Previous month:
October 2008
Next month:
October 2009

April 2009

10 жилийн дараа Улаанбаатар хот гүний усгүй болж магадгүй

"Өнөөдрийн монгол" сонинд гарсан ярилцлагыг орууллаа. Монголын парламентад "Ногоон бүлэг" хөл тавьж байгаа юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа. -"Ногоон бүлэг"-ийг байгуулах болсны шалтгаан нь юунд оршиж байгаа юм бэ? -Монголын парламентын "Ногоон бүлэг" үйл ажиллагаагаа эхэлж байна, өнөөдрөөс. Бүлэг маань парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл болох 20 гаруй гишүүн орж, ажиллах саналаа илэрхийлсэн байгаа. Өнөөдөр байгаль экологи сэргээгдэх эрчим хүчний аюулгүй байдал, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал зэрэг олон асуудлын гарах гарцыг "Ногоон бүлэг" хайж, олох юм. Бидний үүрэг бол байгаль, эх орныхоо төлөө санаа зовж байгаа Монголын бүх иргэн, улстөрчид, төрийн бус байгууллагууд, эрдэмтдийг холбон ажиллах нарийн бичгийн даргын үүргийг бид бүхэн гүйцэтгэе гэж энэ ажлыг санаачилсан. "Ногоон бүлэг" төрийн бодлогыг экологийн тулгамдсан асуудалд хандуулахын тулд ажиллана. Иймд үндэсний хэмжээнд мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилготойгоор ажлаа эхэлж байгаа юм. -Бүлгийн гишүүд ямар нэгэн нам, улс төрийн харьяалалтай юу? -Энэ ажилд парламентад суудалтай бүх намаас оролцож байгаа. Бие даагч З.Алтай хүртэл "Ногоон бүлэг"-ийн нэг гишүүн. Тэгэхээр бидний энэ ажил ямар нэгэн нам, бүлгээс огт хамааралгүй. Нас хүйс ч хамаарахгүй. Монгол Улсын иргэн бүрт нээлттэй бүлэг байгаа. -Та бүхний ажлын гол чиг хандлага хаашаа чиглэх бол? -Монгол Улс уул уурхайн томоохон салбаруудаа хөгжүүлэхийн даваан дээр байгаа. Энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, эхнээсээ л зөв явуулахгүй бол бидний ирээдүйд ямар их хор хөнөөл болохыг бид тодорхой хэмжээгээр олж харсан. Тэгэхээр 20 гаруй гишүүн нэгдээд УИХ-д Монголын төрт ёсны бодлогыг экологийн зөв чиглэлд оруулаад явъя гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Экологи гэхээр зөвхөн байгаль орчин, хүрээлэн байгаа газар нутаг төдийгүй эмийн, хөрсний зэрэг олон асуудлыг хөндөн гаргаж ирэхийг хэлж байгаа, бид. -Оюутолгойн гэрээнд гүний усыг ашиглана гэсэн заалт байгаа юм билээ. Гэрээнд засвар орох эсэх нь тодорхой бус байгаа. Хэрэв засвар орохгүй бол говийн бүс нутаг усны хомсдолд орох нь тодорхой байгаа? -Оюутолгойн төсөл дээр усны асуудлыг одоогийн байдлаар бүрэн судлаагүй байдаг юм билээ. Энэ ордын доор байгаа ус нь олон сая жилийн хугацаанд хуримтлагдсан, эрдэсжсэн, даршсан ус. Тэгэхээр эргүүлээд тэр усыг ашиглахад нэлээд хүндрэлтэй. Бидний харж байгаагаар Оюутолгойн зэс, алтнаасаа илүү ус нь үнэтэй болдог. Сэлэнгэ мөрнөөс эх авч, гадагшаа урсаж байгаа гол мөрнүүдээсээ Оюутолгой руу ус татъя гэсэн төсөл байгаа. ОХУ л гэхэд энэ төслийг тодорхой хэмжээгээр дэмжихгүй байх санал ажиглагдаж байгаа юм билээ. Оюутолгойг та бүхэн анзаараарай. Хүмүүс уул уурхайн том орд л гэдэг. Гэтэл энэ орд сүүлийн 100 жилд Монголын ард түмнийг анх удаа өөрийн санхүүгийн эх үүсвэртэй болгох төсөл. Бид өөрсдөө энэ орддоо эзэн болоод хөгжүүлэх ёстой. Харин өнөөдөр 100 хувь гадныханд найдаад, бидэнд 1.5 сая төгрөг л өгчих, бусдыг нь та нар хийчих гэвэл Монгол Улс хэцүү байдалд орно. Тэгэхээр бид санаачлагыг гартаа аваад, шийдвэр гаргахад нөлөөлөх нь манай бүлгийн бас нэгэн зорилт. -Нийслэл хотынхоо экологийн асуудалд хэрхэн анхаарч байгаа бэ? -Японы эрдэмтдийн тооцоогоор 7-10 жилийн дараа Улаанбаатар хот гүний усгүй болно. Туул гол ширгэж байхгүй болох нь ээ. Тэгэхээр усгүй Улаанбаатар хот Оюу толгойгоос илүү асуудалд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, экологийн асуудал маань эдийн засгийн, эдийн засгийн асуудал маань улс төрийн асуудал болно. Дэлхийн улс төрийн томоохон дайн уснаас үүснэ гэж дэлхийн эрдэмтэд хэлж байгаа. Манай улс дайнд ордоггүй юм аа гэхэд уснаас болж нэлээд гэдсэндээ хөлөө жийлцэнэ. Тийм учраас энэ бүхний улс төрийн шийдлийг олохын тулд бидний нөхөд хамтын ажиллагааг зохион байгуулж байгаа хэрэг. Ер нь өнөөдөр Улаанбаатар хотод дотроосоо цөлжилт явагдаж, түйрэнгийн бүс болчихоод байгаа шүү дээ. -"Ногоон бүлэг"-ийн хамгийн анхны болон цаашид хийх ажлын төлөвлөгөө сонирхолтой байна? -"Алт" хөтөлбөр хэрэгжиж, үр өгөөжөө Монголчуудад өгсөн. Гэхдээ хор хөнөөл нь түүнээс илүү байгаа гэдгийг онцолмоор байна. 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийг бид хаах зорилго тавьж ажиллана. Мөн Оюутолгой, Таван толгойн орд болон уул уурхайн салбарт явж байгаа ажилд намын харьяаллаас үл харгалзан өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой тусгаж ажиллана гэж бодож байгаа. Ялангуяа, өнөө маргаашгүй хэлэлцэгдэж эхлэх Оюутолгойн ордын байгаль орчны экологийн асуудлыг анхааралтай ажиглана. Түүнчлэн усны асуудал бидний өмнө тулгамдсан гол асуудал болоод байгаа, өнөөдөр. Мөн эрчим хүчний болон ураны асуудал анхаарал татсаар байна шүү дээ. Өнөөдөр Монголын газар нутагт байгаа ураны ордуудын дийлэнхийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг. Тэд уранаа баяжуулаад, олборлоод л гараад явна. Гэтэл бидэнд хэнд ч хэрэггүй хог хаягдал үлдэнэ. Ганцхан жишээ дурдъя. Киргиз улсад уранаа баяжуулаад олборлоод явуулдаг байсан байдаг. Гэтэл түүний дараа үлдсэн хаягдал л цацраг идэвхт туяа цацруулдаг хог хаягдалтай болсон түүхтэй. Бидэнд бас ийм хог хаягдал үлдэнэ гэдгийг тооцоолж байх хэрэгтэй. Одоо Киргиз улс тэр хог хаягдлаа яаж устгах вэ гэсэн толгойн өвчтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр бид аюултай талыг сайн харж, алс ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах ,нь чухал байгаа юм. -Танай бүлгээс ямар нэгэн хуулийн төсөл боловсруулан гаргах уу? -УИХ-ын даргад Ойн болон усны сав бүхий газарт ашигт малтмал эрж хайх энэ үйл ажиллагааг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой. Бид аливаа асуудалд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ханддаг. Тиймээс байгаль, экологитой холбоотой асуудалд хайнга хандаж болохгүй. Хэдийгээр бид хоцорч яваа боловч ямар ч арга хэмжээ авсан үр дүнгүй болохоос нь өмнө даруйхан зохицуулалт хийж, хууль гаргаж хамгаалах шаардлагатай. Энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдтэйгээ, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа, иргэдтэйгээ, эрдэмтэн судлаач нартайгаа хамтран ажиллах болно. Д.Цэнгэл


