Internet

Монголын Интернэт: “Интернэтийн талаар миний санах зүйлс”

Монголын Интернэтийн 15 жилийн ойд зориулав

АНУ-д амьдарч, ажиллаж яваа Жагдаг маань “Интернэтийн талаар миний санах зүйлс” гарчигтай  сайхан блог бичжээ. Миний бичих ажил ч их хөнгөрлөө … Smile 

Монголын Интернэтийн ойд цуврал нийтлэлүүд сэтгэл их хөдөлгөж, олон сайхан дурсамжуудыг санаанд оруулж байна аа. Бодвол удахгүй magicnet = шидэт сүлжээ = Mongolian Access Global Internet Connection ... нэр өгч байсан талаараа дурдах байх аа, тээ?

Би бас ихэд хөөрөөд жаахан зүйл блогтоо бичих гэж оролдлоо - http://bit.ly/dUKJ95

Далимд нь тодруулахад, MagicNet гэдэг нь Mongolian Access to Global Information and Communications гэсэн үгийн товчлол билээ. Мэйжикнэт ХХК бол Датакомоос төрсөн гурван охин компаний нэг юм (http://www.magicnet.mn).

Ч.Батаа Мэйжикнэт компанийхаа Ерөнхий захирлаар, С.Нацагдорж ТУЗ-ын даргаар, Ш.Батцолмон албаны даргаар, Э.Бямбаа инженерээр, Н.Мөнгөнчимэг сис-админаар ажиллаж байна.

Б.Бурмаа, Н.Үнэнбат нар Датаком компанидаа (http://www.datacom.mn) ажиллаж байна . Датаком компаний Ерөнхий захиралаар Г.Энхболд ажиллаж байна.

Дипломатч С.Бадралыг манай Твиттерчид сайн мэдэх байх (@badrals). Сэтгүүлч Д.Цэрэнжавтай блогоор нь (http://www.ajiglagch.mn) танилцаарай Smile

Монголын Интернэтийг бүтээхэд хүсэл зоригоо нэгтгэн, бие биенээ нөхөн хамтран зүтгэж явсан бүх  нөхдөдөө талархлаа илэрхийлье.

Э.Жагдагдоржийн Аргамаг Блог - http://argamag.blogspot.com.

Их баярлалаа ! Open-mouthed


Монголын Интернэт: 128 Kbps–ийн өндөр хурд

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Нэгэн сонирхолтой тоо баримтыг та бүхэнд толилуулья. Үнэхээр гайхалтай !

Өмнөх блогт маань Сайхнаа гэдэг нэгэн залуу аймгийн төвөөс саналаа бичжээ -

… Тухайн хэрэглээг хэрэглэхэд хот хөдөөд дэндүү ялгаатай. Учир нь манай аймгийн төвд гэртээ интернэт хэрэглэхэд 128 Kbps хурдтайгаар гэрээ байгуулан ашиглахад 22.0 мянган төгрөг, харин ийм өртгөөр нийслэлд бол бараг 1 Mbps хурдтай интернэт хэрэглэнэ биз дээ ? Гэвч бидэнд хүссэнээ хэрэглэж, хүссэнээ хийж болох болсонд баярлахаас яахав …

1995-96 оны өвөл бүх Монголын Интернэт яг 128 Kbps хурдаар эхэлж байсан юм. Тухайн үедээ энэ бол мундаг өндөр хурд байлаа. Ихэнх хэрэглэгчид маань 9600 Kbps хурдтай модемтой, харин гадаадын байгууллагын зарим хэрэглэгч 14400 Kbps модем хэрэглэж манай сансрын холбооны шугамыг “хэт ачаалах” асуудал үүсгэдэг байв.

Бидний холбогдсон АНУ дахь backbone шугам 2 Mbps хурдтай байсан гэдэгт одоо залуус итгэхгүй байх даа Smile

Сансрын холбооны 128 Kbps шугамын түрээсийн үнэ сард 9800 ам. доллар байв. Энэ нь тэгээд тусгай хөнгөлөлттэй үнэ шүү дээ! Жил гаруйн дараа бид гайхалтай өндөр буюу 512 Kbps хурдтай шугамтай болж, сард 22000 ам. доллар төлж эхэлсэн …

Интернэтээс 2-3 жилийн өмнө, бид PC-mail үйлчилгээгээ эхэлж файл солилцохоор аймгууд руу өдөр бүр ердөө 30-60 минут л холбооны шугам түрээслэдэг байсан юм. Тэр үед бид 2400 Kbps хурдтай модем хэрэглэж 50 Kb файлаа арайхийж, хэлтэй амтайгаар татаж авч амждаг байлаа.

