УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Иргэний Зориг, Ногоон намын нэгдэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болж чадаагүй байгаа. Ирэх нэгдүгээр сард Иргэний Зориг нам их хурлаа хийж бүтэц зохион байгуулалтаа дахин хийх гэж байна. Энэ үеэр та намынхаа бусад нөхдийн хамт дахин ИЗН-д элсэх гэж байгаа гэх юм?
-Энэ оны гуравдугаар сарын 26-нд Иргэний Зориг, Ногоон нам их хурлаа тус тусдаа хийгээд Ногоон намын үйл ажиллагааг зогсоогоод Иргэний Зориг намыг өөрчлөн байгуулах замаар шинэ ИЗ-НН-ыг байгуулах шийдвэр гаргасан. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд хоёр нам нэгдэхдээ нэг нам нь үйл ажиллагаагаа зогсоогоод нөгөө нам нь өөрчлөн байгуулагдана гэж заасан байдаг.
Тухайн өдрийн үдээс өмнө нь Ногоон нам үйл ажиллагаагаа зогсоогоод үдээс хойш нь хуралдсан Иргэний Зориг намыг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан. Энэ тухай материалаа Улсын дээд шүүхэд өгсөн.
Гэтэл Дээд шүүх зургаан сарын туршид энэ асуудлыг шийдэж өгөлгүй байж байгаад үйл ажиллагаа нэгэнт зогсоосон Ногоон намын цөөнх буюу 10 хувийн саналыг ямар ч тамга тэмдэггүй, хуурамч гарын үсэгтэйгээр хүлээн аваад шийдээд өгчихсөн. Тэр нь Ногоон намын үйл ажиллагаа хэвээр байгаа гэдгийг баталсан алхам болсон юм.
Тэгэхээр энэ 10 хувийн санал шүүхээр дахин шийдэгдэнэ. Цаг хугацаа их орох шүүхийн процесс явна гэсэн үг. Бид хууль бус гэж үзэж байгаа, Дээд шүүх зөв шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа. Улстөрийн намын олонхи цөөнхийн маргааныг ямар ч шүүх хүлээн авдаггүй хуультай. Намын шийдвэр олонхийн шийдвэрээр байдаг. Мөн шүүх ямар ч байгууллагаас тамга тэмдэггүй бичиг авдаггүй. Тэгээд ч тэр 10 хувийн оруулсан олон бичиг баримт хуурамч байгаа.
-Энэ нь ойлгомжтой. Шинээр байгуулагдсан гээд байгаа Ногоон намын удирдлагад байгаа хүмүүс болох Маам зэрэг хүмүүс манай намд байгаагүй. Тодруулж хэлбэл их хурлаа хийж байх үед байгаагүй. Сураг сонсохнээ МАХН-ын гишүүн байсан юм билээ. Өнөөдөр хэвлэлээр гараад байгаа мэдээллээс харахад Ногоон намын шинэ удирдлага гээд байгаа хүмүүс МАХН-тай нэгдэж ажиллахаар гэрээ байгуулаад явж байна.
Тэдний өмгөөлөгч хуульчид нь нэг байна. Шүүгчид нь ч нэг байна. Тэгэхээр асуудал улс төрийн зорилготой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт сонгууль дөхөж байгаа учраас бид тэдний дүрмээр явж шүүхийн хаалга татаад байх шаардлага алга. Ингэхийн тулд улс төрийн зорилгоо хуулийн асуудлаас салгаж хоёр намын нэгдэх асуудлыг ирэх сард болох Иргэний Зориг намын их хурлаар дахин ярьж өмнөх ярьснаараа өөрчлөн байгуулаад явах гэж байна.
-МАХН-ын даргаар ажиллаж байгаа Н.Энхбаяр шүүхэд нөлөөлж байна гэж байсан. Энэ хүн өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаалаасаа буусан. Өөрөө шүүх цагдаагаар явж байгаа хүн. Тэгэхээр энэ хүнийг хардах ямар үндэслэл байна?
-Уг нь бол тийм. Гэхдээ энэ шийдвэрийг гаргаж байгаа шүүгч нар Н.Энхбаярын үед томилогдсон хүмүүс. Өнөөдрийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга ёсыг тогтоохоо зарлаж байж сонгогдсон. Бид тэрийг нь дэмжиж ажилласан. Түүгээрээ бид улс төрийн нэг хүчин. Тиймээс Ц.Элбэгдорж ерөнхийлөгч үзэгчээр суух эрхгүй. Гэхдээ бид ерөнхийлөгчөөс хууль бус юм нэхэхгүй. Зөвхөн амласныхаа дагуу шударга байхыг хүссэн.
Энд хэлэхэд дэд шүүхийн 17 шүүгч бүгд ийм шийдвэр гаргаж улстөржөөгүй. Цөөн тооны хэдэн шүүгч шүүхийн хараат бус гэдгийг ард нуугдчихаад ийм юм хийгээд байгаа юм. Бусад мэргэжилтэй чадалтай бусад хуульчид энэ үйлдлийг нь хараад толгой сэгсэрч байна. Шүүгчдийг насаар нь хараат бус сонгодгийг аюул энд гарч ирж байна. Үүний цаана луйварчин хүн орчихвол ямар хор уршигтай байдгийг харуулж байна.
-Н.Энхбаяр гэдэг хүн танай намыг бүртгүүлэхгүй байх ямар эрх ашиг байна?
-Өнөөдрийн байдлаар Н.Энхбаярын нам сонгуулийн хуудасны 17-д бичигдэж байгаа. ИЗ-НН-ыг бүртгэхгүй бол 3 дугаарт бичигдэх юм. Энэ гурвын тоон төлөө тэмцэл явж байна. Манай намын цөөнх маш хямдаар биеэ худалдчихсан явж байна. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүнд луйврын замаар шударга ёсыг тогтооно гэж байж болохгүй гэж гэж хэлнэ.
Үнэхээр шударга ёсыг тогтоох гээд байгаа бол 15 жил төрийн бүхий л өндөр дээд албан тушаалд сууж байхдаа юу хийж байсан юм. Одоо шударга ёс тогтооно гээд хамгийн муу луйврын замаар явж болохгүй л дээ.
Б.Тэнгис, http://www.times.mn



