Өчигдөр орой гэртээ орж явахад томоо чоно алаад цусыг нь урсган хамар дээр нь тохчихсон нэгэн Хаммер жип байрны гадаа зогсож байлаа. Байрны үүдэнд хэдэн хүн машины эзэн залуугийн өөдгүй араншин, тэнэглэлийг зэвүүцэн ярилцаж байв.
Харин өглөө гэрээсээ гарч явахад хэн нэг нь нөгөө Хаммер жипний дөрвөн дугуйг хагалаад, мөн улсын дугаарыг нь “хураачихсан” харагдлаа.
Миний өвөө анчин хүн байсан. Өвөө маань үүнийг харсан бол зугаагаа гаргаж амьтан алж буй эдгээр залуусыг хараад багтрах байсан биз. Би санадаг юм … намайг бага байхад өвөө маань нэг удаа гөрөөс агнаад дараа нь толгойг нь хангайдаа хэрхэн өргөж байсныг.
“Аватар” киног та мэдээж үзсэн, санаж байгаа байлгүй. Тэд өөрсөд рүү нь дайрсан чонын амийг таслаад, мөн дараа нь ан хийгээд ямар ёсолгоо хийж байсныг. Тэд бол үнэхээр анчин хүмүүсийн жинхэнэ дүр төрх. Тэд байгалиасаа хүртэж амьдардаг, байгалиа хүндэлдэг, байгальдаа хайртай.
Машины дугуйг хагалсан тэр хүнийг би ойлгож байна.
Монголчууд бид анчины удамтай, харин амьтны алуурчдын биш. Би амьтны алуурчдын энэ араншинг монгол эр хүний эд бахаа харуулж байгаа үйлдэл гэж огт хардаггүй. Тиймд тэдний энэ ядарсан тэнэглэл, амьтныг доромжилж буйг харах бүрт дургүй хүрдэг юм.
Эр хүн амьдрахын тулд ан хийдэг, харин амьтан, байгаль дэлхийгээ доромжилдоггүй.



