Mind&Spirituality

Тахилга ба технологи

Байгаль дэлхийгээ дээдэлж явах хэрэгтэй гэдгийг монгол хүн бүр сайн мэддэг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тэгээд … бид бүгд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж явдаг бил үү гэвэл нэлээд өөр дүр зураг гарна.

Монголчууд бидний мэдэх ба сэтгэл зүрхээрээ дагах хоёрын хооронд нэлээд их зөрөө (хэлбэрдэлт) байдаг гэдгийг гадныхан олж хараад бичсэн байдаг. Жишээ нь, Монгол нутгийн уул даваа бүрийн л оройд байх чулуун овоог тэд романтик сэтгэлээр дүрслэн бодож, нүдээрээ үзэхээр алс холоос цаг зав, мөнгөө зарцуулан байж ирдэг. Гэтэл ном зохиолд олонтой гардаг, монголчуудын зуун зууны түүхэн өв болсон нөгөө овоонууд нь ердийн л нэг хогийн цэгүүд болчихсон байхыг хараад үнэхээр гайхаж, зарим нь бүр гутарч бичсэн байхыг та Интернэтээс олж уншиж болно.

Бид ч үүнийгээ сайн мэднэ. Архины шил, хогонд дарагдсан овоо … нутгийн наадам, эсвэл Төрийн гэгдэх их тахилгын дараа хөндийгөөр нэг хөглөрөх хог, шил, лааз, гялгар уутыг та лав харсан байх, төсөөлж ч байгаа байх.   

Бид уул овоогоо тахиж, тэр бүү хэл Төрийн тахилга хийж, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад олон зуун хүн оролцсон том арга хэмжээг жил бүр хэд хэдээр нь зохион байгуулдаг.

- Бид уул овоогоо тахиж, Лус савдгаа аргаднаа …

- Яах гэж ? …

- Байгаль дэлхийгээ дээдэлж, хур бороо элбэгтэй сайхан зуныг хүсээд … бас ёс заншлаа сэргээн дагаж, жинхэнэ Монгол маягаар аж төрж байгаа учир … 

- Үнэхээр үү ? …

Би ч гэсэн иймэрхүү "арга хэмжээг" ойроос харж л байсан. Гэхдээ энэ бүх “арга хэмжээ”-ний дараа сэтгэлд нэгэн сүүдэр үлдээд байдаг юм. Тэр юу вэ гэвэл, тэр бүхэн бол хуурамч, ёс төдий, хоосон хэлбэр л байгааг би хардаг.

Төрийн их тахилгад олон арав, зуун машин оролцож, тэр хавийн газар нутгийг бүрэн талхалж, архины шил, хогоор дүүргээд буцахад үнэхээр тэр нутагт Лус савдаг гэж байдаг юм бол сэтгэл нь харлаад, эсвэл уурлаж догшроод үлдэж байгаа байх даа гэж боддогоо нуух юун.

21-р зуунд амьдарч буй бид бүхэн иймэрхүү нэгэн арга хэлбэрээр байгаль дэлхийгээ “дээдэлж”, тэгснээрээ хайрлаж хамгаалж байна гэж өөрсдийгөө хуурч болох уу.

Мөн өөрсдийн болон үр хүүхдийнхээ амьдрал болсон байгаль орчноо зөвхөн төрийн нэгэн яам, хэдэн ядуу байгаль хамгаалагч нарт даалган орхиод, өөрсдөө бол оролцохгүй, “нүдээ аниад” л хажуугаар нь яваад байж бас болох уу.

Та хариултыг нь сайн мэдэж байгаа.

Өнөө цагт байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ байгальд ээлтэйгээр зөв удирдан хөгжүүлэх нь нарийн технологи, дэлхий нийтийн соёл, том шинжлэх ухаан болон маш хурдтай хөгжиж байна. Одоо бид тэр бүхнийг эзэмшиж, мөр зэрэгцэн оролцож, Монгол нутгийнхаа Лус савдгийг жинхэнэ ёсоор баярлуулах цаг ирж байна.

Энэ бол Лус савдгаа тахилгаар биш, харин технологиороо, соёл, шинжлэх ухаанаараа, сайн засаглалаараа баярлуулах цаг.

