“Боолын” сэтгэлгээ
Эргүүлэг: Сэрэхгүй бол сайхан БИШ зүүд (1)

Хайрцаг доторх амьдрал

Хэдэн хархыг битүү хайрцагт хийгээд олон хоног өлөн байлгавал яахав ? Тэд сулхан нэгнийгээ барьж идсээр байгаад хамгийн сүүлд хүчтэй ганц нь л үлдэнэ (Мэдээж хэрэг өвсөн тэжээлт ердийн хулгана бол тэгэхгүй байх. Харин махчин хархууд бол мөнгөний ертөнц дэхь хүмүүс бидэнтэй яг адил аашилна).

Хэрэв тэр хархуудыг задгай орчинд тавьчихвал бие биенээ барьж идэх үү ? Үгүй, харин ч нийлж сүрэглээд  бусдыг дайрч, сүргийн амьдралдаа сүрхий зохицон явдаг. Энэ бол хязгаарлагдмал нөөц бүхий хаалттай орчинд нэг төрлийн амьтад ч бие биендээ дайсагнаж, харин нээлттэй орчинд бол нэг баг болон хамтран амьдардгийн жишээ юм.

Хаалттай, хязгаарлагдмал орчинд тусгаарлагдсан амьтдын адил төстэй шинжүүд нь бус, харин бусдаасаа ялгарах өчүүхэн ялгаа нь амьд үлдэхэд хэрэгтэй гол хүчин зүйл болдог бол нээлттэй орчинд өөр хууль үйлчилж, тэдний ижилсэн сүрэглэх чадвар илүү ажиллаж эхэлдэг.

Монгол орон түүхийн 500 жилийн турш дэлхий ертөнцөөс тасарсан, хаалттай нутаг байлаа. Монгол улс Юань гүрний хөдөө аймаг, дараа нь Манж гүрний хоцрогдсон алс хязгаар, хамгийн сүүлд Зөвлөлтийн блокт түүхий эд нийлүүлэгч дагуул муж байж ирсэн. Бид түгжигдмэл нутагтаа жалга довоороо бүлэглэн ялгарч, бие биенээ үгүйсгэж, дотоодын байнгын тэмцэлд туйлдсаар ирсэн. Гадаад ертөнцийн өмнөөс хамтарсан нэг хүчээр зогсохоо Их хаадын үеээс хойш бид мартсан билээ.

Бид нээлттэй дэлхийд нэгдээд 20 жил боллоо. Гэвч бид энэ том системд амьдрах аргаа өнөө хэр сайн олоогүй л явж байна. Гурван сая монголчууд бид зургаан тэрбум хүний ертөнцөд (ердөө 0.05%) өөрийн байр сууриа олж, улс гэрээ төвхнүүлэн, нэгдмэл эрх ашгаа ойлгож, нэг баг болон бусадтай өрсөлдөн явах арга ухаанаа олж амжаагүй л байна.

Ирж буй цаг үед сайхан амьдрахын тулд бид 500 жилийн турш програмчлагдсан ой санамжаа өөрчилж, Монголынхоо хайрцаг дотор бус харин зургаан тэрбум хүнтэй дэлхий ертөнцийн хүрээнд сэтгэж, зохион байгуулагдан ажиллах цоо шинэ чадвар хэрэгтэй болж байна.

Хайрцагнаасаа гарч чадвал том дэлхий биднийг улам нэгтгэнэ, хүчтэй болгоно. Харин бидэнд хайрцагнаасаа гарах хүсэл зориг хэр бий бол ?

Comments

Ц.Батхишиг

Ер нь нэг дэлхий гэдэг ойлголтыг ядгуугын зовлон гэдэг том хана хорвоо ертөнцөөс тусгаарлаад байдаг бололтой. Харин овоо сэхээд амрахын ухаанаа олсон нөхдөд бол эх дэлхий гэдэг ойлголт нэгэн гэр бүл болон амьдарч болох асуудлыг сонирхон шинжлэн судалдаг ч юмуудаа. Бидний цөөх өн Монголчуудад энэ ухагдуун оюун ухаанд нь арайхан сууж ухамсарлах чавар хөгжихгүй л байгаа юмуудаа.Аргагүй л цаг хугацааны асуудал шиг байна. Мөнгөтэй болж байж л дэлхийн асуудал авч хэлэлцэх гээд байгаа юм бишүү цаадуул чинь.Уг нь одооноос л эхлэх хэрэгтэй.

Enkhbat

Бараг тийм ;) Гэхдээ хайрцаг гэж сэтгэлгээний статик зогсонги байдлыг бас нэрлэж байгаа учир онолын хувьд сэтгэлгээнд хайрцаг байхгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тухайн үед хязгаарт тулсан юм шиг байдал үүсэх боловч мэдлэг, чадвар, сэтгэлгээ цаашаа тасралтгүй өргөсч, гүнзгийрч байх боломжтой.

Dsainbayar

Үнэн үг шар тос! Товч бөгөөд тодорхойгоор өнөөгийн бидний байдлыг бичжээ. Харин тийм ээ! Бидэнд тийм хүсэл зорилго байна уу? Хувийн эрх ашгийг 2 дугаарт тавих хүн өнөөдөр хэр олон бэ?

byambaa

Хайрцаг бүхэн хэмжээтэй. Хайрцагнаас гарна гэж бол байхгүй зүгээр л жижиг хайрцагнаас том хайрцаганд орж байгаа хэрэг. Хэрвээ хайрцагнаас гарчихлаа гэж бодож байгаа бол зах нь харагдахгүй хайрцаганд байна гэсэн үг гэж бодож байна. Илүү том хайрцаганд орж өмнө нь нэг хайрцаганд байсны хувьд нэг нэгнийгээ дэмжиж магадгүй. Бас нэг бодох зүйл нь одоо манж үндэстэн гэж байхгүй харин Монголд мэр сэр манжирхдаг хүмүүс байгаа бололтой.

The comments to this entry are closed.