Интернэтийн үйлчилгээ эхлэх үед бидэнд сүлжээний төхөөрөмжүүд (роутер) олддоггүй (их үнэтэй), түүний программыг өөрсдөө олж, тохируулан  бичиж, PC-гээр орлуулан бүтээдэг байлаа. И-мэйл сервэрийнхээ программыг хүртэл цуглуулан “угсардаг” байв.

15 жилийн дотор технологи ямар гайхалтай хөгжсөнийг энэ бүх жишээнээс харж болно.

Өнөөдөр би гэртээ 3 Мbps –ийн шугам хэрэглээд энэ блогийг бичиж сууна. Шилэн кабелийн холболтийн үнэ сард ердөө (эсвэл их үнэтэй ?) 29 мянган төгрөг Smile 

Дараагийн 15 жилд чухам ямар дэвшил гарах бол ? Мэдээж, Интернэтийн технолог, хэрэглээ  маш их хөгжих болно. Тэр цагт магадгүй, сард 29 мянган төгрөгийн үнэтэй боловч ердөө 3Mbps хурдтай Интернэт хотын айлуудад байсанд өнөөдөр цэцэрлэгт явж буй хүүхдүүд итгэхгүй байх …

Тийм ээ, Сайхнаа, бүх зүйлс сайхан бүтэж байна. Шинэ цаг ирж, гайхалтай шинэ боломж нээгдсээр байна. Бүгдээрээ … Интернэтдээ … баярлахаас яахав Open-mouthed


Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ”

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Өнөөдөр амралтын өдөр. Тиймд  Монголын Интернэттэй холбоотой нэгэн инээдтэй түүхийг энэ удаад өгүүлье … Open-mouthed

Биднийг Интернэтийн үйлчилгээгээ дөнгөж эхэлж байх үед монголын нэгэн том сонинд “Италийн мафи Монголд орж ирлээ” гэсэн гарчигтай өгүүлэл гарлаа. Сонинд Италийн мафи болон Коза-Ностра хэмээх аймшигтай байгууллагын тухай, ардчилсан, нээлттэй Монгол улсад энэ мафи орж ирснээр ямар аймшиг нийгэмд авчирч болох тухай бичсэн байлаа. Тэгээд өгүүллийнхээ гарчгийг томоо гэгчийн наймаалж ороосон байдлаар зурсан байсан нь сонины нүүрийг бүр сүртэй болгосон байв.

Уг өгүүлэлд Д.Энхбат гэдэг нэг нөхөр бол Италийн мафийн нууц төлөөлөгч бөгөөд Датаком гэх компаниа байгуулан Монголд энэ аюулыг сэм авчирч байна, тиймд бүгд болгоомжлох хэрэгтэй тухай бичсэн байлаа. Д.Энхбат бол Италийн мафийн төлөөний хүн, түүний ард Коза-Нострагийнхан байгаа гэдгийг сэтгүүлч илчлэн бичсэн байв.

Тэр үед телевизээр “Наймаалж” хэмээх олон ангит цуврал кино гарч хүмүүс комиссар Катани ба Италийн мафийн тухай бүгдээрээ л мэддэг, ярьдаг болчихсон байсан цаг. Энэ кино нь ирж буй капиталист нийгмийн тухай бидний ойлголтыг бүрдүүлсэн мэдээлийн анхны томоохон эх сурвалжийн нэг байсан юм.

Тэр бол Монголын хамгийн том сонины нэг байсан учир өгүүллийг олж уншсан зарим хүмүүс над руу утасдаж, юу болоод байгаа, сониныхон яагаад ингэж бичээд байгаа тухай асууж байлаа. Намайг сайн таньдаг нэг нь гайхан асууж, таньдаггүй нь их л болгоомжилж байгаа нь харагдаж байв.

Би ч их гайхаж, сонины газар руу утасдлаа. Тэгээд уг өгүүллийг бичсэн сэтгүүлчийг хөөцөлдөн байж олоод учрыг нь байцаан лавлахад ингэж бичсэн нь үнэхээр инээдтэй учир шалтгаантай болохыг олж мэдсэн юм.

