УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Гишүүн ээ, яг одоо УИХ улсын төсвийг хэлэлцэж байна. Парламентад суудалтай намын дарга, улс төрийн гуравдагч хүчний төлөөллийн хувьд ирэх жилийн төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Эрх баригчдын гаргаж буй шийдвэр, ялангуяа төсвийн хуваарилалтад хяналт тавих үүрэг МНН, ИЗН-д ногдож байх шиг байна?
-Төсвийн хэлэлцүүлэг дээр гишүүдийн ярьж байгаа том шүүмжлэл бол Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв хоёр уялдахгүй байна. Цаашилбал, Монгол Улсын хэтийн хөгжлийн асуудлуудтай ч улсын төсвийг холбон ярих бололцоогүй байна. Тиймээс гишүүд ямар сайндаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай хүртэл хэл ам хийж байх вэ дээ. Бид аливаа зүйл дээр, тухайлбал одоо улсын төсвийг хэлэлцэж байгааг ажиглахад цаашаа яаж явахаа харахгүй байгаатай шууд холбоотой олон хүндрэл гарч байна. УИХ-ын 76 гишүүн тус тусдаа өөрийн бодол, хувийн зорилготой. Бид 76-г, Засгийн газрыг нэгтгэдэг хөгжлийн, тулгуур зарчмуудын үндсэн санаа алга. Хэдийгээр хөгжил зөвхөн төсвөөр төлөвлөгддөггүй ч хамгийн том асуудал энэ байх шиг. Тиймд мөн бид бүхнийг нэгтгэдэг тэр санааг дагах хөгжлийн программ алга. УИХ-ын 76 гишүүн төсвийн төлөвлөлт, хуваарилалтад хэрхэн оролцох вэ гэдэг ил тод зарчим алга. Тиймээс зөвхөн хувь хүний болон бүлгийн чадлаар, зүтгүүлэх чадвартаа тулгуурлаж л төсвийг хэлэлцэж байна. Практик хэлээр бол бидэнд төлөвлөх, приоритет тогтоох, шүүх, харьцуулалт хийх гэх мэтийн шинжлэх ухааны ямар ч хэрэгсэл, арга барил алга гэх үү дээ.
-Ийм муйхар, явцуу байдлаар улсын төсвийг хэлэлцэж байхаа больё гэж цөөнгүй хүн хэлж байгаа шүү дээ?
-Харин тийм. Бид замбараагүй байдалд, ийм мухардалд ороод байна гэж хүн бүр шүүмжилж байна. Гэтэл бид тэгвэл цаашаа яаж явах юм гэдгээ ярих завгүй байна. Монгол Улс ийм байдлаар 20 жил явлаа, одоо цаашид яах вэ гэдгийг ярих цаг болж байх шиг. Эхлэх зүйл бол бид харах өндөрөө өөрчлөх хэрэгтэй гэж надад санагддаг. Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн шиг монголчууд биднийг яг урдны адилаараа хөмөрсөн тогооны доорхи шиг сэтгэлгээ, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэсэн явцуу хараа их боож байна. Дүгнээд хэлбэл бид хөмөрсөн тогооны сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Ингэж хэлэхээр хүмүүс наадах чинь хоосон гоё үг гэдэг. Тэгээд яг юуг өөрчлөх юм гэж асуудаг.
-Таны хувьд ийм хөмөрсөн тогооны сэтгэлгээнээс гарахын тулд юуг өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?
-Албэрт Эйнштейний нэг үг байдаг даа. Ямар нэг асуудлыг тухайн асуудлыг үүсгэсэн сэтгэлгээний хүрээнд шийдэх боломж байдаггүй гэж. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Монголын хүрээнд, өнөөдрийн Монголын сэтгэлгээний төвшинд Монголын олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжгүй. Өөр төвшинд гарч, өөр өнцгөөс харж байж л шийднэ.Ойд төөрсөн хүнийг шувууны өндөрөөс харвал амархан гарцаа олно. Түүнээс ой дотроо гүйгээд байвал замаа олохгүй. Тиймээс энэ бүхнийг өөрчлөхийн тулд өөр өнцгөөс харах нь чухал.
-Тэгвэл яаж?
