Би судлаач Ганааг сайн танина. Түүний хэлж, бичиж байгаа нь үргэлж гүнзгий санаа агуулж байдаг. Тиймд энэ ярилцлагыг нь өөрийнхөө блогт тавилаа.
Ярилцсан Д.Доржпагма, “Өдрийн сонин” №258 /3335/ 2009.10.26.
Д.Ганхуяг: М.Энхболдын бүлэглэлийнхэн бие даасан бодлого явуулж эхлээд байна
Судлаач Д.Ганхуягтай уулзахаар түүний гэрийг зорьсон юм. Тэрбээр номын хүн аж. Өдрийн ихэнх цагийг цаас шагайж, интернэт ухаж, дүн шинжилгээ хийж, судалгаагаа үргэлжлүүлж өнгөрүүлдэг нэгэн юм байна. Өөрийн үзэл бодолдоо хэт үнэнч, эд хөрөнгийн сонирхол багатай, ярихдаа маруухан, бичихдээ гаргуун энэ судлаачтай улс төрийн нөхцөл байдлын талаар хөөрөлдсөн юм. Тэрбээр бичсэн бүх нийтлэл, судалгааныхаа материалыг www.ganaa.mn гэсэн өөрийнхөө блогт байрлуулдаг юм билээ.
-Та саяхан бичсэн нэг нийтлэлдээ улс төрийн бүлэглэлийн дайн эхэллээ гэсэн байсан. Энэ их анхаарал татлаа. Үүгээр яриагаа эхлэх үү?
- Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль хэрхэн болж өрнөснийг та бүхэн ажиглаж л байсан байх. Чимээгүй байдал ноёлоод л. Гэвч намууд холилдчихоод, улс төрийн сүлжээний дайн эхэлсэн учир өнгөн талдаа чимээгүй байдал ноёлж, цаанаа жинхэнэ “алалцдаг” юм байна.
-Эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэлүүд тулалдсан гэж хэлэх гээд байна уу?
- Манай орны улс төр сүлжээний бизнес болж хувирсан. Улс төрийн сүлжээ гэдэг нь тодорхой хувь хүн бүлгийг толгойлдог, тэдний шууд санхүүжилт, хяналтаар ажилладаг, шаталсан бүтэцтэй, “мэргэжлийн” боловсон хүчинтэй, цэрэгжсэн зохион байгуулалттай, сонгогчдыг мөнгөөр худалдан авах зорилго бүхий, намаас гадуурх улс төрийн бизнесийн “том хамтлаг” гэсэн үг юм. Энэ нь гэмт хэргийн болон луйврын бусад сүлжээнээс ялгарахгүй. Хамгийн аюултай нь монголчууд бидний хувь заяаг атгасан улс төрийн том том лидерүүд энэ сүлжээг толгойлдог юм.
- Улс төрийн сүлжээний бизнес Монголд хэзээнээс үүсч хүчээ авсан бэ?
- Ийм сүлжээний бизнес эртнээс эхлэлээ тавьсан. Одоо улам хүчирхэгжиж байна. МАХН, АН-ын хамтын бүтээл шүү дээ.
- Бүлэглэл, сүлжээ хүчээ авч нам бэлгэдлийн шинжтэй болж байна гэж та дүгнэсэн байна?
- Энэ олон сүлжээ намаас гадуур болчихоод төр засаг болон намыг ёстой хөнөөх шиг болж байна даа. МАХН, АН-ын сүлжээнүүд улам л хүчирхэгжиж “бизнесийн” бие даасан салбар болтлоо хөгжөөд байна. Хэдхэн жилийн өмнө хоёр намын сүлжээ бас ч гэж бие биенээ хянаж хэрүүл уруул хийдэг байсныг олон хүмүүс мэдэж байгаа. Одоо бүр бие биенээ хянах байтугай тохиролцдог болж байна. Энэ байдал нь манайд улс төрийн задрал нүүрлэж байгааг зөгнөж буй хэрэг. Хүн харахад хоёр том нам байгаа боловч цаанаа бие даасан сүлжээнүүд нь ёстой нэг самрахыг үзүүлж, замхруулдаг болж.
- Ямар сүлжээнүүд хэрхэн ажиллаж байгааг судлаач хүний хувьд судлаад дүгнэлтээ хийсэн байх?
- МАХН-д гэхэд С.Баярын, М.Энхболдын, Н.Энхбаярын гэсэн сүлжээ байхад АН-д “Алтан гадас”-ын, МоАХ, Ц.Элбэгдоржийн гэсэн сүлжээ байна. С.Баярын сүлжээ бол МАХН-ын үндсэн сүлжээ учраас гол гол зүйлийг хяналтдаа байлгаж байна. Тэд Д.Зоригтын нэрийг дэвшүүлж, Оюу толгойн гэрээгээр “туг”-аа хийн энэ нөхөн сонгуулиар байр сууриа бэхжүүлэхийг чармайж зорилгодоо хүрсэн. Энэ нь МАХН-ыг залуу харагдуулахаас гадна “өөрийн мэдлийн” залуучуудаар бэхжүүлэх гэж байгаа нэг оролдлого нь юм. Гэтэл МАХН-ын даргын суудлыг эзлэх нь 2012 оны сонгуульд бүлгээрээ амжилт олох ганцхан арга учраас өрсөлдөөн хурцдаж, МАХН-ын үндсэн сүлжээ буюу С.Баярын сүлжээ олон хэсэгт хуваагдаад байгаа. С.Баяр энэ 11 дүгээр сард ажлаа өгөх тухай яриа гараад байгаа нь энэ бүлэглэлийн дотоод зөрчлийг улам хурцатгаж байна.
