Previous month:
October 2009
Next month:
June 2010

May 2010

Хайрцаг доторх амьдрал

Хэдэн хархыг битүү хайрцагт хийгээд олон хоног өлөн байлгавал яахав ? Тэд сулхан нэгнийгээ барьж идсээр байгаад хамгийн сүүлд хүчтэй ганц нь л үлдэнэ (Мэдээж хэрэг өвсөн тэжээлт ердийн хулгана бол тэгэхгүй байх. Харин махчин хархууд бол мөнгөний ертөнц дэхь хүмүүс бидэнтэй яг адил аашилна).

Хэрэв тэр хархуудыг задгай орчинд тавьчихвал бие биенээ барьж идэх үү ? Үгүй, харин ч нийлж сүрэглээд  бусдыг дайрч, сүргийн амьдралдаа сүрхий зохицон явдаг. Энэ бол хязгаарлагдмал нөөц бүхий хаалттай орчинд нэг төрлийн амьтад ч бие биендээ дайсагнаж, харин нээлттэй орчинд бол нэг баг болон хамтран амьдардгийн жишээ юм.

Хаалттай, хязгаарлагдмал орчинд тусгаарлагдсан амьтдын адил төстэй шинжүүд нь бус, харин бусдаасаа ялгарах өчүүхэн ялгаа нь амьд үлдэхэд хэрэгтэй гол хүчин зүйл болдог бол нээлттэй орчинд өөр хууль үйлчилж, тэдний ижилсэн сүрэглэх чадвар илүү ажиллаж эхэлдэг.

Монгол орон түүхийн 500 жилийн турш дэлхий ертөнцөөс тасарсан, хаалттай нутаг байлаа. Монгол улс Юань гүрний хөдөө аймаг, дараа нь Манж гүрний хоцрогдсон алс хязгаар, хамгийн сүүлд Зөвлөлтийн блокт түүхий эд нийлүүлэгч дагуул муж байж ирсэн. Бид түгжигдмэл нутагтаа жалга довоороо бүлэглэн ялгарч, бие биенээ үгүйсгэж, дотоодын байнгын тэмцэлд туйлдсаар ирсэн. Гадаад ертөнцийн өмнөөс хамтарсан нэг хүчээр зогсохоо Их хаадын үеээс хойш бид мартсан билээ.

Бид нээлттэй дэлхийд нэгдээд 20 жил боллоо. Гэвч бид энэ том системд амьдрах аргаа өнөө хэр сайн олоогүй л явж байна. Гурван сая монголчууд бид зургаан тэрбум хүний ертөнцөд (ердөө 0.05%) өөрийн байр сууриа олж, улс гэрээ төвхнүүлэн, нэгдмэл эрх ашгаа ойлгож, нэг баг болон бусадтай өрсөлдөн явах арга ухаанаа олж амжаагүй л байна.

Ирж буй цаг үед сайхан амьдрахын тулд бид 500 жилийн турш програмчлагдсан ой санамжаа өөрчилж, Монголынхоо хайрцаг дотор бус харин зургаан тэрбум хүнтэй дэлхий ертөнцийн хүрээнд сэтгэж, зохион байгуулагдан ажиллах цоо шинэ чадвар хэрэгтэй болж байна.

Хайрцагнаасаа гарч чадвал том дэлхий биднийг улам нэгтгэнэ, хүчтэй болгоно. Харин бидэнд хайрцагнаасаа гарах хүсэл зориг хэр бий бол ?


“Боолын” сэтгэлгээ

… хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай, таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв. Хуучин хvv шинэ хvv болов. Юутай завшаан, юутай баяр.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг “хөмөрсөн тогооны доторх” монгол амьдралын тухай гайхалтай зураглалыг бид бүгдээрээ мэднэ. Хүүхэд байхдаа энэ өгүүллийг уншаад, феодализмын үеийн Монголд тийм байжээ, харин одоо бол тэр тогоо сөхөгдөж гэрэл туссан гэж боддог байж билээ.

