Mongolia

Mindgolia VS Minegolia

Монгол улсыг Minegolia буюу “Уурхай-улс” гэж нэрлэсэн Параг Ханагийн TED дээрх лекцийг (Parag Khanna) бид цагтаа нэлээн шуугиантай хүлээн авсан билээ. Миний бодлоор, Параг Хана Монголын хөгжлийн өнөөгийн дүр төрхийг яг л оновчтой олж нэрлэсэн. Тэгээд ч тэр хүн биднийг Мinegolia улс болсноор ирээдүйдээ их сайн явна, эсвэл муу явна гэдгийг хэлээгүй. Яагаад гэвэл тэр нь биднээс хамаарна.

Бидэнд том боломж байгаа ч энэ том боломжийг “чулуу болгох” том чадвар бидэнд одоо хэрэгтэй болж байна. Товчоор хэлбэл, даацтай хөгжлийн жигнүүрийн нөгөө тал дээр Монголыг MINDGOLIA буюу “Мэдлэг оюуны улс” болгох том үзэл санаа, үйлдэл бидэнд их дутаж байна.

Яагаад мэдлэг оюун гэж? Яагаад гэвэл 21-р зууны улс орнууд чухамдаа нийгмийн нэгж бүтээгдэхүүндээ хэр мэдлэг, оюун шингээж чадах чадвараараа л өрсөлдөн амьдрах билээ. Энэ бол мөн 3 сая монголчууд бидний дэлхийн 6 тэрбум (удахгүй 10 тэрбум болох) хүний дунд хэр амьдрах гол шалгуур.

Параг Хана Minegolia-г олж харжээ. Харин бид түүнийг давж Mindgolia-г олж харах ёстой.


Монгол нутгийн дуусашгүй их баялаг

“Атомщикуудтай маргах нь” блогийг маань уншсан олон уншигчид Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хөгжлийн боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл надаас хүссэн юм. Тиймд би энэ салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс, байгууллагаас авсан зарим нэг судалгааны дүн, танилцуулга материалыг тэдний зөвшөөрөлтэйгээр блогтоо хэвлэлээ. 

image

Танилцуулга-1. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, тоогоор

Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 (!) дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэж явах бололцоо бидэнд байна. 

Доорх танилцуулгыг Монголын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч NewCom групп -ээс авсан болно.  

Continue reading "Монгол нутгийн дуусашгүй их баялаг" »


Богд хаант төрийн “ногоон бодлого”

Өнөөдөр дэлхий даяар ногоон хөгжлийн талаар ярьцгааж, нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон ногоон өөрчлөлтүүдийн хөтөлбөрийг батлан гаргаж, улс орондоо, дэлхий нийтийн хүрээнд уралдан хэрэгжүүлцгээж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь, олон хүний хэлдгээр, 21-р зууны улс төрийн гол сэдэв, мөн  орчин үеийн соёл иргэншлийн хөгжлийн шинэ загвар болж байгаа мэт.

Харин монголчууд бид өөрийн түүх, соёл, амьдарч ирсэн уламжлалт арга хэлбэрээ эргэцүүлэн ухаарвал ногоон гээд байгаа энэ үзэл бодол нь бидний хувьд цоо шинэ зүйл бол огт биш, аль эртнээс л бидний амьдрах ухаанд (амьдралын философид) үргэлж оршин ирсэн зүйл мэт. Энэ талаар нэгэн сонирхолтой жишээг энд иш татья.

Одоогоос 100 жилийн өмнөх Монголын хаант төрийн “ногоон бодлогын” талаар ингэж өгүүлсэн байна -      

Жавзандамба хутагтын дэргэд ноёд Монголын тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар XIX – XX зууны зааг үеэр олон удаа хэлэлцэж байжээ. Харин 1909 онд болсон Богд болон ноёдын хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал Манжийн Сангийн яамнаас Хүрээнд буй амбангаараа дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаардсан байв.

Эдгээр асуултууд нь:

А. Яагаад Монголын уудам газар нутаг цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,

Б. Дээр дурьдсан нөхцөл байдалд Хаалган Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудал юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл байгаа,

В. Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас шахах халгаатай гэж үзээд байгаа

талаар хоёрдмол утгагүй нэгэн хариулт өгөхийг Жавзандамба хутагт болон Монголын ноёдоос Манжийн хааны Засгийн газар шаардсан байжээ. Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болсон байна.

