Туул голд урь орлоо
Хайрцаг доторх амьдрал

“Боолын” сэтгэлгээ

… хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай, таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв. Хуучин хvv шинэ хvv болов. Юутай завшаан, юутай баяр.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг “хөмөрсөн тогооны доторх” монгол амьдралын тухай гайхалтай зураглалыг бид бүгдээрээ мэднэ. Хүүхэд байхдаа энэ өгүүллийг уншаад, феодализмын үеийн Монголд тийм байжээ, харин одоо бол тэр тогоо сөхөгдөж гэрэл туссан гэж боддог байж билээ.

Үнэхээр тэгсэн л дээ. Социализмын үед орчин үеийн Монгол улс бий болж бидний амьдралд их гэрэл гэгээ орсон. Гэхдээ энэ зам мухардаж төгсөхийг бид бүгдээрээ туулж харсан билээ. Амьдрал сайжирч, монголчууд бид нэгэн хөмөрсөн тогоон дороосоо гарсан боловч коммунизмын өөр нэг хөмөрсөн тогоон дор туугдан орж, шинэ цагийн “боолын” сэтгэлгээг олж авцгаасан. Энэ бол бусдын тусламжид шүтэн амьдрах, бусдаар бүхнийг хийлгэх, бага хөдөлмөрлөж их халамжлуулах, ядуу байхыг урамшуулах, өөрийн бодлоор явахаас айх, ямар нэг даргын ивээлд багтан амьдрахыг дээдлэх сэтгэлгээ байсан.

Хэдийгээр бид чөлөөт өрсөлдөөний чанд хууль бүхий дэлхий ертөнцийн нэг хэсэг болоод 20 жил болж байгаа ч энэ сэтгэлгээ манай нийгэмд давамгайлсан хэвээр л байна. Магадгүй, ийм байдал зарим талд ашигтай учир үүнийг хөхүүлэн дэмжсээр байж болох юм. Нийгмийн сэтгэлгээний энэ хоцрогдлыг зөвхөн дотоодын улс төрийн хүчнүүд төдийгүй гадаадын тоглогчид ч ашиглахыг хичээж байгааг бид өдөр бүр л харж байна.

Бид бүгдээрээ бусдаас дутуугүй амьдрахыг хүсч байгаа. Тэгвэл бусдаас дутуугүй сэтгэж, зүтгэх л хэрэгтэй боллоо. Энэ дэлхийд зөвхөн бидэнд зориулсан хөнгөлөлттэй зам гэж байхгүй.

Биднийг хэн ч хөмөрсөн тогоон дотор бариагүй боловч бид өөрсдөө тэндээ байсаар л байна. Бид “боолын” сэтгэлгээгээ орхиж эс чадвал жинхэнэ боол л болно. Тиймд Д.Нацагдоржийн Хуучин хүү маань хөмөрсөн тогоон дотор байхдаа олж авсан сэтгэлгээнээсээ салж Шинэ хүү болох цаг нэгэнт болж дээ.

 

Comments

Бат-Эрдэнэ

Хоцрогдол гэдэг тун харьцангуй ойлголт юм. Бусад хүмүүсийн олноороо тэмүүлж байгаа бүхнийг хөгжлийн туйл гэвэл бас л абсолют үнэн байж чадахгүй. Учир нь хүн бүр аз жаргалыг өөрийнхөөрөө ухаарч, төсөөлж байгаа. Иймд анжис хятадуудыг хоцрогдолд нь "хүлээд", европынхныг "чөлөөлсөн" гэж нэг утгатай гаргалгаа хийвэл хэт хялбарчлал болно. Тэрхүү "хоцрогдол" нь өөрийнх нь мөрөөдлийн туйл болсон хятад ч бий л биз, хөдөлмөрөө хөнгөвчлөөд бусдаас дутахгүй болсон нь ч байгаа л байх, үүний адилаар европын тариачид ч бүгдээрээ чөлөө цаг ихтэй наадамчид наргианчид болсон нь юу л бол. Үүнд анжисаас гадна хэрэглээний цар хүрээ, амьдралын хэв маяг, удирдлага менежментийн соёл тогтоц гээд "чөлөө цаг"-ийг бүрдүүлэх бусад хүчин зүйл буй.
Дашрамд дурдахад манай монголчууд аз жаргалын индексээрээ муугүй үзүүлэлттэй байна билээ (http://www.le.ac.uk/users/aw57/world/sample.html). Манайхан француудаас, хятадууд япончуудаас өөрсдийгээ илүү аз жаргалтайгаар мэдэрдэг бололтой шүү.

