Энтрэпренер, Мэргэжилтэн, Менежер гурав

Таны вэб сайтын үнэ цэнэ


Хүмүүс яагаад таны вэб сайтад зочлох вэ? Таны сайт тэдэнд бусдаас илүү, эсвэл өөр хаана ч байхгүй юуг санал болгох вэ?

SmallbizwebsiteБизнесийн вэб сайтаа бүтээх ажлаа та дээрх асуултад хариулахаас эхэлнэ. Таны вэб сайтын дизайн, агуулгыг энэ хариулт чиглүүлнэ.

Хүмүүс яагаад таны сайтад зочлох ёстойг тодорхой хэлж чадахгүй бол тэднийг татах сайтыг та бүтээж чадахгүй.

Интернэтэд сая сая, түүний дотор монгол хэл дээр олон зуун вэб сайт бий. Хэн ч тэр бүгдийг үзэхгүй. Зөвхөн хэрэгтэйгээ л хайж олж үзнэ. Тиймд, өөр хаанаас ч олохгүй тэр зүйлийг хүмүүст өгч байж л таны вэб сайт  тэднийг татна. Үүнийг сайтын үнэ цэнэ тодорхойлдог.

Сайтын үнэ цэнийг хэрхэн бүтээх вэ?

Таны вэб сайт бол таны бизнесийн Интернэт дэхь үргэлжлэл. Тиймд, вэб сайт тань, юуны түрүүнд, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилна. Сайн  дизайн, агуулгатай сайт яг л сайн хөрөг зураг шиг бизнесийнхээ хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ өгөх үнэ цэнийг тодруулан таниулж, тэднийг татаж байдаг.

Түүнээс гадна, вэб сайт бүрт өөрийн үнэ цэнэ бий. Жишээ нь, цэцэг зардаг бизнесийн вэб сайт зөвхөн компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг харуулаад зогсохгүй, цэцэг хэрхэн арчлах тухай видео хичээл, зөвлөгөө, цэцэг сонирхогчдын онлайн клуб, цэцгийн ертөнцийн мэдээ зэрэг олон шинэ үнэ цэнийг өөрөө үүсгэнэ.

Судалгаанаас үзэхэд, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн 70% нь компанийг түүний вэб сайтаар төсөөлдөг.

Дэлгүүрүүдэд бараа, бүтээгдэхүүний сонголт ойролцоо байж болох ч байршил, гаднах авто зогсоол, дотоод орон зай, үйлчилгээний чанар зэргээсээ хамаарч ашиг орлого нь ялгаатай байх нь гарцаагүй. Тэгвэл Интернэт тэдний ялгааг улам ихэсгэнэ.

Вэб сайтын үнэ цэнийн ялгаа нь өнөө цагийн бизнесийн өрсөлдөөнд улам их үүрэгтэй болж байна. Учир нь, хүмүүсийн 60% нь чухал сонголтоо гэрээсээ гарахаасаа өмнө, Интернэтэд олж үзээд хийчихсэн байдаг.

Вэб сайт бол бизнесийн брэндийг үүсгэх, сурталчлах хамгийн хүчтэй хэрэгсэл, суваг юм.

Бизнест үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчид маш чухал үүрэгтэй. Үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болсон бизнес зах зээлдээ брэнд болж, байнгын зар сурталчилгаагүйгээр өрсөлдөгчдөөсөө илүү ашигтай ажиллаж чаддаг. Энэ тохиолдолд, үнэнч хэрэглэгчиддээ тусгайлан үйлчлэх , жишээ нь, сургалт, зөвлөгөө, нэмэлт үйлчилгээг хүргэх нь бизнесийн вэб сайтын хамгийн гол үүргийн нэг болно.  

Төгсгөлд нь давтан хэлэхэд, бизнесийн вэб сайтаа бүтээх ажлаа сайтынхаа зорилгыг аль болох тод томьёолохоос эхлээрэй. Тэр тохиолдолд, таны вэб сайт дизайн, агуулгын хувьд  төвлөрч, тодорхой зах зээлд чиглэсэн, бусдаас ялгагдах шинэ үнэ цэнийг өөртөө агуулж, бизнест тань давтагдашгүй давуу талыг олгоно. Тийм вэб сайт таны бизнесийн хамгийн үнэтэй, өгөөжтэй хөрөнгө оруулалт болох нь гарцаагүй. 

Одоо та доорх өгүүлбэрт орхисон хоосон орон зайг бөглөж бичнэ үү -

 

  • …………………..
  • …………………..
  • …………………..

    - гэсэн шилдэг мэдээлэл, үйлчилгээтэй учир хүмүүс манай вэб сайтад зочилно.

эсвэл

    Манай вэб сайт зочиддоо өөр хаана ч байхгүй -

  • ……………………
  • ……………………
  • …………………...

     -г санал болгоно.

comments powered by Disqus