Үнэхээр тэгсэн л дээ. Социализмын үед орчин үеийн Монгол улс бий болж бидний амьдралд их гэрэл гэгээ орсон. Гэхдээ энэ зам мухардаж төгсөхийг бид бүгдээрээ туулж харсан билээ. Амьдрал сайжирч, монголчууд бид нэгэн хөмөрсөн тогоон дороосоо гарсан боловч коммунизмын өөр нэг хөмөрсөн тогоон дор туугдан орж, шинэ цагийн “боолын” сэтгэлгээг олж авцгаасан. Энэ бол бусдын тусламжид шүтэн амьдрах, бусдаар бүхнийг хийлгэх, бага хөдөлмөрлөж их халамжлуулах, ядуу байхыг урамшуулах, өөрийн бодлоор явахаас айх, ямар нэг даргын ивээлд багтан амьдрахыг дээдлэх сэтгэлгээ байсан.

Хэдийгээр бид чөлөөт өрсөлдөөний чанд хууль бүхий дэлхий ертөнцийн нэг хэсэг болоод 20 жил болж байгаа ч энэ сэтгэлгээ манай нийгэмд давамгайлсан хэвээр л байна. Магадгүй, ийм байдал зарим талд ашигтай учир үүнийг хөхүүлэн дэмжсээр байж болох юм. Нийгмийн сэтгэлгээний энэ хоцрогдлыг зөвхөн дотоодын улс төрийн хүчнүүд төдийгүй гадаадын тоглогчид ч ашиглахыг хичээж байгааг бид өдөр бүр л харж байна.

Бид бүгдээрээ бусдаас дутуугүй амьдрахыг хүсч байгаа. Тэгвэл бусдаас дутуугүй сэтгэж, зүтгэх л хэрэгтэй боллоо. Энэ дэлхийд зөвхөн бидэнд зориулсан хөнгөлөлттэй зам гэж байхгүй.

Биднийг хэн ч хөмөрсөн тогоон дотор бариагүй боловч бид өөрсдөө тэндээ байсаар л байна. Бид “боолын” сэтгэлгээгээ орхиж эс чадвал жинхэнэ боол л болно. Тиймд Д.Нацагдоржийн Хуучин хүү маань хөмөрсөн тогоон дотор байхдаа олж авсан сэтгэлгээнээсээ салж Шинэ хүү болох цаг нэгэнт болж дээ.

 


Туул голд урь орлоо

TuulRiver2010may05Хоёр хоногийн өмнөх Туул гол. Хэдийгээр тавдугаар сар гарсан ч голын мөс хайлж дуусаагүй л байна. Хаврын гол дээр очих сайхан ч  голын ус урьд жилүүдээс улам багасч буйг хараад сэтгэл жаахан эвгүйрхэв. Тэгээд бас голын ойр орчмоор хог дүүрч өмнөх шигээ сайхан байхаа больжээ.

Голын урсгал татарч, хогонд дарагдан, ус нь хүчилтөрөгчгүйдэж, хэт бохирдож байгаагаас болж загас өвчилж олноороо үхэх боллоо гэж эрдэмтэд хэлж байна. Хүн төрөлхтөний 5000 жилийн соёл иргэншлийн бүх түүх гол усаа дагаж өрнөж ирсэн байдаг. Хаана ус их байна тэнд хүнс тэжээл элбэг, хүн ам нь олон, улс үндэстэн нь хүчирхэг байдаг. Хөх мөрөн, Шар мөрний хөндийд хятадууд, Нил, Ефрат мөрнийг даган арабууд суурьшиж өнөөдөр олон зуун сая хүнтэй их үндэстнүүд болсон гэдгийг бид түүхээс уншиж ирсэн. Монгол орон усны нөөцөөр ядуу, дулааны улирал богинотой учир түүхийн турш хүн ам бага суурьшсан нутаг байсаар ирсэн билээ. Ус бол соёл иргэншлийг тэтгэгч байгалийн их “эрчим хүч” юм. Ус нь алга болсон нутгийн соёл иргэншил мөхөж, хот суурин нь хоосорч, хүмүүс нь нүүдэллэн орхин явдаг их түүх үргэлжилсээр л байна. 

Туулын хөндийд орших Улаанбаатар хот бол монголчуудын анхны том суурьшил. Энд шинэ цагийн Монгол үндэстэн төвлөрч, хамтын суурин амьдралд суралцан, төр засгаа байгуулан, үйлдвэрлэлээ хөгжүүлэн амьдарч байна. Харин бидний “эрчим хүчний” нөөц улам багассаар байна. Бид ч өөрсдөө түүнийгээ хайр найргүй багасгасаар байна. Туулын хөндий дэхь бидний соёл иргэншилд хэр хугацаа үлдсэн бэ ? Та энэ цаг хугацааг мэдэрье гэвэл Туул гол дээр очоорой.