-Үүнийг нэлээд олон жил уншиж, судалж байх явцад төрсөн санаа л даа. Товчоор “4G-гээр сэтгэ” гэх юм уу даа. Эхний G нь Global гэсэн үг. Монголоор бол дэлхийн дэвжээ. Б.Явуухулан гуайн хэлснээр бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй. Эдийн засаг, бизнесээ Монголын хүрээнээс гаргаж сэтгэх хэрэгтэй. Бүх салбарт ийм сэтгэлгээ чухал. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ч тэр, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ч гэсэн Монголын хүрээнээс гарч сэтгэх цаг боллоо. Асуудлын гол нь Монголын зовлонг аргалах тухай биш, энэ 2.7 сая хүн энэ дэлхийн зургаан тэрбум хүний дотор яаж амьдрах чадварын тухай ярих гээд байна. Одоо бол сургууль төгссөн хүн диплом аваад Монголд яаж ажил олох тухай л яриад байна. Тэгвэл тэр сургууль төгссөн хүүхэд зургаан тэрбум хүний дотор яаж амьдрах тухай ярих хэрэгтэй.
-Глобал гэдэг энэ ойлголт өөр өнцгөөс харах гэдэгтэй ч холбоотой биз?
-Глобал харна гэдэг нь эдийн засгийн тэнхлэгт харах өнцгөө тэлнээ л гэсэн үг. Бид эдийн засаг бизнесийн бүх тооцоо, харьцуулах индексээ дэлхийн стандартад оруулах хэрэгтэй. Баянзүрх дүүргийн эмнэлэг мэргэжлийн хяналтыг аргалах гэвэл нэг хэрэг, харин Тайландтай өрсөлдөх гэдэг бүр өөр. Ийм байдлаар эдийн засгийн төлөвлөлт, харьцуулалтыг хийж, бүх өнцөгийг өөрчлөх ёстой. Глобал гэдэг томъёолол дээр нэг чухал санааг жишээгээр хэлмээр байна. Шилэн саван дотор хэдэн хулгана хийгээд хориод байвал аажимдаа бие биеэ барьж иддэг. Харин тэднийг гаргаад тавьбал нийлээд нэг сүрэг болоод явдаг. Хөмөрсөн тогоон доорхи монголчууд нэг нэгнээ барьж идэн дайсагнасаар ирсэн. Өөрөөр хэлбэл хаалттай систем доторхи амьтад биенээ барьж иддэг. Монголчууд манжийн дарлалд 200 гаруй жил, Оросын харьяанд 100-гаад жил хаалттай байсан. Тэр хаалттай системийг халснаар бие биедээ дайсагнах биш энэ дэлхийн зургаан тэрбум хүний дотор яаж амьдрах, бие биеэ хэрхэн дэмжих вэ гэдэг өөр шинэ үндэстний сэтгэлгээ гарч ирнэ. Өнөөдөр бүх хүн гадаад паспорттой, аль ч улс руу явж болно. Бүх юм чөлөөтэй. Гэтэл бид зөвхөн Монгол дотроо сэтгээд байна. Яг л 1990 оноос өмнөх шигээ. Энд бас жишээгээр хэлье. Эрдэмтэд оготныг саванд хийгээд дээр нь төмөр тор тавиад өндийхөөр нь цахилгаанаар цохиулаад байж. Тэгээд дараа нь торыг нь авчихсан хойно ч оготно бөхийгөөд дээшээ босохгүй гүйдэг болсон байсан гэнэ. Үүнтэй адил ардчилал ирсэнээр хөмөрсөн тогоо алга болсон ч бид өнөө хэр хөмөрсөн тогооны дотроо л сэтгээд байгаа. Бид дээрх хулганатай адил толгойгоо өндийлгөхөө мартчихаад байна. Глобал сэтгэх гэдэг бол эдийн засаг, бизнесээ тусгаар бус, харин хил хязгааргүй шинэ даяар зах зээл дээр байгаагаар сэтгэх гэсэн үг. Бид харах горизонтоо, хаяагаа тэлж байгаа хэрэг.
-Хоёулаа эхний G-гийн талаар ярилаа. Дараагийнх нь?
-Хоёрдахь G нь Green буюу ногоон гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур бодлого байх ёстой.Ногоон гэдэг бол зөвхөн байгаль хамгаалах тухай яриа биш. Энэ бол сэтгэлгээний, амьдрах, үйлдвэрлэх, хөгжих шинэ түвшин шүү дээ. Энэ G нь байгаль дэлхийг харах сэтгэлгээгээ тэл гэсэн үг.
Гурав дахь нь англиар Grassroot буюу монголоор бол хүнээсээ эхэлж, олон түмний оролцоотой хийх тухай ойлголт.