Удтал хэлэлцсэний дүнд Манжийн эрх баригчдад өмнө өгсөн хятад иргэдийг Монгол нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй гэсэн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн ууланд нүүдэллэх хэрэгцээтэй байдаг тул уул уурхай нь төрөл бүрийн муу үр дүн авчирна хэмээн үзэж байгаагаа Хутагт хийгээд ноёд илэрхийлжээ …

“Монгол үндэстэн төр улсаа сэргээн тунхагласны 99 жилийн ойд” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, 2010 оны 12-р сар 

Зөвхөн энэ баримтад үндэслэн Богд Жавзандамба хутагт болон Монголын төрийн эрх баригч ноёдууд чухам байгаль дэлхийдээ санаа зовсон учир хятад иргэдийг Монголд нүүлгэн ирүүлэх, уул уурхай эрхлэхэд татгалзав уу, эсвэл байгаль дэлхийн асуудлыг урдаа барьж шалтаглан Манж-Хятадын бодлогыг хааж байв уу гэдгийг шууд ялган хэлэхэд хэцүү. Гэхдээ аль ч хувилбараар нь авч үзсэн байгаль дэлхийн асуудал бол тэр үед ч гэсэн Монголын төрийн бодлогын чухал сэдэв байсан, мөн Манжийн төрийн хувьд ч монголчуудын энэ тайлбар нь үнэмшилтэй үндэслэл болж байсныг эндээс харж болно.

Түүхийн энэ жишээ нь өнөөгийн бидэнд нэгэн чухал сургамж, санааг хэлж өгч байна.

Хэрэв монголчууд бид байгаль орчноо хамгаалан хөгжих үндэсний бодлогоо цэгцтэй томьёолон, тууштай хэрэгжүүлж чадвал тэр нь гадаадын уул уурхайн компаниудын тулгалт, тэдний ард байгаа геополитикийн их дарамтыг даван гарах бидний хүчирхэг зэвсэг, тэдний хувьд бол дургүй байсан ч хүлээн дагахаас өөр аргагүй,  олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “найрсаг” хаалт, зохицуулагч дүрэм байх болно.


Туул голд урь орлоо

TuulRiver2010may05Хоёр хоногийн өмнөх Туул гол. Хэдийгээр тавдугаар сар гарсан ч голын мөс хайлж дуусаагүй л байна. Хаврын гол дээр очих сайхан ч  голын ус урьд жилүүдээс улам багасч буйг хараад сэтгэл жаахан эвгүйрхэв. Тэгээд бас голын ойр орчмоор хог дүүрч өмнөх шигээ сайхан байхаа больжээ.

Голын урсгал татарч, хогонд дарагдан, ус нь хүчилтөрөгчгүйдэж, хэт бохирдож байгаагаас болж загас өвчилж олноороо үхэх боллоо гэж эрдэмтэд хэлж байна. Хүн төрөлхтөний 5000 жилийн соёл иргэншлийн бүх түүх гол усаа дагаж өрнөж ирсэн байдаг. Хаана ус их байна тэнд хүнс тэжээл элбэг, хүн ам нь олон, улс үндэстэн нь хүчирхэг байдаг. Хөх мөрөн, Шар мөрний хөндийд хятадууд, Нил, Ефрат мөрнийг даган арабууд суурьшиж өнөөдөр олон зуун сая хүнтэй их үндэстнүүд болсон гэдгийг бид түүхээс уншиж ирсэн. Монгол орон усны нөөцөөр ядуу, дулааны улирал богинотой учир түүхийн турш хүн ам бага суурьшсан нутаг байсаар ирсэн билээ. Ус бол соёл иргэншлийг тэтгэгч байгалийн их “эрчим хүч” юм. Ус нь алга болсон нутгийн соёл иргэншил мөхөж, хот суурин нь хоосорч, хүмүүс нь нүүдэллэн орхин явдаг их түүх үргэлжилсээр л байна. 

Туулын хөндийд орших Улаанбаатар хот бол монголчуудын анхны том суурьшил. Энд шинэ цагийн Монгол үндэстэн төвлөрч, хамтын суурин амьдралд суралцан, төр засгаа байгуулан, үйлдвэрлэлээ хөгжүүлэн амьдарч байна. Харин бидний “эрчим хүчний” нөөц улам багассаар байна. Бид ч өөрсдөө түүнийгээ хайр найргүй багасгасаар байна. Туулын хөндий дэхь бидний соёл иргэншилд хэр хугацаа үлдсэн бэ ? Та энэ цаг хугацааг мэдэрье гэвэл Туул гол дээр очоорой.


