Улс төрийн тойм, 2011.11.8
ИЗ-НН-ын дарга Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-ИЗ-НН-ын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгэх асуудал юу болж байна вэ?
-Энэ тухай бичиж дуусаагүй юм уу.
-Хоёр нам нэгдэхээр шийдсэн ч нэр, дүрмийн өөрчлөлттийг нь Дээд шүүх бүртгээгүй байгаа болохоор дуусаагүй гэсэн үг. Бас та бүхнээс гадна өөрсдийгөө “Дээд шүүхэд бүртгэлтэй МНН-ынхан” гэж хэлэх хэсэг хүмүүс байна шүү дээ?
- Нэг талаас МАХН-ыг төлөөлж байсан хуульчид энэ асуудалд дээр ажиллаж байх шиг байна. Нөгөө талаас ИЗ-НН-ыг төлөөлсөн хуульчид ч ажиллаж байгаа. Болоод өнгөрсөн үйл явцыг эргээд харахад Дээд шүүх улс төрийн намын олонхи, цөөнхийн маргаанд шууд оролцжээ. Үүнээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд хуралдаад намынхаа дүрмийг өөрчилж болох нь байна шүү дээ. Аль эсвэл МАН-ын хэсэг нөхөд хуралдаад намынхаа дүрмийг өөрчилж болох нь.
Ерөнхийдөө улайм цайм улс төрийн үйл ажиллагаа болоод байна. Дээд шүүхийн үйл ажиллаанд будилаантай зүйл олон бий. Бид таван удаа материалаа бүрдүүлж өгсөн. Энэ нь бидний хамгийн том алдаа байсан юм билээ. Таван удаа нэхэхэд нь таван удаа өгч байсан. Гэтэл хажуунаас хэсэг хүн тамга ч үгүй материал нэг удаа өгөөд бүртгүүлчихнэ гэж яаж санах юм бэ. Би Дээд шүүхийнхэнтэй хуулийн асуудлаар маргамааргүй байна. Дээд шүүхийн шүүгч нар бол сайн хуульчид. Гэхдээ Монголд олон сайн хуульчид бас бий. Тэд бүгд хэлж байгаа. “Танай энэ асуудал хуулийн хүрээнээс аль хэдийнэ гарчихсан” гэж.
-Дээд шүүх хууль бус шийдвэр гаргасан юм байж. Энэ тохиолдолд асуудлыг яаж шийдэх ёстой юм бол. Та бүхэн зүгээр суугаагүй нь лавтай?
-Энэ бол шүүхийн тогтолцооны хамгийн том асуудал. Шүүхийн бие даасан, хараат бус байдал гэдэг нэрийн дор иргэний ардчиллын эсрэг алхам хийж байна. Тиймээс үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар арга хэмжээ авах вэ, яах вэ гэдгээ ярилцаж байгаа. Мэргэжлийн хуульчид энэ асуудал дээр ажиллаж байна.
-С.Маам даргатай МНН-ынхан “Намын тамга, тэмдгээ авъя” гэсээр л байна уу?
-Шүүхийн шийдвэр дээр тамга, тэмдэг өг гэсэн заалт байхгүй. Тэгэхээр энэ чинь дахиад л намын дотоод асуудал гэсэн үг. Шүүх энэ тал дээр шийдвэр гаргаагүй.
-Дээд шүүхийнхний гаргасан шийдвэрийн цаана МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа гэсэн яриа бий. Хэр яриа ортой яриа бол?
-Үүнийг нотолсон баримт, материал мэдээж байхгүй. Ямар ч байсан МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх ажлыг МАХН-ын нэрийг бүртгүүлэхэд ажилласан хуульчид хариуцаж ажилласан юм билээ. Шүүгчид нь ч бас тэр асуудал дээр ажилласан шүүгчид байсан.
-Баримт байхгүй ч “Үүний цаана Н.Энхбаяр дарга байгаа” гэж бодоод үзье. ИЗ-НН-ын дүрмийн өөрчлөлт, нэрийг бүртгүүлэхэд саад болж байгаагийн цаад зорилгыг юу гэж бодож байна вэ?