Бид бүгд үүнийг заавал хийнэ ... Тэр цагт Лус савдаг маань баярлаж, бид бүгдээрээ эрүүл агаараар амьсгалж, цэвэр ус ууж, тохилог сайхан хотын гудамжаараа алхаж, ногоон зүлгэн дээр хүүхдүүдээ тоглуулан сайхан амьдарцгаах болно  Happy


Түлэнхий Бөө нар

Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс

Энэ үгийг сонсоод би найз нөхөд, танилуудтайгаа бөөгийн энэ үзэгдлийн талаар ярилцаж үзлээ. Монголд үнэхээр бөө болох явдал их дэлгэрч байгаа юм байна. Бөө болох хөдөлгөөн нь ерөнхийдөө сүлжээний бизнес бололтой. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтад” хамрагддаг юм байна. Түүнд нь дээрх түлэгдэх, шарагдах ... дасгалууд ордог бололтой. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшээд бөө болж, харин алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн нэг, болж өгвөл хэд хэдэн хүнийг олж элсүүлэх замаар энэ сүлжээ тэлж байдаг гэсэн ойлголт уулзсан хүмүүсийн ярианаас надад төрсөн.

Энэ үнэхээр сүлжээний бизнес үү, эсвэл манай нийгмийн бас нэгэн хэцүүхэн “өвчний” илрэл үү ?

Түлэнхий бөө нарыг ч бол яахав эмчилчих л байх.

Харин Засгийн газар, С.Ламбаа сайд маань энэ хөдөлгөөн-үзэгдлийг яаж “цэгцлэх” юм бол доо ?  


Бурхныг өмчил ... Мэдлэгийг хаа !

МЭ 476 онд Ромын Их Эзэнт гүрэн задран унаснаар Баруун Европд мянган жил үргэлжилсэн Харанхуй гэгдэх Дундад зууны үе эхэлсэн гэдэг. Их гүрэн унаснаар асар өргөн уудам нутагт олон зууны туршид тогтож ирсэн  хууль ёс, дэг журам алдагдаж, харилцаа холбоо тасарч, худалдаа наймаа эрс багасч, соёлын хөгжил уналтад орон, олон арван жижиг хаад ноёдын, зуун зууныг дамжсан мөнхийн дайн самууны үе эхэлсэн гэж түүх өгүүлдэг.

Дундад зууны тэр харанхуй он жилүүдэд Европын соёл иргэншлийг хадгалж, нэгтгэж байсан хамгийн сүүлчийн, гэхдээ хамгийн хүчирхэг болон тодорч гарч ирсэн хүч бол Ромын Католик сүм хийд байлаа. Үнэн хэрэгтээ, Ромын Пап нь олон арван вант улсуудыг үзэл бодол, үйл хөдлөлийнх нь хувьд нэгтгэн залж байсан агуу хүчтэн байсан юм. Европчууд ч түүний энэ гавьяаг нь үнэлэн биширч, нэр төр, хүч нөлөөг нь мянганы турш шүтэн дээдэлж ирсэн билээ.

Гэхдээ Ромын Католик сүм хийд Европын түүхийг зөвхөн гавьяа, ялалтаараа бүтээгээгүй юм. Католик сүм хийд маш том нүгэл хурааж, түүхэнд өөрийн хар мөрөө үлдээн, үнэн чанартаа Европын хоцрогдлын гол шалтгаан нь өөрөө болж хувирсан байна. Бид түүхээс Дундад зууны Хятад, Энэтхэг орон цэцэглэн хөгжиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн төв болж байсныг, Европт Католик сүм хийд шинэ сэтгэлгээ, шинжлэх ухааны үр хөврөлийг маш хэрцгийгээр нухчин дарж, олон арван нэрт эрдэмтэн, сэтгэгчид, олон мянган жирийн хүмүүсийг залхаан цээрлүүлж, галд өргөн шатааж, шинэ бүхнийг хорьж байсныг мэднэ. 

Намайг яагаад гэнэт түүх өгүүлээд эхлэв гэж та гайхаж байж магадгүй. Тэгвэл одоо хэлэх гэсэн гол зүйлдээ оръё.