Enkhbat

Миний уншсанаар бол Хятад өөрийгөө гадаад дэлхийгээс бүрэн тусгаарлаад хоцрогдох замдаа орсон. Нөгөө талаар, соёл иргэншил бүрийн хөгжил маш олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Хэдийгээр анжис маш чухал ололт байсан боловч бусад олон хүчин зүйл Хятадын түүхэнд сөрөгөөр хүчтэй нөлөөлж ирсэн нь гарцаагүй. Тэр тал нь л дийлж дээ ...

Enkhbat

Манжийг унахад халамжийн тогтолцоо хүчтэй нөлөөлсөн талаар сонин домог байдаг. Блогтоо энэ тухай удахгүй бичнээ

Анхаа

Хүмүүс зав чөлөө гаргахын тулд завгүй ажилладаг, амар тайван амьдрахын тулд дайн хийдэг. Аристотель
Анжисыг хятадууд бараг МЭӨ 4 зуунаас хэрэглэдэг байсан гэдэг. Харин европчууд тэднээс бараг 2 мянга шахуу жилийн дараа хэрэглэж эхэлсэн ба өнөө анжис нь европын тариачидын ажилыг асар хөнгөвчилж тэдэнд наргиж цэнгэх, дуртай зүйлээ хийх чөлөө зав өгчээ, үүнээс улбаалаад европд маш том өөрчлөлт гарсан гэж үздэг.
Анжис мэдээж алаг үзэхгүй хятадын тариачдын ажилыг ч мөн хөнгөвчилсөн л байж таараа. Гэтэл анжис яагаад 2 мянган жил тэдэнтэй хамт байсан атлаа европ шиг өөрчлөлтийг тэдэнд авч ирсэнгүй вэ?

ЦБатхишиг

Тийм шүү
Бусдын тусламж хүлээх ядуу байхыг урамшуулах даргын ивээлд амьдрах гэх мэт энэ бидний цөөхөн Монголчуудын хатгийн үнэн тодорхойлолт
Энэ ийм юмаа Манжийн дарлалын үед эцэг өвгөд маань тулдаа хүрсэн хамаг юмаа барсан бүр бидний үе хүртэл мах цусандаа шингэтэл тээж иржээ
Ашгүй цөөхөн ард түмэнд тэмцэн гарч чадах чадвар байж
Олон зуун жилийн дарлал мөлжлөгийн үр уршиг одоо хүртэл бидний эцэг өвгөдөөр дамжин улмаар үр удамд маань халдварлан очих аюул нүүрлэсэн хэвээрээ байна
Тэр албан тушаал эд хөнрөнгөнд бүх юумаа тушаах эх орноо худалдах хүний хүнийг дээдлэн эрх мэдлээ тавьж өгөх ноёдод тал засах гээд
Энэ бүхэн бүр социализмаас өмнөх ужиг өвчин ер иь социализм чинь цэрэгжисэн хагас цэргийн зохион байгуулалттай нийгэм байсан болхоор захиран удирдах систем дээр хүн бүр захирагч өөрөөр хэлбэл ДАРГА байх мөрөөдөлтэй дарга системийн орон цэцэглэн хөгжих гэж ядаад дийлсэнгүй задран будархад
Шинэ үе зүсээ хувилгасан ард түмний дайсангууд зах зээлийн ямар ч анхны мэдлэггүй гарч ирдэг юм байна Ямар улс төрийн ёс суртхуунгүй
Ядарсан Монголчуудаа хэрхэн шинэ арга барьлаар ядууруулан мөлжих шинжилэх ухааны үндэслэлтэй өдөр шөнөгүй ажилдаг болжээ

The comments to this entry are closed.