- Иргэний зориг, Ногоон нам нэгдсэнээр Монголд нэр хүндтэй, цоо шинэ, улс төрийн хүчин үүсч байна. З.Алтай гишүүн дэмжигч гишүүнээр нэгдсэн. Ингээд парламентийн танхимд гурвуулаа болж байгаа гэсэн үг. Цаашдаа олон хүн нэгдэнэ. Харин энэ үйл ажиллагаа эрх барьж байгаа хүчнүүдэд огт таалагдахгүй байгаа. Дээд шүүх хоёр намын нэгдэх асуудлыг хүчингүй гэж хэлээгүй. Ганцхан МНН-ын дүрмийн өөрчлөлтийг л бүртгэлээ гэж хэлсэн. Дээд шүүх манай гишүүдийн хүсэл зоригийг өөрчилж чадахгүй. Тийм учраас манай нам ИЗН-тай нэгддэгээрээ нэгдээд, нэрээ бүртгүүлээд явна. Харин сая дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн нөхдүүд үнэхээр МНН мөн үү гэдгээ шүүхээр батлуулах ёстой. Бид шүүхэд хандана. Иргэний хэрэг үүсгэх гэж байгаа. “Нам бус хүмүүс шүүхэд материал өгч болдог юм уу, Дээд шүүх тамга, тэмдэггүй материал хүлээж авч болдог юм уу” гэдгийг асууна.
-Одоо хуульчид энэ асуудлыг судалж байгаа гэсэн. Хууль бус зүйл хийсэн гэх нотолгоо олдож байгаа болов уу?
-Дээд шүүх бидний материалыг таван удаа буцаасан. Ингэхдээ хуурамч бичиг баримтуудыг үндэслэсэн байгаа юм. Дээд шүүхийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Зургаадугаар сараас хойш ямар ч материал өгөөгүй” гэж улаан цагаан худлаа хэлсэн. Гэтэл бид зургаадугаар сард материал өгсөн. Дээд шүүх наадмын өмнөх өдөр буюу энэ оны долоодугаар сарын 10-нд “Дараах материалуудыг шалгаж хариу өгсөн тохиолдолд хурлаа хийнэ” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Тэр нь найман аймгаас ирсэн өргөдөл, гомдол байсан. “МНН-ын тэр нь худал, энэ нь ч худал” гэсэн утгатай өргөдөл. Нэгдүгээрт, наадам болж байхад хөдөөний хүмүүсийг шалгах боломж бидэнд байгаагүй. Хоёрдугаарт, бидэнд шалгах эрх нь байхгүй. Бид өөрсдөө шалгаж ихэнх нь хуурамч материал байсныг тогтоосон. Тиймээс бид одоо “Дээд шүүх хуурамч материал үндэслэж болдог юм уу” гэж асууж байгаа. Бас таван удаа буцаасны нэг шалтгаан нь одооноос тайлагдаж эхэллээ.
-Ямар шалтгаан?
-Улс төрийн үйл ажиллагаа явагдаад байна. Дээд шүүх арчиллын эсрэг, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Бас илт буруу шийдвэр гаргасан нь авлигын хэрэгт ч холбогдоно. Энэ асуудал дээр авлигын хэрэг үүсгэх ёстой. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээ авна. Эрүүгийн хэрэг ч үүсэх байх. Бид ИЗ-НН гэсэн шинэ намаа байгуулаад цаашаа явчихна. Харин намын нэрийг авч үлдэх гээд байгаа хэсэг нөхөд үйлдлээ зөв гэдгийг батлах хэрэгтэй болох байх.
-Шүүгчдэд улс төрийн аль нэг хүчин нөлөөлж байгааг. Тодруулбал, “Н.Энхбаяр дарга цаана нь байгаа” гэдгийг шалгуулах боломж бий юү?
-Бид өөрийн бүх асуудлаар шүүхэд хандана. Гэхдээ эцсийн шийдвэрийг Дээд шүүх өөрөө гаргадаг болохоор их ярвигтай. Гэхдээ Дээд шүүхийн 17 шүүгч цөмөөрөө үүнийг хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин 1-2 хүн л будилаантуулж байгаа. Энэ бүхнийг тэртээ тэргүй тогтооно. “Н.Энхбаяр дарга үүний цаана байгаа” гэдгийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Нэг намын даргын хувьд би “Н.Энхбаяр дарга өөрийнхөө бодлогыг хуулийн дагуу хэрэгжүүлбэл эсэргүүцэх зүйл байхгүй. Хүндэтгэнэ” гэж бодож байгаа. “Дээд шүүхийн маргаантай асуудалд Н.Энхбаяр дарга оролцсон” гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ маш олон зүйл давхцаж байгааг надаас гадна бүх хүмүүс харж байгаа. Түүний томилж байсан хуульчид яагаад энэ хэрэг дээр ажиллаад байгаа вэ гэдгийг. Бас шүүгчид нь хүртэл давхцаад байгааг хүн бүр харж байгаа. Хамгийн сүүлчийн давхцал нь юу гээч. Биднийг эсэргүүцээд байгаа нөхдүүд одоо Н.Энхбаяр даргын хажууд оччихсон явж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө Ногоон намын гишүүд гэж нэрлэсэн нам бус хүмүүс “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” эвсэлд орчихсон. Тиймээс “Харж байя” гэж хэлэхээс өөр арга байхгүй
-Саяхан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл ИЗН-д элссэн. Сонгуульд хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцох гээд л байна уу?