Ромын Католик сүм хийдийн албан ёсны хэл, бичиг бол латин хэл байсан. Христийн сургааль, шашины бусад бүх бүтээл зөвхөн латин хэл дээр бичигддэг байсан бөгөөд дээд язгууртан, эсвэл сүмийн хувраг л биш бол ямар ч хүний хувьд латин хэлийг сурах, эзэмших нь хориотой зүйл байжээ. Тариачид, худалдаачид, жирийн иргэд бүгдээрээ л зөвхөн сүм хийд, хуврагаар дамжуулан Есүс бурхнаа шүтдэг, бурхандаа ханддаг хатуу хууль үйлчилдэг байлаа. Библийн сургаалийг зөвхөн латин хэл дээр бичиж, зөвхөн латин хэл дээр уншихыг зөвшөөрдөг байжээ. Библиотека (номын сан) гэдэг үгийн латин язгуур ч библийн судрыг хадгалж уншдаг өрөөг л анх тэгэж нэрлэдэг байсныг өгүүлнэ.

Дундад зууны тэр үед Европт ном хэвлэдэггүй, латин хэл дээр бичигдсэн Библийн судрыг гар аргаар хуулан түгээхээс өөр ямар ч боломж байсангүй.

Европ бол бичиг үсэггүй, бурхны номоо уншиж, бурхандаа дотоод сэтгэлээсээ шууд хандах эрхгүй сая сая хүний нутаг байлаа. Ромын Католик сүм хийд зөвхөн Бурхныг өмчилж байсан төдийгүй, мэдлэгийг хааж байсан юм. Энэ цаг үе бол оюун ухаан, сэтгэлгээний боолчлол, дарангуйллын жинхэнэ харанхуй мянган байсан билээ.

Харин өнөөгийн Европ ямар хөгжилд хүрснийг бид бүгд сайн мэднэ. Өнөөдрийн Европ бол хүн төрөлхтний сүүлийн 500 жилийн соёл иргэншлийн өлгий болсон нутаг болжээ. Харин энэ их түүхийн эхэнд хоёр агуу хүн байж, хоёр том үйл явдал болсон юм.   

1449 онд Германы уран дархан Йоханес Гутенберг  хэвлэх суурь машиныг бүтээж, ном судрыг 400 дахин хурднаар хэвлэх технологийн их хувьсгалыг хийлээ. Мэдлэг хүн бүрт хүрэх боломжтой боллоо.

1517 онд Европын Их шинэчлэлийн эцэг Мартин Лютер Библийн судрыг латин хэлнээс орчуулж сая сая хүний хүртээл болголоо. Бурханыг өмчлөх боломжгүй боллоо.     

Тэд бурхныг чөлөөлж, мэдлэгийг хүн бүрт хүрэх боломжтой болгосон нь Европын Сэргэн мандлын их давалгааг өрнүүлсэн юм. Протестант шашин түгэн тархав.

ТIME сэтгүүлийн Мянганы суут хүнээр Эзэн Чингэс хааныг нэрлэсэн санал хураалтын төгсгөлд түүнд ганцхан өрсөлдөгч үлдсэн байсан нь Йоханес Гутенберг байлаа. Тэр бол   шинжлэх ухаан, мэдлэгийн их давалгаа хүн төрөлхтөнийг нөмрөн түгэх манай шинэ эринийг эхлүүлэгч байсан юм. 

. . .

Зарим агуу эрдэмтэн “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” (K.Маркс) гэдэг ч олонх хүмүүс Бурханд итгэх итгэл бол Хүнийг амьтнаас ялгаатай болгогч гол хүч гэдэгт итгэдэг. Би бол хоёулаа л үнэн юм байна даа гэж боддог. Яагаад гэвэл бидний ихэнх маань Бурхан багшийн сургаалыг уншиж итгэл үнэмшилээ олох уу, эсвэл лам багш, мэргэч төлөгч, бөө нартаа бүхнээ даатгаад, өөрийн сонголтоо өрөөлөөс хааяа нэг асуучихаад л нойрсож байх уу гэдгээ шийдэж чадахгүй амьдарч явдагаас л дээрх ялгаа гараад байдаг юм болов уу гэж хардаг юм.

Төгсгөлд нь хэлэхэд, зарим нэг асуулт хааяа толгойд эргэлдээд байдгийг нуух юун -

  • Латин хэл – Төвд хэл …
  • Библээ мэдэхгүй Европ тариачин -  Бурхны номоо мэдэхгүй Монгол хүн …
  • Танихгүй хэлээр ярьсан хувраг – Мэдэхгүй мэгзэм уншсан лам …
  • Цаг үеээсээ хоцорсон сүм хийдүүд ...

