Сүүлийн 2 долоо хоногт телевизийн бүх сувгуудаар шинэ Ерөнхий сайд Сү.Батболдын танхимын хуралдааныг олон дахин харууллаа. Түүнийг харж суухад нэг сонин зүйл анзаарагдсан нь уг хуралдаануудад чухам хоер өөр Засгийн газрын гишүүд хуралдан хамтын шийдвэр гаргаж байсан явдал юм. Яагаад гэвэл Сү.Батболд бол шинээр томилогдсон Ерөнхий сайд буюу Засгийн газрын шинэ танхимын тэргүүн, харин бусад бүх сайд нар бол хуучин Засгийн газар буюу С.Баярын танхимын гишүүд юм. Хуучин сайд нар өнөөг хүртэл УИХ-аас шинэ танхимын гишүүний эрхээ аваагүй, үүрэг гүйцэтгэгчээр томилогдоогүй явж байна. Эдгээр сайд нар нэг танхимыг бүрдүүлж байна уу, мөн энэ танхимын гаргасан шийдвэрүүд эрх зүйн ямар чадамжтай вэ ?
Хэрэв тэд нэг танхим бол, шинэ Ерөнхий сайд маань хуучин танхимын хуралдаанд суугаад байна уу, эсвэл хуучин сайдууд шинэ танхимын хуралдаанд томилолтгүй суугаад байна уу ?
Өнөөдөр энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр асуухад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл – тэд бүрдээрээ Монгол улсын сайд нар шүү дээ - гэсэн маш ерөнхий хариулт хэлж байх юм. Хэрэв тийм бол Монгол улсын Засгийн газар кабинетийн зарчмаар бус харин Сайд нарын зөвлөлийн зарчмаар ажиллаж байгаа болж таарах нь.
Монгол улсын Үндсэн хуульд шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газрын эрх, үүрэг дуусгавар болох тухай заасан байдаг. Бид засаглалын зарчмаа дахиад л зөрчиж байна. МАХН, АН-ын бүлгүүд “тохирсон” учир энэ намууд энэ тухай ярихгүй, танхим эрх зүйн чадамжгүй байдалд ороод байгааг “харахгүй” байна. Энэ бол хяналтгүй засаг чухам яаж авирладагийн бас нэг тод жишээ юм даа.



