Богд хаант төрийн “ногоон бодлого”
Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ”

Монголын Интернэт: Америктай холбогдов

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

1995 оны маш хүйтэн өвөл болж байлаа. Бид ч ажилдаа улайрч, өвлийн хүйтэн өдрүүдийг анзаарах завгүй, дор бүрнээ сервэр, программ хангамж, кабель, тоног төхөөрөмжтэйгээ ноцолдож, олонх маань ажил дээрээ хонож байв.

Хэдийгээр бид өөрийн PC-mail гэгдэх и-мэйлийн үйлчилгээгээ эхлүүлээд бараг гурван жилийн нүүр үзчихсэн байсан боловч Америктай шууд холбогдсон, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай сансрын холбооны сүлжээ байгуулан Интернэтийн онлайн үйлчилгээ эхлүүлнэ гэдэг бараг л зөгнөлт зохиол биелж байгаа мэт тэр үед надад санагдаж байсан юм.

Юм болгон маш үнэтэй байлаа. Америк руу утсаар 1 минут ярихад 5 америк доллар гардаг байв. Тэгээд ч бүх дуудлага зөвхөн Москвагаар, зарим үед орос оператороор дамжин, гар ажиллагаагаар, бүр урьдчилан захиалж, хүлээж байж хийгддэг байв. Бид Америкаас худалдаж авсан сансрын холбооны антенаа суурилуулж, тохируулга хийхийн тулд олон шөнийн турш байшингийнхаа дээвэр дээр хэдэн цагаар ээлжлэн зогсоцгоож, америкийн талын инженерүүдтэй утсаар ярих бүртээ эсвэл цонхоороо хашгиралдаж, эсвэл шатаар дээш доошоо гүйлддэг байв. Гар утас гэдэг зүйл нь Монголд ирээгүй байлаа.

Америкийн цагийн ялгаанаас болж бид шөнийн цагаар л гол ажлаа амжуулдаг байв. Зарим шөнө утсаар ярихад 1000 доллар гарч ёстой “шатна” гэдэг нь болж сандаргаж байлаа. Тэр үеийн Монголд 1000 доллар бол маш том хөрөнгө байсан юм.

Монголд мөнгө ховор байсан цаг. Алдарт “Алт дилерийн” гэгдэх хэргээс болж Монгол улс валютийн бараг бүх нөөцөө алдчихаад сэхэж амжаагүй, зөвхөн донор орнуудын тусламжаар эрчим хүчээ тасалж гал алдчихалгүй, данс нь бүрэн улайчихалгүй явж байв.

Бид төрөл бүрийн арга замаар хөөцөлдөж байж ХОТШ банкнаас 50 мянган долларыг 6 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авч  сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээ авсан юм. Бидний хэн маань ч урьд нь ийм их мөнгө зарцуулж үзээгүй, сарын 4.8 хувийн хүү гэж ямар их өндөр эрсдэл болохыг ч мэддэггүй байв.

Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байсан зүйл бол тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл байлаа. Мөнгө хүрэхгүй учир зөвхөн хэрэгтэй төхөөрөмж бүрээ ганц нэг ширхэгээр, сэлбэг хэрэгсэл гэхээр зүйлийг бараг аваагүй байв. Хэрэв ямар нэгэн төхөөрөмж гацаад сэлбэг хэрэгтэй болбол Америк руу захиж, тэр нь сар хагасын дараа л арай гэж ирж амждаг байв. За яахав, сар хагасыг хүлээе гэж бодоход тэр бүх хугацаанд сансрын холбооны шугам сул зогсож бид бүрэн дампуурах аюултай байлаа.

Олон сар хөөцөлдөж, олон өдөр шөнө техникийн бичиг баримт уншиж, туршилт хийж ажилласны эцэст Монгол-Америкийн сансрын шууд холбооны шугам маань ажиллаж эхэллээ. Америкийн ПанамСат-4 хиймэл дагуулаар дамжин Монгол улс АНУ-ын Калифорни мужтай шууд холбогдов. Зөвхөн Москвагаар дамжин гадаад орнуудтай холбогддог байсан он цаг солигдлоо. Үүнийг бид өөрсдөө, Монголын хувийн нэгэн жижиг компани санаачлан хийж том амьдралаа эхэлсэн юм.

Сансрын холбооны шугам бол одоохондоо бас Интернэт биш байлаа. Интернэтийн сүлжээнд холбогдож бүх үйлчилгээгээ эхлүүлэх дараагийн чухал алхам биднийг хүлээж байв. Олон чухал, хэцүү сорилтууд, заримдаа инээдтэй, бас эрсдэлтэй үйл явдлууд үүний дараа үргэлжилсэн юм.

comments powered by Disqus