10 жилийн дараа Улаанбаатар хот гүний усгүй болж магадгүй

"Өнөөдрийн монгол" сонинд гарсан ярилцлагыг орууллаа. Монголын парламентад "Ногоон бүлэг" хөл тавьж байгаа юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа. -"Ногоон бүлэг"-ийг байгуулах болсны шалтгаан нь юунд оршиж байгаа юм бэ? -Монголын парламентын "Ногоон бүлэг" үйл ажиллагаагаа эхэлж байна, өнөөдрөөс. Бүлэг маань парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл болох 20 гаруй гишүүн орж, ажиллах саналаа илэрхийлсэн байгаа. Өнөөдөр байгаль экологи сэргээгдэх эрчим хүчний аюулгүй байдал, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал зэрэг олон асуудлын гарах гарцыг "Ногоон бүлэг" хайж, олох юм. Бидний үүрэг бол байгаль, эх орныхоо төлөө санаа зовж байгаа Монголын бүх иргэн, улстөрчид, төрийн бус байгууллагууд, эрдэмтдийг холбон ажиллах нарийн бичгийн даргын үүргийг бид бүхэн гүйцэтгэе гэж энэ ажлыг санаачилсан. "Ногоон бүлэг" төрийн бодлогыг экологийн тулгамдсан асуудалд хандуулахын тулд ажиллана. Иймд үндэсний хэмжээнд мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилготойгоор ажлаа эхэлж байгаа юм. -Бүлгийн гишүүд ямар нэгэн нам, улс төрийн харьяалалтай юу? -Энэ ажилд парламентад суудалтай бүх намаас оролцож байгаа. Бие даагч З.Алтай хүртэл "Ногоон бүлэг"-ийн нэг гишүүн. Тэгэхээр бидний энэ ажил ямар нэгэн нам, бүлгээс огт хамааралгүй. Нас хүйс ч хамаарахгүй. Монгол Улсын иргэн бүрт нээлттэй бүлэг байгаа. -Та бүхний ажлын гол чиг хандлага хаашаа чиглэх бол? -Монгол Улс уул уурхайн томоохон салбаруудаа хөгжүүлэхийн даваан дээр байгаа. Энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, эхнээсээ л зөв явуулахгүй бол бидний ирээдүйд ямар их хор хөнөөл болохыг бид тодорхой хэмжээгээр олж харсан. Тэгэхээр 20 гаруй гишүүн нэгдээд УИХ-д Монголын төрт ёсны бодлогыг экологийн зөв чиглэлд оруулаад явъя гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Экологи гэхээр зөвхөн байгаль орчин, хүрээлэн байгаа газар нутаг төдийгүй эмийн, хөрсний зэрэг олон асуудлыг хөндөн гаргаж ирэхийг хэлж байгаа, бид. -Оюутолгойн гэрээнд гүний усыг ашиглана гэсэн заалт байгаа юм билээ. Гэрээнд засвар орох эсэх нь тодорхой бус байгаа. Хэрэв засвар орохгүй бол говийн бүс нутаг усны хомсдолд орох нь тодорхой байгаа? -Оюутолгойн төсөл дээр усны асуудлыг одоогийн байдлаар бүрэн судлаагүй байдаг юм билээ. Энэ ордын доор байгаа ус нь олон сая жилийн хугацаанд хуримтлагдсан, эрдэсжсэн, даршсан ус. Тэгэхээр эргүүлээд тэр усыг ашиглахад нэлээд хүндрэлтэй. Бидний харж байгаагаар Оюутолгойн зэс, алтнаасаа илүү ус нь үнэтэй болдог. Сэлэнгэ мөрнөөс эх авч, гадагшаа урсаж байгаа гол мөрнүүдээсээ Оюутолгой руу ус татъя гэсэн төсөл байгаа. ОХУ л гэхэд энэ төслийг тодорхой хэмжээгээр дэмжихгүй байх санал ажиглагдаж байгаа юм билээ. Оюутолгойг та бүхэн анзаараарай. Хүмүүс уул уурхайн том орд л гэдэг. Гэтэл энэ орд сүүлийн 100 жилд Монголын ард түмнийг анх удаа өөрийн санхүүгийн эх үүсвэртэй болгох төсөл. Бид өөрсдөө энэ орддоо эзэн болоод хөгжүүлэх ёстой. Харин өнөөдөр 100 хувь гадныханд найдаад, бидэнд 1.5 сая төгрөг л өгчих, бусдыг нь та нар хийчих