Нэг л танил зураг шиг … Харин хаана ... хэзээ ... үзлээ дээ ?


Нохойн ааш

1260554273_sledding-team-ed
Хэзээ ч билээ ийм нэгэн түүх сонсож билээ …

Цас мөсөөр хучигдсан Хойд нутагт нэгэн сэтгүүлч залуу нохой чаргаар аялал хийж л дээ. Өдөржин явсаар оройхон нэгэн газар хүрч буудаллахад хамт явсан нутгийн эр овоохойгоо барьж, галаа түлээд, тэд хоолоо хийж идээд унтахаар хэвтжээ. Нутгийг эр ч удалгүй хурхирч эхлэв гэнэ. Харин сэтгүүлч залуу шөнөжингөө унтаж чадсангүй. Овоохойн гадаа уяж орхисон ноход шөнийн турш гаслан улилдаж, хачин их зовж шаналж байгаа нь залуугийн зүрхэнд тустал мэдрэгдэж байлаа. Шөнө арайхийн өнгөрч үүр цайхад тэд ч босч цайгаа уухаар суулаа.

Сэтгүүлч залуу нохдын тухай бодсоор байлаа. Харин нутгийн эр юу ч болоогүй мэт нохдоо хөллөж, чаргаа бэлтгэж эхлэв. Ноход ч зүв зүгээр болчихжээ.

Сэтгүүлч тэссэнгүй, нутгийн эрээс асуулаа. Таны ноход бүхий л шөнийн турш гаслан улилдлаа, та сонссонгүй юу гэж. Тийм ээ дандаа тэгдэг юм гэж эр огт тоосон шинжгүй хариулав. Тэгээд сэтгүүлчийн гайхсан нүдрүү харснаа, эд чинь савраа хурц ирмэгтэй мөсөн дээр тавьчихаад л тэр нь өвдөөд улилдаад байсан нь тэр байхгүй юу гэж инээсээр нэмж хэллээ.

Сэтгүүлч бүр ихээр гайхаж, тэгээд тэд чинь савраа хурц ирмэгээс авчихдаггүй юм уу гэхэд, нутгийн эр инээсээр, яахав дээ авч чадна л даа, гэхдээ бас  савраа татаад авчихаар ч их өвдөөгүй л байхгүй юу гэлээ.

Ноход ч гэж ёстой ноход л юм даа. Хүмүүстэй яг адилхан аашлах юм гэж сэтгүүлч залуу бодлоо.

 


Хайрцаг доторх амьдрал

Хэдэн хархыг битүү хайрцагт хийгээд олон хоног өлөн байлгавал яахав ? Тэд сулхан нэгнийгээ барьж идсээр байгаад хамгийн сүүлд хүчтэй ганц нь л үлдэнэ (Мэдээж хэрэг өвсөн тэжээлт ердийн хулгана бол тэгэхгүй байх. Харин махчин хархууд бол мөнгөний ертөнц дэхь хүмүүс бидэнтэй яг адил аашилна).

Хэрэв тэр хархуудыг задгай орчинд тавьчихвал бие биенээ барьж идэх үү ? Үгүй, харин ч нийлж сүрэглээд  бусдыг дайрч, сүргийн амьдралдаа сүрхий зохицон явдаг. Энэ бол хязгаарлагдмал нөөц бүхий хаалттай орчинд нэг төрлийн амьтад ч бие биендээ дайсагнаж, харин нээлттэй орчинд бол нэг баг болон хамтран амьдардгийн жишээ юм.

Хаалттай, хязгаарлагдмал орчинд тусгаарлагдсан амьтдын адил төстэй шинжүүд нь бус, харин бусдаасаа ялгарах өчүүхэн ялгаа нь амьд үлдэхэд хэрэгтэй гол хүчин зүйл болдог бол нээлттэй орчинд өөр хууль үйлчилж, тэдний ижилсэн сүрэглэх чадвар илүү ажиллаж эхэлдэг.

Монгол орон түүхийн 500 жилийн турш дэлхий ертөнцөөс тасарсан, хаалттай нутаг байлаа. Монгол улс Юань гүрний хөдөө аймаг, дараа нь Манж гүрний хоцрогдсон алс хязгаар, хамгийн сүүлд Зөвлөлтийн блокт түүхий эд нийлүүлэгч дагуул муж байж ирсэн. Бид түгжигдмэл нутагтаа жалга довоороо бүлэглэн ялгарч, бие биенээ үгүйсгэж, дотоодын байнгын тэмцэлд туйлдсаар ирсэн. Гадаад ертөнцийн өмнөөс хамтарсан нэг хүчээр зогсохоо Их хаадын үеээс хойш бид мартсан билээ.