Сэтгүүлч маань Датаком компанийхан байрны дээвэр дээрээ сансрын холбооны том антен суулгаад байгааг олж харжээ. Тэгээд юун антен болох, ямар зориулалттайг тэр хавийн хүмүүсээс болон манай зарим нэг ажилтнаас лавлан асуужээ. Манай ажилтан залуу түүнд Интернэт гэх дэлхийн хамгийн том сүлжээ байдаг тухай, вэб буюу WWW гэж юу болох, англи хэл дээр энэ үг нь “дэлхийг хэрсэн тор”, бас аалзны тор гэсэн утгатай тухай ч ярьжээ.

Харамсалтай нь сэтгүүлч маань “Наймаалж” киног хэт их үзээд түүнд бүр орчихсон явж байсан учир бүх зүйлийг өөрийнхөөрөө хүлээн авсан байна. Тэгээд намайг утасдаж чухам яагаад ингэж бичсэн тухай асуухад Интернэт гэж дэлхийг хэрсэн маш том аалзны тор мэт зүйл байдаг юм байна, тэр нь лав мафи байж таараа гэж ойлгосноо нуулгүй хэлсэн юм.

Тэр сэтгүүлчийн талаар би гомдол гаргаагүй. Гаргах ч арга байсангүй. Харин түүнд Интернэтийн тухай хэлж өгч билээ. Энэ бол үнэхээр л дөнгөж нээлттэй болж байсан Монголын маань дүр зураг. Бид бүгдээрээ л тэр цаг үеийг туулж өнгөрөөсөн … Open-mouthed


P.S. Харин нэг асуулт толгойд орж ирээд байх юм. Цаг хугацаа өнгөрч бүх зүйл маш их өөр болсон мэт. Бас юу ч өөрчлөгдөөгүй, одоо ч гэсэн бид дээрх шиг бичиж, “тайлбарладаг” хэвээрээ л байгаа мэт.


Монголын Интернэт: Америктай холбогдов

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

1995 оны маш хүйтэн өвөл болж байлаа. Бид ч ажилдаа улайрч, өвлийн хүйтэн өдрүүдийг анзаарах завгүй, дор бүрнээ сервэр, программ хангамж, кабель, тоног төхөөрөмжтэйгээ ноцолдож, олонх маань ажил дээрээ хонож байв.

Хэдийгээр бид өөрийн PC-mail гэгдэх и-мэйлийн үйлчилгээгээ эхлүүлээд бараг гурван жилийн нүүр үзчихсэн байсан боловч Америктай шууд холбогдсон, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай сансрын холбооны сүлжээ байгуулан Интернэтийн онлайн үйлчилгээ эхлүүлнэ гэдэг бараг л зөгнөлт зохиол биелж байгаа мэт тэр үед надад санагдаж байсан юм.

Юм болгон маш үнэтэй байлаа. Америк руу утсаар 1 минут ярихад 5 америк доллар гардаг байв. Тэгээд ч бүх дуудлага зөвхөн Москвагаар, зарим үед орос оператороор дамжин, гар ажиллагаагаар, бүр урьдчилан захиалж, хүлээж байж хийгддэг байв. Бид Америкаас худалдаж авсан сансрын холбооны антенаа суурилуулж, тохируулга хийхийн тулд олон шөнийн турш байшингийнхаа дээвэр дээр хэдэн цагаар ээлжлэн зогсоцгоож, америкийн талын инженерүүдтэй утсаар ярих бүртээ эсвэл цонхоороо хашгиралдаж, эсвэл шатаар дээш доошоо гүйлддэг байв. Гар утас гэдэг зүйл нь Монголд ирээгүй байлаа.

Америкийн цагийн ялгаанаас болж бид шөнийн цагаар л гол ажлаа амжуулдаг байв. Зарим шөнө утсаар ярихад 1000 доллар гарч ёстой “шатна” гэдэг нь болж сандаргаж байлаа. Тэр үеийн Монголд 1000 доллар бол маш том хөрөнгө байсан юм.

Монголд мөнгө ховор байсан цаг. Алдарт “Алт дилерийн” гэгдэх хэргээс болж Монгол улс валютийн бараг бүх нөөцөө алдчихаад сэхэж амжаагүй, зөвхөн донор орнуудын тусламжаар эрчим хүчээ тасалж гал алдчихалгүй, данс нь бүрэн улайчихалгүй явж байв.

Бид төрөл бүрийн арга замаар хөөцөлдөж байж ХОТШ банкнаас 50 мянган долларыг 6 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авч  сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээ авсан юм. Бидний хэн маань ч урьд нь ийм их мөнгө зарцуулж үзээгүй, сарын 4.8 хувийн хүү гэж ямар их өндөр эрсдэл болохыг ч мэддэггүй байв.

Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байсан зүйл бол тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл байлаа. Мөнгө хүрэхгүй учир зөвхөн хэрэгтэй төхөөрөмж бүрээ ганц нэг ширхэгээр, сэлбэг хэрэгсэл гэхээр зүйлийг бараг аваагүй байв. Хэрэв ямар нэгэн төхөөрөмж гацаад сэлбэг хэрэгтэй болбол Америк руу захиж, тэр нь сар хагасын дараа л арай гэж ирж амждаг байв. За яахав, сар хагасыг хүлээе гэж бодоход тэр бүх хугацаанд сансрын холбооны шугам сул зогсож бид бүрэн дампуурах аюултай байлаа.

Олон сар хөөцөлдөж, олон өдөр шөнө техникийн бичиг баримт уншиж, туршилт хийж ажилласны эцэст Монгол-Америкийн сансрын шууд холбооны шугам маань ажиллаж эхэллээ. Америкийн ПанамСат-4 хиймэл дагуулаар дамжин Монгол улс АНУ-ын Калифорни мужтай шууд холбогдов. Зөвхөн Москвагаар дамжин гадаад орнуудтай холбогддог байсан он цаг солигдлоо. Үүнийг бид өөрсдөө, Монголын хувийн нэгэн жижиг компани санаачлан хийж том амьдралаа эхэлсэн юм.

Сансрын холбооны шугам бол одоохондоо бас Интернэт биш байлаа. Интернэтийн сүлжээнд холбогдож бүх үйлчилгээгээ эхлүүлэх дараагийн чухал алхам биднийг хүлээж байв. Олон чухал, хэцүү сорилтууд, заримдаа инээдтэй, бас эрсдэлтэй үйл явдлууд үүний дараа үргэлжилсэн юм.


Монголд Интернэт нэвтрүүлсэн түүх

1994 онд Мэдээллийн Харилцаа ББХК нь Монголд анх удаа Интернэтийг үйлчилгээг явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл, Монгол улс Интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байлаа. Энэ үед Интернэтэд өдөрт 2 удаа холбогдож и-мэйлийн дамжуулалт хийдэг байв. 1995 оны 12 сараас газрын станц суурилуулснаар Интернэтэд онлайнаар холбогдох боломж бий болсон. Улмаар Мэдээллийн Харилцаа ББХК нь Датаком ХХК болон өргөжиж, Монголд анх Интернэтийг нэвтрүүлэх болон Интернэтийн төрөл бүрийн үйлчилгээ хэрэглээг Монголд бий болгох тал дээр маш чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед Америкийн элчин сайд Монголд нийлүүлж байсан шар тосны орлогоос Монголын хамгийн хүн салбаруудад санхүүгийн зээл, тусламж үзүүлэх сан байгуулсан байв. Энэ сангаас Датаком ХХК 50 000 ам.долларыг 4.8 хувийн хүүтэйгээр зээлэн авч Интернэтийн үйлчилгээнийхээ эхлэлийг тавьсан байдаг. 1996 оны 1-р сарын 17-нд Монгол улсад Интернэт нэвтрэрснийг албан ёсоор зарлаж, Интернэтийн нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч П.Очирбат болон төр засгийн томоохон төлөөлөгчид оролцож байлаа. Энэхүү нээлтэн дээр монгол улсын төрийн далбааг цахим байдлаар намируулан, төрийн дууллаа эгшиглүүлж, Интернэтэд холбогдсон 10 компьютер дээр Датаком компанийн инженер мэргэжилтнүүд NBA, CNN зэрэг дэлхийд алдартай сайтуудыг нийтэд дэлгэн үзүүлж байлаа. Тухайн үед Интернэтийн техник, технологи дөнгөж нэвтэрч байсан тул эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн ид хүйтэнд шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах ч үе байдаг байжээ. Интернэтээ тасалчихгүйн тулд үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулж тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах үе ч байв. 1996 онд Интернэт хэрэглэгчдийн тоо Монголд 500 гаруйхан байв. Тэр үед Монгол улсад Интернэт болон компьютерийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байсан хэдий ч Д.Энхбат захирлаар удирдуулсан Датаком ХХК шинэ техник, технологийг маш амжилтай нэвтрүүлж, одоо та бид үүний үр шимийг хүртэн гэртээ компьютертэй, Интернэттэй болж, гэрээсээ гаралгүйгээр дэлхий дахины мэдээллийн ертөнцөд аялан суух болсон билээ.