гэвэл Монгол Улс хэцүү байдалд орно. Тэгэхээр бид санаачлагыг гартаа аваад, шийдвэр гаргахад нөлөөлөх нь манай бүлгийн бас нэгэн зорилт. -Нийслэл хотынхоо экологийн асуудалд хэрхэн анхаарч байгаа бэ? -Японы эрдэмтдийн тооцоогоор 7-10 жилийн дараа Улаанбаатар хот гүний усгүй болно. Туул гол ширгэж байхгүй болох нь ээ. Тэгэхээр усгүй Улаанбаатар хот Оюу толгойгоос илүү асуудалд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, экологийн асуудал маань эдийн засгийн, эдийн засгийн асуудал маань улс төрийн асуудал болно. Дэлхийн улс төрийн томоохон дайн уснаас үүснэ гэж дэлхийн эрдэмтэд хэлж байгаа. Манай улс дайнд ордоггүй юм аа гэхэд уснаас болж нэлээд гэдсэндээ хөлөө жийлцэнэ. Тийм учраас энэ бүхний улс төрийн шийдлийг олохын тулд бидний нөхөд хамтын ажиллагааг зохион байгуулж байгаа хэрэг. Ер нь өнөөдөр Улаанбаатар хотод дотроосоо цөлжилт явагдаж, түйрэнгийн бүс болчихоод байгаа шүү дээ. -"Ногоон бүлэг"-ийн хамгийн анхны болон цаашид хийх ажлын төлөвлөгөө сонирхолтой байна? -"Алт" хөтөлбөр хэрэгжиж, үр өгөөжөө Монголчуудад өгсөн. Гэхдээ хор хөнөөл нь түүнээс илүү байгаа гэдгийг онцолмоор байна. 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийг бид хаах зорилго тавьж ажиллана. Мөн Оюутолгой, Таван толгойн орд болон уул уурхайн салбарт явж байгаа ажилд намын харьяаллаас үл харгалзан өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой тусгаж ажиллана гэж бодож байгаа. Ялангуяа, өнөө маргаашгүй хэлэлцэгдэж эхлэх Оюутолгойн ордын байгаль орчны экологийн асуудлыг анхааралтай ажиглана. Түүнчлэн усны асуудал бидний өмнө тулгамдсан гол асуудал болоод байгаа, өнөөдөр. Мөн эрчим хүчний болон ураны асуудал анхаарал татсаар байна шүү дээ. Өнөөдөр Монголын газар нутагт байгаа ураны ордуудын дийлэнхийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг. Тэд уранаа баяжуулаад, олборлоод л гараад явна. Гэтэл бидэнд хэнд ч хэрэггүй хог хаягдал үлдэнэ. Ганцхан жишээ дурдъя. Киргиз улсад уранаа баяжуулаад олборлоод явуулдаг байсан байдаг. Гэтэл түүний дараа үлдсэн хаягдал л цацраг идэвхт туяа цацруулдаг хог хаягдалтай болсон түүхтэй. Бидэнд бас ийм хог хаягдал үлдэнэ гэдгийг тооцоолж байх хэрэгтэй. Одоо Киргиз улс тэр хог хаягдлаа яаж устгах вэ гэсэн толгойн өвчтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр бид аюултай талыг сайн харж, алс ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах ,нь чухал байгаа юм. -Танай бүлгээс ямар нэгэн хуулийн төсөл боловсруулан гаргах уу? -УИХ-ын даргад Ойн болон усны сав бүхий газарт ашигт малтмал эрж хайх энэ үйл ажиллагааг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой. Бид аливаа асуудалд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ханддаг. Тиймээс байгаль, экологитой холбоотой асуудалд хайнга хандаж болохгүй. Хэдийгээр бид хоцорч яваа боловч ямар ч арга хэмжээ авсан үр дүнгүй болохоос нь өмнө даруйхан зохицуулалт хийж, хууль гаргаж хамгаалах шаардлагатай. Энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдтэйгээ, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа, иргэдтэйгээ, эрдэмтэн судлаач нартайгаа хамтран ажиллах болно. Д.Цэнгэл