Монгол улс: Уул уурхай ба дэд бүтэц

imageУИХ дээр бид улсын төсвөө ня-бо нар шиг л мөр мөрөөр нь жагсаагаад, мөнгөө нэмж хасаад л хэлэлцдэг. Мэдээж хэрэг ийм хэлэлцүүлэг улс орны хөгжлийн бодлогын тухай бус харин талуудад “мөнгө хуваарилах” хуралдаан байдлаар явагддаг. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байсан сүүлийн жилүүдэд ийм хуваарилалт бүр эрчтэй явагдаж, тэр бүү хэл дараа жилүүдийн орлогоо хүртэл намууд маань бие биенээсээ уралдан амлачихсан. Дандаа л мөнгө ихтэй байх шиг загнасан. Харин одоо …. мөнгө байхгүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уначихсан. Эргээд хэзээ өсөх бол ? Мэдэхгүй. Нөгөө амлалтууд, эхлүүлчихсэн олон ажлаа одоо яах вэ …. Ийм өндөр болчихсон урсгал зардлаа яах вэ … Халах уу, цомхотгох уу, хаах уу ….

 

Засгийн газар түр зуур амь аргалах арга хайж байна. Гаднаас зээл авч, тусламж гуйж. Энэ нь тэгээд шийдэл мөн үү ?

“Ийм байдлаар улсын эдийн засгийг, төсвийн зарцуулалтыг авч явж болдоггүй юм. Ашигт малтмалын салбарын орлого маш их хэлбэлздэг, тэгээд ч энэ бол дахин сэргээгдэхгүй байгалийн баялгаа зарж нэг удаа л олох орлого. Тиймд уул уурхайн салбараас олох орлогоо зөв менежмент хийхгүй бол Монгол улс хөгжих бололцоогоо алдах эрсдэлд орно. Чили улс энэ асуудлаа …. ингэж шийдсэн юм …. “ гэж ноен Анинат ярилаа.

Дэлхийн банк, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хамтран “Монгол улс: Уул уурхай ба дэд бүтэц” нэртэй хурал Улаанбаатар зочид буудалд болж байна. Хуралд хагас өдөр суулаа. Чили улсын сангийн сайд асан Эдуардо Анинат “Түүхий эдийн үнийн мөчлөгт тохирсон төсвийн болон макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд” гэсэн илтгэл тавьсан нь их сонирхолтой боллоо.

Бид ноен Анинатын хэлж буйг “бараг” мэдэж байсан. Зүгээр л тэгэж хийхийг хүсээгүй. Харин энэ хямрал, ийм лекцүүд бидэнд өөрчлөлт хийх улс төрийн хүсэл зориг авчирах болов уу ?