Хэлэлцэн маргалдаж, саналаа тоолж хамтын шийдвэрээ гаргаж буй иргэд, хамт олонд ямагт Олонх ба Цөөнх байдаг. Энэ бол иргэний нийгмийн бүхий л хамт олон, байгууллагын амьдрал, үйл ажиллагааны ердийн хэв хэмжээ билээ.
Тэр бүү хэл, тухайн хамт олон, байгууллагын гишүүд мэтгэлцээнд өргөнөөр татагдан оролцож, хамтын шийдвэрт санал бодлоо тусгахын төлөө идэвхтэй тэмцэж байвал тийм байгууллагыг эрүүл, дотоод ардчилалтай байна гэдэг.
Ардчилсан байдлаар асуудлаа шийднэ гэдэг бол хамт олон хэлэлцээд олонхийн саналаар нэгдсэн шийдвэрээ гаргахыг хэлдэг. Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн 5.1.2-т энэ талаар маш тодорхой буюу нам нь “дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх” гэж заасан байдаг.
Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намын дотоод асуудалд шүүхийг оролцохыг хуулиар хорьдог. Жишээ нь, Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй” гэж заасан бий.
Дүгнэн хэлбэл, ардчилсан нийгэмд иргэний ямар ч байгууллага дотоод асуудлаа олонхийн саналаар шийдвэрлэдэг. Олонх, цөөнхийн маргаанд шүүх оролцдоггүй.
Монголын Ногоон намын гишүүд намаа ИЗН-тай нэгтгэх асуудлаар Олонх, Цөөнх болж маргалдаад өнөөдөр түүнд нь Дээд шүүх хууль бусаар татагдан оролцож, хэний зөв, хэний бурууг тодорхойлох, тэр бүү хэл, намын удирдлагыг солих шийдвэр гаргаад байна.
Дээд шүүх манай намын албан ёсны буюу Олонхийн (90%) шийдвэрийг хэлэлцэж байх явцдаа намын доторх Цөөнхийн (10%) хүсэлтийг хууль бусаар зэрэгцүүлэн авч хэлэлцэж, шуугиан тарьсан шийдвэр гаргалаа. Тэр бүү хэл, Дээд шүүх намыг албан ёсоор төлөөлөх эрхгүй манай намын орон нутгийн салбар зөвлөлийн тамга тэмдэг бүхий гишүүдийн өргөдлийг үндэслэн энэхүү тогтоолоо гаргажээ.
Энэ бол Монголын нийгмийн амьдралд тохиолдож буй гаж үзэгдэл юм.
Дээрх шийдвэрийг гаргаснаараа Дээд шүүх иргэний нийгмийн байгууллага, намын хамт олны олонх цөөнхийн маргааныг эцэслэн шийдвэрлэдэг, удирдлагыг сольдог, бүлэг фракцын хүсэлтээр ажилладаг улс төржсөн байгууллага болж байна.
Хэрэв Дээд шүүх Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг ийм байдлаар хэрэгжүүлж эхлэх юм бол удахгүй Монгол улсын иргэний нийгмийн ямар ч байгууллага, улс төрийн нам асуудлаа ардчилсан зарчмаар, олонхоороо шийддэг бус, харин шүүхээр шийдүүлдэг болно.
Дээд шүүх энгийн нэг алдаа гаргаж байна гэж би харахгүй байна. Дээд шүүх манай ардчиллын тулгуур зарчим, иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдаж байна.
Дээд шүүх Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг улаан цайм, илт үгүйсгэж байна.
Дээд шүүхийн энэ завхрал бол зөвхөн Ногоон намын асуудалтай холбоотой биш юм.
Дээрх жишгээр бол, удахгүй АН-ын нэг фракц, эсвэл дүүргийн намын байгууллага нь намынхаа дүрмийг өөрчлөх, ҮЗХ-гээ цөөлөх асуудлыг Дээд шүүхэд тавьж шийдвэрлүүлж болох юм байна.
МАН-ын хэсэг гишүүд намынхаа аймгийн салбар хорооны тамга бүхий өргөдлөө Дээд шүүхэд өгч намын нэр, дүрмээ буцаан өөрчлүүлж болох юм байна.
Монголын төрийн бус бүх байгууллагуудын удирдах зөвлөл санал хурааж олонхоороо асуудлаа шийддэг бус, харин шүүхээр шийдүүлдэг болох юм байна.
Дээд шүүхийн ийм шийдвэрийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч болно гэж үү?
Монголын иргэний нийгмийн байгууллагууд дотоод асуудлаа ардчилсан зарчмаар өөрсдөө шийдэж явах юм уу, эсвэл шүүхэд өгч шийдүүлдэг болох юм уу?
Монгол улсын Дээд шүүх биднийг чухам хаашаа чиглүүлээд байнаа?



