Өдрийн сонин 2012-2-2
-Ногоон нам хоёр хуваагдаж мөр мөрөө хөөхөөр боллоо. Тэгэхээр хоёр талын хооронд гарч байсан маргаан эцэслэн шийдэгдэж байна гэсэн үг үү?
Бүгд харж байгаа байх. Нэр нөлөө бүхий хүмүүст МНН, ИЗН-ын нэгдэл таалагдахгүй байх шиг байна. Тэд манай хоёр намын нэгдлийг Дээд шүүх дээр бүртгүүлэхгүй 6 сар гацаасан. Тэгээд дараа нь намын цөөнхийн хурал гэгчийг хийлгэж, тамга тэмдэггүй бичиг Дээд шүүхэд өгч, ИЗН-тай нэгдэж өөрчлөн байгуулагдсан МНН-ыг буцаагаад бий болгочихлоо. Энэ бүгд үнэхээр цагаандаа гарсан луйврын үйлдэл. Олон ч хууль, хуулийн заалтыг улаан цагаан зөрчсөн дөө. Гэхдээ тэд ийм зүйл хийчихээд цаашдаа сайн сайхан, амар жимэр явна гэж байхгүй. Одоо тэдний шүүхээр явах, шүүхтэй зууралдах ажил эхэлж байгаа. Тиймд маргаан дуусах биш харин ч үргэлжилнэ. Гэхдээ үүнийг бид биш, мэргэжлийн хуульчид хийнэ. Бид улс төрийн ажил, хуулийн ажил хоёрыг салгаад улс төрийн шийдлээ үргэлжлүүлэхээр шийдсэн.
Тамга тэмдгийг би хадгалдаггүй. МНН анхнаасаа хоёр даргатай явж ирсэн, “тамга” намын Тамгын газарт хадгалагддаг. Харин одоо Дээд шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас тамгыг өгөх боломжгүй. Түүнчлэн ИЗН-д одоохондоо элсэлгүй үлдсэн хэсэг гишүүд энэ асуудлыг хариуцан хууль, хяналтын байгууллага, шүүхээр үргэлжлүүлэн хөөцөлдөж байгаа. Тэд хуурамч хурал хийж, намаа худалдсан нөхдүүдтэй заргаа үргэлжлүүлнэ гэсэн. Харин бид нэгэнт МНН-аас гарч ИЗН-д элсэж ИЗНН-ыг байгуулаад явж байгаа учир тамга тэмдгийн асуудал бидэнд одоо огт хамаагүй.
- Шүүхээр заргалдсан ч шийдвэр О.Бум-Ялагч нарын талд гарвал яах вэ?
Тэр намын цөөнх гээд байгаа нөхдийн хурлын асуудал шүүхээр шийдэгдсэний дараа тодорхой болно биз дээ. Өнөөдөр шүүхээр зөвхөн тамганы асуудлыг шийдэх боломжгүй. Шүүх нэгэнт намын олонх, цөөнхийн буюу дотоод маргаанд оролцдоггүй учир гишүүд л өөрсдөө асуудлыг шийдэх хэрэгтэй болох байх.
-Ногоон нам, ИЗН-тай нэгдлээ. Таныг намын гишүүнчлэлийн хэдэн хувь нь дагаж байгаа вэ. Ер нь Д.Энхбат, Э.Зоригт хоёроос өөр ИЗН-д элсье гэж ярьж байгаа хүн харагдахгүй байна?
Өнгөрсөн оны 3-р сарын 26-нд хийсэн хоёр намын нэгдлийн тухай Их хуралд манай намаас 352 төлөөлөгч оролцсон байдаг юм. Тэдний 300 орчим нь сая ИЗН-ын батлахыг авсан байгаа. Мөн 200 гаруй гишүүд хэд хоногийн өмнө болсон ИЗН-ын Их хуралд төлөөлөгчөөр ирж оролцсон. Олон хүн энэ хуралд ирж амжаагүй ч ИЗНН-даа гишүүнээр үлдэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Дорнод, Төв аймгийн бүх гишүүд ИЗНН-д орж байгаагаа мэдэгдсэн. МНН, ИЗН-ын нэгдэл бол манай гишүүдийн хүсэл, шийдвэр. Түүнийг хууль бус үйлдлүүд өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх байна. Энэ бүхэн бид хоёрыг хоёулхнаа ирээгүй гэдгийг батална
ИЗН-ын Их хурал болж дүрэм, намын нэр, удирдлагаа солилоо. Заавал гурван даргатай болдгийн учир юу вэ?