- Манай намд олон хүн элсэж байгаа. С.Дэмбэрэл дарга 2-3 жилийн өмнөөс энэ талаар ярьж байсан. Улс төрийн сонголтоо хийгээд элссэнд нь талархаж байгаа. Түүнээс гадна манай намд элсэх олон хүн бий. Гэхдээ хувь хүн шийдвэрээ гаргаагүй байхад нэрийг нь хэлээд яах вэ. Ямар ч байсан олон хүн элсэнэ.
-Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тал дээр ямар бодолтой байна вэ. Сая МАН-ын бүлэг АН-ын бүлгийн саналыг хүлээж авч байгаа хэллээ?
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр үүссэн хоёр намын маргаан зохиомол харагдаж эхлээд байсан юм. Цаагуураа арай өөр зүйл тохирсон байх. УИХ-ын 2012 оны сонгууль энэ хоёр нам хоорондоо тохирсон байдлаар хийгдэх болов уу гэсэн сэжиг л байна даа. Ингэвэл Монгол Улсад ардчилал байхгүй болно гэсэн үг. Одоо МАН-ынхан АН-ын саналыг хүлээж авч байгаа ч гэсэн ямар нэг тохиролцоо байгаа байх. С.Баяр “2012 оны дараа хоёр нам хамтарна” гэсэн утгатай зүйл хэлж байсан юм. Үүнийгээ л ярилцаж тохиролцоод байх шиг байна даа. Гэхдээ энэ бол таамаг.
-Сонгуулийг тохиролцсоны үндсэн дээр явуулбал ямар үр дүн гарах бол?
-Эрх барьж байгаа хүчнүүд хуулиас дээгүүр хоорондоо тохиролцвол дарангуйлал үүсч байгаагийн нэг хэлбэр. Өнөөдөр Монгол Улсад зөвшилцөл хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Гэхдээ эрх баригчдын зөвшилцөл биш. Бүх ард түмний нээлттэй зөвшилцөл хэрэгтэй. Монгол Улс 20 жилийн хугацаанд ардчиллыг ойлголоо, зах зээлд суралцлаа, дэлхийд нээлттэй боллоо. Хөгжлийн боломжууд бол харагдаж байна. Харин энэ бүхэнд авлигалд идэгдсэн засаглал хамгийн их саад болж байна.
-Үүнээс гарах арга зам нь таныхаар юу вэ?
-Үүнийг тойрч гарах нэг арга бол улс төрийн бүх хүчнүүд нийлээд зөвшилцлийн ардчиллын замаар явах, зөвшилцлийн парламентыг байгуулах явдал. Зөвшилцлийн Засгийн газар биш шүү. Парламентад Монголын улс төрийн бүх томоохон хүчнүүд орох ёстой. Сонгуульд шударга оролцоод чадвал шүү дээ. Хүн амын дөрөвний нэг хувийн дэмжлэгийг авдаг хоёр намын төлөөлөл 100 хувь парламентад орж болохгүй. Одоо байдал эсрэгээрээ байгаа нь асуудлыг парламентын танхимд биш гудамжинд шийдэх болгочихож байгаа юм. Монголчуудын санааг хамгийн их зовоож байгаа асуудал нь “Монголд үүссэн хямрал гудамжинд шийдэгдэх үү, парламентын танхимд шийдэгдэх үү” гэдэг боллоо. Үүнийг 2012 оны сонгуулиар шийдэх ёстой болж байна. Би Монголын улс төр, хөгжлийн асуудал парламентын танхимд шийдэгдээсэй гэж бодож байна. Монгол Улс дараагийн 20 жилд үсрэнгүй хөгжихийн тулд засаглалаа өөрчилж, сайжруулах ёстой. Ингэхийн тулд улс төрийн хүчнүүдийн өргөн ойлголцол, хамтын ажиллагаа хэрэгтэй. Парламент нээлттэй байх ёстой. Парламентыг алв болох пропорциональ тогтолцоогоор бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр нийгмийг төлөөлж байгаа бүх хүчин парламентад орж ирнэ гэсэн үг. Парламент зөвшилцлийн ардчиллыг хэрэгжүүлдэг механизм болно. Эсрэг тохиолдолд бүх хямрал гудамж руу гарна. Тиймээс Монгол Улсад эрх баригчдын зөвшилцөл бус өргөн олны зөвшилцөл хэрэгтэй