнгөөр тэтгүүлэн сэхэх богино хугацааны төрийн сувилгаанд ороод байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, атрын гэгдэх олон хөтөлбөрүүд мөнгө идэх гайхалтай сайн ажиллагаатай далд сүлжээ болон хөгжиж байна.

Нийгмийн секторт өөрчлөлт, шинэчлэлт мөн л байхгүй болжээ. Боловсролыг жишээ болгоё. Улаанбаатар хот 150 гаруй их дээд сургуультай. Тэдний чухам хэд нь үндсэндээ Баасан ахын төрсөн өдрийн 4 жилийн курс гэдгийг хэлэхэд тун хэцүү. Ажиллах хүчний чанарын хэт доройтол Монгол улсын хөгжлийн ирээдүйг тун эргэлзээтэй болгож, өнөөдөр л гэхэд, нэг талаас, ажилгүй олон мянган хүн, нөгөө талаас, тэнцэх хүн олдохгүй ажлын олон мянган байр бий болоод байна. Энэ орон зайг гадны ажиллах хүч бөглөж, харин монголчууд нь 70 мянгын дараалалд нэрээ бичүүлдэг хандлага тогтож байна.

Эдгээр бүх асуудлыг тоочоод барахгүй л дээ. Зарим нь чи мэдээж юм бичиж байна гэх байх. Гэвч төрийн задрал гүнзгийрч, засаглах чадвараа улам алдан, улс, орон нутгийн бүх түвшинд замбараагүй байдал ноёлж, ядуурал бол нийгмийн амьдралын ердийн хэв хэмжээ болж байгааг үгүйсгэх хүн бараг гарахгүй байх.

Бид энэ бүгдийг харж байгаа ч мөрөөдлийн зүүднээсээ гарах тун дургүй. Тэгээд уул уурхай маань л биднийг аварна, түр тэсчихвэл мөнгө ч ёстой ороод ирнэ, тэр үед нь л улс орноо хөгжүүлээд, засаглалаа цэгцлээд, дээд сургуулиудаа сайжруулаад ... гээд үргэлжлүүлэн мөрөөднө. Санаачлагатай, чадвартай, оролцоотой иргэддээ биш, харин уулын баялаг, гадныхны хөрөнгө, ид шидэнд итгэсээр, ядуурсан олонх нь амьдралаа залгуулах гэж завгүй гүйлдсээр явцгаана.

(үргэлжлэл бий …)


Эргүүлэг: Сэрэхгүй бол сайхан БИШ зүүд (1)

Сүүлийн хэдэн жил бид бүгдээрээ л уул уурхайн тухай тасралтгүй ярьж, бүх түвшинд хуралдаж, талцан мэтгэлцэж, жагсацгааж, мөрөөдөцгөөж, ёстой л нэг өдөржин шөнөжин, өвөлжин зунжин алт зэсээр, уран нүүрсээр амьсгалах шиг болж ирлээ. Сонин хэвлэл, телевизээр уул уурхайн хөгжил Монголыг асар их мөнгөтэй болгоно, тэр мөнгөнөөс бүгд хувь хүртэж амьдрал хачин сайхан болно, тэр бүү хэл илүү гарсан мөнгөөрөө олон арван мянган айлын сууц, хорооллуудыг барина, нутаг орныхоо  өнцөг булан бүрт хүртэл авто зам, урт урт төмөр зам тавина, бүх малынхаа чихэнд радио долгионы төхөөрөмж зүүж, гэрээсээ малаа маллаж, Сэлэнгэ мөрнийг урагш нь урсган их говийг усжуулж, урд хил дээрээ хүнд үйлдвэрийн том гэгчийн цогцолбор барин муусайн хятадуудтай зад өрсөлдөнө гэх мэтээр байж болох бүхий л санааг уралдан гаргаж, амлаж, сүүлдээ бүр УИХ-аараа хэлэлцэн энэ бүх мөрөөдлөө олон арван тэрбум, их наядаар нь зарлагадах хууль, тогтоол болгон баталж, одоо тэгээд хэзээ, яаж зогсохоо мэдэхгүй шуугилдсаар, байхгүй мөнгөө үргэлжлүүлэн зарцуулсаар, бие биендээ амлан хуваасаар байна. Сэрэхгүй бол сайхан зүүд гэж нэг үг байдаг. Бас мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж нэг үг бий. Гэхдээ одоо энэ дүрэм бидэнд үйлчлэхгүй болжээ. Бид бүүр дэндүү хэтрүүлээд, сэрж зогсоохгүй бол энэ бүхэн маань маш аюултай, үндэсний хэмжээний асар их хохирол дагуулах сайхан биш зүүд болон хувирч эхэлж байна.

(Үргэлжлэл бий … ;)