Блог гэж юу вэ? … Вовкагийн тухай нэг онигоо санаанд орчихлоо. Багш ангидаа “Залхуу хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн зохион бичлэг хийлгэж. Цаг дуусахад бүгдийнх нь дэвтрийг хураагаад өрөөндөө аваачаад шалгаж гэнэ. Хүүхэд бүр л залхуугийн тухай янз янзаар бичсэн байжээ. Харин Вовкагийн дэвтэрт юу ч байсангүй, хоосон үлдээсэн хуудасны хамгийн дор харин “Залхуу хүн гэж үүнийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр байжээ. Товч бөгөөд тодорхой …
Блог бол … одоо таны уншиж байгаа … миний бичсэн энэ тэмдэглэл юм 
Блог гэж Интернэт дээр байрлах тэмдэглэлийн дэвтэр сайтыг нэрлэдэг. Ихэнх блог уншигчиддаа санал, бодлоо нэмж бичихэд нээлттэй, интерактив бүтэцтэй байдаг. Орчин үеийн блогчид өөрийн блогтоо зөвхөн бичээд зогсохгүй зураг, аудио, видеог өргөнөөр хэрэглэдэг билээ.
BlogPulse-ийн мэдээлснээр, 2011 оны 2-р сарын 16-ны байдлаар Интернэт дээр нийт 156 сая блог ажиллаж байна.
Интернэт үүссэн цагаас л эхлэн түүн дээр Usenet, Compuserve, BBS, Mailing List зэрэг хэрэглэгчид өөрийн бодол санаагаа бичиж бусадтай харилцан ярилцах олон үйлчилгээ хөгжиж ирсэн байдаг. Өнөөгийн бидний ойлгодог Блог буюу Web Log –ийн энэ хэлбэрийг анх Swathmore College –ийнхан санаачилсан гэдэг юм.
Харин блог Монголд анх хэзээ үүссэн юм бэ?
Монголын Интернэт 1997 онд эхэлсэн. Түүнээс хойш … Анхны Интернэт блогийг хэн бичсэнийг мэдэхгүй юм байна.
Харин Монголын анхны блогийг одоогоос 40 мянган жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр бичиж үлдээснийг та одоо ч очиж уншиж болно. Тэр үед Интернэт байгаагүй учраас тэр блогчин маань блогоо агуйн ханан дээр бичиж үлдээхээс өөр аргагүй байсныг та лав ойлгоно биз 