Монголын өнөөгийн улс төрийн намууд бүгдээрээ социалист намын босоо бүтэцтэй. Ер нь Улс төрийн намын тухай хуулийг хуучин МАХН-ын дүрмийн хуулбар гэхэд үнэнээс нэг их зөрөхгүй байх. МАХН-ын загвар бол Оросын Большевик намын буюу Ленин гэх нэгэн агуу коммунист эрийн бүтээл. Энэ бол цөөнхийн дарангуйллын институтийн загвар. Ийм намын гишүүдийн үүрэг бол ердөө дарга нараа л сонгохоор хязгаарлагддаг. Тэгээд дарга нар л бүх асуудлыг мэддэг, шийддэг. Ийм намын гишүүд намын шийдвэрт нөлөөлөх ямар ч эрх мэдэлгүй байдаг. Монголчууд бид одоо “цөөнхийн нам”-ын энэ тогтолцооноос салах цаг болжээ. Өнөөдөр Монголд “цөөнхийн нам”-ууд байгаа учир цөөнхийн засаг тогтож байгааг бид тэр бүр ухаж харахгүй л байна. Олигархийн засгийн суурь бол олигархийн нам шүү дээ. Энэ намууд өнөөдөр гишүүдийнхээ эрх үүргийг мөнгөөр хүртэл үнэлж тогтоодог болоод байна. Тиймд бид үүнийг өөрчилж ИЗНН-аа цаашид хэвтээ тогтолцоотой буюу гишүүдийн өргөн оролцооны нам болгох зорилт тавьсан юм. Үүний эхлэл болгож удирдлагын бүтцийг задлах, их хурлаа жил бүр хийж байх, татвар, хандивын нэгдсэн түвшинтэй болох зэрэг зарим алхмыг шинээр дүрэмдээ оруулсан.
-Гаднаас орж ирсэн нэгнээ гомдоохгүй гэж л ингэж олон даргатай болоод байгаа юм биш үү. С.Ганбаатар даргын тухайд гэхэд танай намд элсвэл бас дарга болох уу?
Хүн бүр л өөрийнхөө нүдээр хардаг гэдэг байхаа. Хэрэв биднийг өнөөгийн МАН, АН-ын босоо загвартай намаар төсөөлж байгаа бол мэдээж тэгж харагдах байх. Харин бид өөр замаар явж байгаа учир одоохондоо ийм асуулт олон гарахад гайхахгүй л байна. Ер нь тэгээд монголчууд бид яагаад шинийг эрэлхийлж болохгүй гэж. Нэг даргатай байх ёстой гэж чухам хэн хэлээд байгаа юм бэ. Нэг зүйл нэмж хэлэхэд, өнөөдөр Европын олон намууд хоёр, зарим нь түүнээс ч олон даргатай байдаг. Бизнес эрхэлдэг хүмүүс сайн мэднэ дээ. Өнөөгийн бараг бүх том компанийг дарга биш харин зөвлөл удирддаг гэдгийг.
Тэгээд ч ардчиллын 20 жилд бүх зүйл өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өөрчлөгдөөгүй ганц үлдсэн зүйл бол улс төрийн намууд. Энэ институт өнөөдөр нийгмийн хөгжлөөс хоцрогдоод бүр олон түмний хараал идсэн, нийгмийг ялзруулсан газар болон хувирч байна. Бид үүнийг цөм харж мэдэж байгаа. Бидэнд одоо огт өөр нам, огт өөр, нээлттэй, ардчилсан, олонхийн буюу иргэний институт хэрэгтэй. Тэгээд бид шийдэл хайж байгаа юм.
-С.Дэмбэрэл дарга танай намд орж ирлээ. Энэ хүн Сү.Батболдын хуурай дүү гэгддэг. Тэгэхээр танай намын үйл ажиллагаа ч гэсэн энэ чиг рүү хэвийнэ гэсэн үг үү?
Улс төрийн нам бол нээлттэй олон нийтийн байгууллага. Бид С.Дэмбэрэлийг нэгдсэнд талархаж байгаа. Бидэнд тэр хүний мэдлэг, чадвар, туршлага их хэрэг болно. Бусдыг нь цаг хугацаа харуулна биз.
Та намын нэг дарга нарынх нэг. Чухам намынхаа ямар ажлыг хариуцах вэ?
Би намын асуудлаа илүү хариуцах байх. Ялангуяа намын шинэчлэл буюу дээр хэлсэн, шинэ цагийн нам байгуулах ажлаа илүү сонирхож байна. Намын бодлогын зөвлөлүүдэд гишүүд дэмжигчдийг өргөнөөр оролцуулж, Монгол улсын төрийн бодлогод гишүүд, дэмжигчид, олон түмнийг оролцуулах гүүр болгоход намаа чиглүүлэн хөгжүүлнэ дээ. Бид одоогоор дарга нарынхаа ажил үүргийг эцэслэн батлаагүй байгаа шүү дээ. Угаасаа бид ИЗНН-ийг жинхэнэ иргэний, жинхэнэ ногоон хөгжлийн төлөө нам болгох юмсан гэж ярьдаг. Тиймд бүгд л түүний төлөө зүтгэнэ.
Танай нам сонгуульд ямар хөтөлбөртэй оролцох вэ?
Энэ талаар ярихад арай эрт байна. Мэдээж хэрэг бид Монголын улс төрийн хамгийн эрүүл, шинэ цагийн намын хувьд урьдынхаасаа улам л илүү оролцохыг хичээнэ. Тэгээд ч илүү олуулаа, илүү хүчтэй боллоо.
Танайх АН-тай нэгдэх гэж байна гэж яриа байсан?
Тийм зүйл бид огт ярилцаагүй. Ярилцах ч үгүй байх.



