“МАХН, АН хоер нэг Засагт орсноор төр тогтворжиж, их ажил амжуулах бололцоо бүрдэнэ” гэнэ - Үнэхээр тийм гэж үү ? Өнгөц харвал тийм мэт. Гэхдээ төр гэж чухам юуг хэлж байгаагаас энэ нь хамаарч байх шиг. Хэрэв Монголын төр гэж Засгийн газрыг илүүтэй ойлгоод байгаа бол дээрх асуултад тийм ээ, төр засаг (намууд) эв нэгдэлтэй болж, богино хугацаанд их ажил амжуулах бололцоо үүсч байна гэж олон хүн хариулна байх. Оюу толгойн гэрээг зурчихлаа, одоо Таван толгойн болон бусад ордуудын гэрээ хэлцэл гэх мэт дараа дараагийн олон ажил биднийг хүлээж байна шүү гэж хэвлэлээр байнга бичиж ярих нь энэ хандлагыг илэрхийлэл юм. Энэ нь Засаг бол илүүтэйгээр аж ахуйн ажил гүйцэтгэгч гэж хардаг хүмүүсийн байр суурь болов уу. Нөгөө талаар, Монголын улс төрд бизнесийн бүлэглэлүүдийн “ажил хэрэгч” сонирхол илт давамгайлах болсны үр дагавар байх.
Харин төрийг өргөн утгаар нь буюу улс орны засаглалын тогтолцоо гэж харвал МАХН, АН хамтарч Засаг байгуулснаар Монголын төр суларч байна гэж дүгнэж болно. Бүр тодорхой хэлбэл, дотроо олонх, цөөнхгүй болсноор Монголын парламент саармагжиж, ардчилсан төрийн систем бүхэлдээ суларч байна гэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл парламентын хүчийг намуудын “эвлэрэл” үүсгэдэггүй, харин намуудын эсрэг-тэсрэгийн диалектик нэгдэл үүсгэдэг. Монголчууд бид үүнийг арга-билгийн хослол ч гэдэг. Гүйцэтгэл-хяналтын буюу олонх-цөөнхийн арга-билгийн тогтолцоог байхгүй болгосноор Монголын парламентын гал унтарч, эрх баригчид хяналтгүй болж, засаглалын битүү тойрог үүснэ. Олонхи, цөөнхийн институтгүй, гүйцэтгэх засаглалаа дагасан парламент бол үндсэндээ парламент бус ердөө л хамтарсан Засгийн газрын бодлогыг хуульчлагч байгууллага юм. Энэ бүхэн нь эцсийн дүндээ ардчиллын тулгуур болсон төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг бүрэн алдагдуулж засаглалын хямралыг үүсгэх гол эх сурвалжийн нэг болж байна. Үндсэн хуулинд зааснаар Монгол бол парламентийн засаглалтай орон. Харин амьдрал дээр бол …
Ийм нэг үг байдаг - “Аль ч засаглалын ялзрал нь ямагт зарчим нь завхрахаас эхэлмуй” – Шарль Монтескье, Хуулийн амин сүнс. VIII дэвтэр, I бүлэг.
Recent Comments