Дөрөв дэх G нь Gradual буюу алхам алхмаар гэсэн үг. Тэгэхээр дээрх гурван координатаар харвал эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлуудыг харах хүрээ тэлнэ. Үүнийг дагаад бидний явах зам, хамрах хүрээ тэлээд ирж байна. Сүүлийн G нь эхний гурван G-г алхам алхмаар хийнэ гэсэн санаа. Нэг зүйрлэл хэлэхэд ойд мананд төөрсөн хүн яаж замаа олох вэ. Хүмүүс хэлдэг, уулын оройд гарах хэрэгтэй гэж. өгсүүр газар руу яваад бай гэж. Та зорилго буюу уулын оройгоо харахгүй ч өгсүүр зүгт яв гэсэн зарчмаа мэдэж байгаа цагт төөрөхгүй. Үүн шиг Gradual гэдэг нь зөв чигээ олж алхам алхмаар түүн рүү явах санаа. Хөгжил гэдэг бол бүтээгдэхүүн биш, энэ бол процесс. Монгол Улс ийм тийм үйлдвэртэй, эмнэлэгтэй, төмөр замтай болсноор хөгжчихнө гэж болохгүй.
-Улсын төсвийн хэлэлцүүлгийг харж байхад гишүүн бүр л тойрогтоо, аймагтаа ийм тийм юм хийнэ, сургууль, цэцэрлэгийг засна гээд л баахан аж ахуйн ажил ярьж байна. Төсвийн хэлэлцүүлэг биш хэдэн төгрөг хувааж авахын төлөө мэтгэлцээн яваад байх шиг?
-Ер нь бидний хөгжлийн бодлогын хэв загвар нь зэс баяжуулах үйлдвэр барих, эсвэл зам тавих гэх мэтээр харагдаад байгаа даа. Эдгээр асуудал их чухал ч бид зарчмаа, үзэл баримтлалаа эхлээд харахгүй бол алдах магадлал өндөр болно. Тэгээд ч олон зүйлийг зах зээлийн хэрэгцээнээс хамааруулаад бизнесийнхэн түүгээрээ хийчихнэ. Улстөрчид бидний гол ажил бол нийгэм, эдийн засгийн процессыг тодорхой зорилготой, эрүүл, эрчтэй явуулах нөхцлийг бүрдүүлэх болохоос бус өөрсдөө хаана нэг газар очиж худаг барих, дээвэр засах санаачлага гаргах биш л дээ. Бид өөрсдийнхөө хийх ажлыг сайн хийхгүй атлаа бусад хүмүүсийн өмнөөс бүхнийг хийхийг хүсч байна.
Дүгнээд хэлбэл бид 76 дүрмээ хийх биш, өөр өөрийн машиныг түлхээд л сууж байгаа сэтгэгдэл төсөл хэлэлцэж байгаа үед төрөх юм.
-Энэ үзэл бодлоо хэлэхэд гишүүд хэрхэн хүлээж авч байна?
-Мэдээж олон хүн үүнийг ойлгож байгаа. Гагцхүү иж бүрэн үзэл санаа болох замдаа ороогүй байна. Энэ бүгдийг үзэл санаа төдийгүй ажилладаг механизм болгох хэрэгтэй. Дээрх дөрвөн өнцгөөр бүх зүйлийг харах хэрэгтэй гэдэг чинь байж болох нэг л хувилбар. Ерөнхийлөгч ногоон хөгжлийн тухай, Ерөнхий сайд Европын засаглалын стандартыг авах боломжийн тухай ярьж байна. Бизнесийнхэн өрсөлдөх чадварын тухай, нийгмийн ухааныхан үндэсний үзэл, соёл иргэншлийн тухай ярьж бичиж байна. УИХ-ын гишүүд бид улсын төсөв, хөгжил ярьж байна. Энэ бүгдийг нийлүүлэхээр цогц санаа гарч ирнэ. Монголчууд бид тулгуур зарчмаа, санаагаа бүрдүүлэхгүй хойш тавьж үргэлж түймэр унтраадаг, жижиг юм яриад улам жижигрээд байгаа болохоос бүх зүйл харагдаж байгаа шүү дээ.
Би хагас жил парламентад суугаад одоо төсөв хэлэлцэхэд оролцож байна. Өөр төвшинд сэтгэж, өөр замаар асуудлыг шийдэх улс төрийн зориг бидэнд дутаад байна. Бидэнд шувууны нисэх өндрөөс бидний ажлыг харуулбал, өө энэ чинь ийм амархан байсан юм уу гэнэ. Бидэнд мөнгө байна, мэдлэг байна, нутаг байна, эрх чөлөө байна. Ганцхан бид өөр өнцгөөс харах зориг дутаж байна. Магадгүй зарим хүн тэгэхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ өөрчлөх хүсэлтэй хүн олон бий. Одоо зог тусаад өөр өнцгөөс хараад үзвэл Монгол Улс хамгийн өндөр хөгжилтэй орон болох боломж байгаа. Монголд бүх юм байна. Дэлхийн мэдлэгийг оруулаад ирвэл хэнээс ч дутахгүй.
Recent Comments