Бид нээлттэй дэлхийд нэгдээд 20 жил боллоо. Гэвч бид энэ том системд амьдрах аргаа өнөө хэр сайн олоогүй л явж байна. Гурван сая монголчууд бид зургаан тэрбум хүний ертөнцөд (ердөө 0.05%) өөрийн байр сууриа олж, улс гэрээ төвхнүүлэн, нэгдмэл эрх ашгаа ойлгож, нэг баг болон бусадтай өрсөлдөн явах арга ухаанаа олж амжаагүй л байна.

Ирж буй цаг үед сайхан амьдрахын тулд бид 500 жилийн турш програмчлагдсан ой санамжаа өөрчилж, Монголынхоо хайрцаг дотор бус харин зургаан тэрбум хүнтэй дэлхий ертөнцийн хүрээнд сэтгэж, зохион байгуулагдан ажиллах цоо шинэ чадвар хэрэгтэй болж байна.

Хайрцагнаасаа гарч чадвал том дэлхий биднийг улам нэгтгэнэ, хүчтэй болгоно. Харин бидэнд хайрцагнаасаа гарах хүсэл зориг хэр бий бол ?


“Боолын” сэтгэлгээ

… хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай, таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв. Хуучин хvv шинэ хvv болов. Юутай завшаан, юутай баяр.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг “хөмөрсөн тогооны доторх” монгол амьдралын тухай гайхалтай зураглалыг бид бүгдээрээ мэднэ. Хүүхэд байхдаа энэ өгүүллийг уншаад, феодализмын үеийн Монголд тийм байжээ, харин одоо бол тэр тогоо сөхөгдөж гэрэл туссан гэж боддог байж билээ.

Үнэхээр тэгсэн л дээ. Социализмын үед орчин үеийн Монгол улс бий болж бидний амьдралд их гэрэл гэгээ орсон. Гэхдээ энэ зам мухардаж төгсөхийг бид бүгдээрээ туулж харсан билээ. Амьдрал сайжирч, монголчууд бид нэгэн хөмөрсөн тогоон дороосоо гарсан боловч коммунизмын өөр нэг хөмөрсөн тогоон дор туугдан орж, шинэ цагийн “боолын” сэтгэлгээг олж авцгаасан. Энэ бол бусдын тусламжид шүтэн амьдрах, бусдаар бүхнийг хийлгэх, бага хөдөлмөрлөж их халамжлуулах, ядуу байхыг урамшуулах, өөрийн бодлоор явахаас айх, ямар нэг даргын ивээлд багтан амьдрахыг дээдлэх сэтгэлгээ байсан.

Хэдийгээр бид чөлөөт өрсөлдөөний чанд хууль бүхий дэлхий ертөнцийн нэг хэсэг болоод 20 жил болж байгаа ч энэ сэтгэлгээ манай нийгэмд давамгайлсан хэвээр л байна. Магадгүй, ийм байдал зарим талд ашигтай учир үүнийг хөхүүлэн дэмжсээр байж болох юм. Нийгмийн сэтгэлгээний энэ хоцрогдлыг зөвхөн дотоодын улс төрийн хүчнүүд төдийгүй гадаадын тоглогчид ч ашиглахыг хичээж байгааг бид өдөр бүр л харж байна.

Бид бүгдээрээ бусдаас дутуугүй амьдрахыг хүсч байгаа. Тэгвэл бусдаас дутуугүй сэтгэж, зүтгэх л хэрэгтэй боллоо. Энэ дэлхийд зөвхөн бидэнд зориулсан хөнгөлөлттэй зам гэж байхгүй.

Биднийг хэн ч хөмөрсөн тогоон дотор бариагүй боловч бид өөрсдөө тэндээ байсаар л байна. Бид “боолын” сэтгэлгээгээ орхиж эс чадвал жинхэнэ боол л болно. Тиймд Д.Нацагдоржийн Хуучин хүү маань хөмөрсөн тогоон дотор байхдаа олж авсан сэтгэлгээнээсээ салж Шинэ хүү болох цаг нэгэнт болж дээ.