гээд байгаа юм. ИЗ-НН “Улс төрд идэвхитэй оролцож байгаа намуудаас гадна парламентын гадна байгаа намууд ч гэсэн 2012 оны сонгуулиар суудал аваасай” гэсэн байр суурьтай байгаа. УИХ-д орж ирээд үгээ хэлж, саналаа өгөг л дээ. Юу нь буруу гэж. Харин парламентад орж ирэх замыг нь нээлттэй, шударга болгох ёстой. Социализмын үед, 80 жилийн турш манай улсын бүх асуудал улс төртэй холбогддог байсан. Сүүлийн 20 жил ч бүх зүйлийг улс төрийн аргаар шийдэх гэж оролдсон. Цэцэрлэгийн эрхлэгчийг хүртэл улс төрийн аргаар томилдог. Уг нь иргэд өөрсдөө шийдэх ёстой. Хороо хорины хог тохижилт хариуцсан хүмүүсийг хүртэл улс төрийн сонгуулиар шийддэг. Үүний оронд зөвшилцлийн парламентыг бий болгож, гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Одоогийн парламентаа нээлттэй парламент болгох хэрэгтэй байна. Тэгээд улс төрөөр бүх асуудлыг шийдэхээ болиод эдийн засагтаа анхаармаар байна. Бие, биенээ 20 жилийн турш нухсаар байтал баларлаа шүү дээ. Зөвшилцлийн парламент бий болгоод, Засгийн газраа хуулийн дагуу байгуулж улстөржихөө боливол Монгол Улс хөгжинө.
-Ийм боломжийг олгох юм болов уу?
-Энэ хоёр нам хэдий чинээ бүх зүйл дээр монополь байх гэж оролдоно Монголын ард түмэн төдий чинээ эсэргүүцнэ. Энэ парламент зөвхөн МАН, АН-ынх юм уу. Монголын 2.7 сая хүний парламент шүү дээ. Яагаад тэднээс бусад нь парламентад орж, үгээ хэлж болдоггүй юм бэ. Бусад нь 21 мянган төгрөг авчихаад дуугүй байх ёстой юм уу. Каддафиг хар л даа. Тэр 27 настайтаа Ливийг Францчуудаас чөлөөлсөн. Дараа нь Их Британи, АНУ-ын цэргийн баазыг хөөж гаргасан. Тэгээд үндэсний баатар болсон. Бас бүх сургууль, эмнэлгийг төлбөргүй болгож, иргэдээ байр өгсөн. Тэгж байхад нь барьж аваад буудчихлаа шүү дээ. Яагаад гэвэл, иргэд эрх чөлөөгөө хэзээ хэн нэгэнд мөнгөөр өгдөггүй юм. Каддафи тэдний эрх чөлөөг нь аваад оронд байшин, барилга, мөнгө өгсөн болохоор түүнийг эсэргүүцсэн хэрэг. Үүнтэй адил эрх барьж байгаа хоёр нам иргэддээ 21 мянган төгрөг өгөөд нэг их удаан явахгүй. Тиймээс улсаа хөгжүүлье гэвэл бүх хүнийг оролцуулах хэрэгтэй. Сумынхан сумаа удирдаг. Хороо хориныхон сургууль, цэцэрлэгээ янзлаг. Парламентад орох нь орог.
- Ингээхэд таныг ИЗ-НН-ын дарга гэж бичиж болох юм уу. “Дээд шүүхээс намын дүрмийн өөрчлөлт, нэрийг бүртгээгүй байхад ингэж хэлж болох юм болов уу” гэж гайхаад байна л даа?
-Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ саналаар шийдвэрээ гаргадаг. Манай намын их хурал хуралдаад хоёр нам нэгдсэн. Энэ үеэр биднийг удирдлагаараа томилох шийдвэрийг гишүүд маань гаргасан. Намайг Дээд шүүх даргаар томилдоггүй. Намын гишүүд томилсон. Тийм учраас би ИЗ-НН-ын дарга. Тиймээс гишүүдийнхээ шийдвэрийг л дагана. Харин намын нэрээ бүртгүүлэх бол тусдаа асуудал.
-Хэрвээ Дээд шүүх бүртгэхгүй бол яах вэ?
- Дээд шүүхийн асуудал цаашаа сунжрах л байх. Гэвч бид Иргэний зориг намын их хурлыг хуралдуулаад намынхаа нэрийг солиод цаашаа хамтдаа явна. Энэ бол бидний шийдвэр. Бид сонголтоо хийж, шийдвэрээ гаргасан.
Т.Урангэрэл



