Х.Намуун-Уянга, Өглөөний сонин, 2009 оны 11-р сарын 2
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ Ерөнхий сайд танхимаа хэвээр нь авч явахаа зарлалаа. Гэхдээ л одоо МАХН, АН-ынхан битүүхэндээ нөхцөл байдал өөрчлөгдөх, эсэхийг харж байгаа. Ер нь та хамтарсан Засгийн газартай байх гэсэн ойлголтыг яг өнөөгийн цаг үед юу гэж бодож байна?
- Хүмүүс энэ хоер нам нэгдээд хамтарсан Засгийн газар байгуулахаар олон ажил амжуулна, үр дүнтэй гэж байна. Өнгөцхөн харахад тийм л дээ. Яахав Засгийн газрыг аж ахуйн ажил их хийнэ гэвэл зарим нэг давуу тал гарна . Гэхдээ Монголын төрийг бүр өргөн утгаар нь, өөрөөр хэлбэл улс орны засаглал гэж харвал том хоер нам хамтарч Засаг байгуулснаар Монголын төр их суларна гэж би боддог. Яагаад гэхээр олонх, цөөнхгүй болсноор парламентын гал унтарч, ардчилсан төрийн систем бүхэлдээ суларч байгаа гэсэн үг. Үнэндээ ийм парламент бол хамтарсан Засгийн газрын бодлогыг хуульчлагч л болно. Бидний парламентын засаглалтай орон байх гэсэн тулгуур зарчим суларч байна гэж би боддог. Энэ бол нэг том асуудал. Хоёр дахь нь бид Үндсэн хуулиндаа засгийн эрх ард түмний гарт байна гээд заасан байгаа. Тэгээд 2008 оны УИХ-ын сонгуулиар Засгаа хэн барихыг ард түмэн шийдсэн. МАХН засаг барина, бусад нь цөөнх буюу хянагч сөрөг хүчин байна гээд дүн гарсан. Гэтэл зарим хянагчид маань ажлаа хаячихаад Засагт ороод гүйлдээд байх юм. Уг нь намууд тохиролцож Засгийн эрхийг хэн барихыг шийдэх эрхгүй. Олонхи, цөөнх болсон намууд хоорондоо тохироод Засгийн эрх барих юм бол нэгдүгээр сонгууль хийх ямар хэрэг байна. Хоёрдугаарт засаг хяналтгүй болж битүү тойрог үүсч байгаа юм. Ийм үед эрх баригчид нийгмээсээ тасарсан хууль гаргадаг, өөртөө тааламжтай бодлого хэрэгжүүлдэг ийм бүтэц рүү явах их эрсдэлтэй. Энэ нь засаглал хуваарилах зарчмыг эвдэж байна гэсэн үг. Бусад орнуудад үүнийг хориглодог. Жишээ нь, байгууллагын нэг, хоёр дугаар гарын үсэг гэж байдаг. Гүйцэтгэл, хяналтын тогтолцоо л доо. Гэтэл манай нягтлан их сайн хүн байгаа юм, хоёр гарын үсгээ энэ хүнд өгчихье гэж болохгүй биз дээ. Яагаад гэхээр байгууллагын зарчим учраас сайн, муу хүний тухайн яриа биш. Яг үүнтэй адилхан ардчилсан засаглалын зарчимд эрх баригч, cөрөг хүчин гэж байдаг. Түүнээс хоёр намын дарга сайн тохиролцоод засгаа хуваах асуудал биш. Энэ бол ерөнхийдөө засаглалын завхралыг үүсгэж байна.
Continue reading "МАХН-ын суганд толгойгоо хавчуулсан АН-д одоо хөдлөх боломж байхгүй" »
Recent Comments