- С.Баярын багийн хамгийн том хамтрагч нь М.Энхболдын бүлэглэлийнхэн гэдэг. Тэгэхээр энэ бүлэглэлийнхэн намын даргаасаа нүүр бууруулж эхэлсэн гэх гээд байна уу?
- Хотын гэж нэрлэгдэх энэ сүлжээг мэдэхгүй хүн бараг байхгүй. М.Энхболд ерөнхий сайд улмаар МАХН-ын даргын суудлыг алсуураа бодож байгаа нь ажиглагдах болсон. Энэ сүлжээ С.Баярын сүлжээтэй зарим талаар нэг мэт боловч харьцангуй бие даасан бодлого явуулж эхлээд байгаа.
- Н.Энхбаярын бүлэглэлийг хүчгүйдэж байна гэх юм?
- Н.Энхбаярын сүлжээ хэд дараалан ялагдсаны улмаас сүйрч байгаа хэдий ч МАХН болон бусад нам, мөн төрд байсан хуучин нөлөөнийхөө хүчээр ажиллаж байна. Гэвч хамгийн аймаар нь энэ сүлжээ МАХН-ынхаа эсрэг ажиллах болж. Миний хувьд Н.Энхбаярыг сайн мэдэх боловч түүнийг АН-д ингэж улайм цайм “орчихно” гэж бодоогүй явсан юм.
- АН-д орчихлоо гэж үү?
- Нөхөн сонгуульд Д.Зоригтыг ялагдуулах гэж ихэд хичээсэн. Тэрээр өөрийн телевизүүдээр Р.Бурмаагийн рекламыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр цацаж, бас МАХН-ын захиалгат нэвтрүүлэг, рекламыг бусад телевизүүдээс 2 дахин өндөр үнээр авна гэж боосон. Тиймээс ТВ-9 телевизээр Д.Зоригтын реклам бараг цацагдаагүй. Тус телевизээр Д.Зоригтыг муучлахыг чухалчилж, байгуулсан Оюу толгой гэрээг нь будаа болгохыг зорьж байлаа. Үзэгчид ч гэсэн үүнийг ажигласан л байгаа. Мөн ҮШН-аар дамжуулан 50 сая төгрөг хандивласан. Н.Энхбаяр өөрөө нэр дэвшвэл ажиллуулна гээд МАХН-аас гадуур бэлтгэчихсэн байсан сүлжээгээ АН-аас нэр дэвшигч Р.Бурмааг дэмжихийг сануулж, Д.Зоригтын саналыг хуваах гэж С.Жавхлангийн нэрийг дэвшүүлсэн гээд яривал их зүйл бий. Энэ нөхөн сонгуулиар АН-ын нөлөө бүхий бүлэглэлүүд С.Баярын сүлжээнийхэнтэй тохиролцсон гэдэг нь тодорхой байлаа.
- АН-ын “Алтан гадас”, МоАХ фракцынхныг хэлээд байна уу?
- Уг нь анх “Алтан гадас” сүлжээг Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар байгуулсан боловч одоо С.Баярын сүлжээний нэг хэсэг болсныг бүгд мэдэж байгаа. Гэвч Н.Батбаяр зэрэг МҮДН хэмээх “дэд сүлжээ”-ний үймээнээс болоод “Алтан гадас” дотроо Засгийн газрыг дэмжигч Н.Энхбаярын тал гэж хоёр хуваагдчихаад байна. Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны сүлжээ уг нь АН-ын гол тулгуур байсан юм. Гэвч сайд болсон даргыгаа дагаад засгаа бараадаж байна. С.Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноор энэ сүлжээ ирэх том сонгуульд гол үүрэг гүйцэтгэнэ. Ц.Элбэгдоржид сүлжээ гээд байхаар зүйл байхгүй. Тэрбээр МоАХ сүлжээтэй их ойрхон байдаг. Гэхдээ төрд байгаа Ардчилсан хүчний бэлгэдэл учир түүний гэх сүлжээ одоо л ил бүрэлдэж байгаа болохоор ирэх сонгуулиар өргөжих хандлагатай байна. Ерөнхийлөгч Оюу толгойн гэрээг дэмжих, хариуд нь Ерөнхий сайд түүний авлигатай хийх тэмцлийг нь дэмжих тохиролцоо хийсэн. Энэ нь нийгэмд ач тусаа өгнө. Гэвч энэ үйл хэргийг нь Н.Энхбаярын сүлжээ таслахыг, бүтэлгүйтүүлэхийг санаархаж байгаа.
- Нам, гишүүдээ хянаж чадахаа байсан гэж та үзэж байгаа гэлүү?
- Тийм. Энэ байдлаас л харахад төрийн удирдлагын механизм бүрэн алдагдаж, нам гишүүдээ хянаж чадахаа байж, хяналтаас гарч байна гэж дүгнэж болохоор байна.
- Энэ нөхөн сонгуулиар луйврын аргыг туршсан гэж та бичсэн байсан. Үнэхээр ийм зүйл болсон уу?
- Гэв гэнэт нөхөн сонгуулийг цахим хэлбэрээр явуулдаг юм байна. Энэ талаар ярьж хэлэхгүй байж байгаад гэнэт ашигласан. Хэрэв хэлчих юм бол юмны учгийг гадарладаг хүмүүс мэдчихээд асууж шалгаагаад баригдчихна гэж эмээсэн. Орчин үеийн техник хэрэгсэл ашиглах нь юу нь муу байгаа юм, эсэргүүцлээ л гэх байх. Хүнийг гүйцдэг юм гэж энэ дэлхийд байдаггүй учраас ямар ч хөгжингүй орон сонгуулийнхаа дүнг гараар тоолдог юм. Мэдээж компьютер болон түүний сүлжээг хавсаргах байдлаар ашигладаг жишигтэй. МАХН-ынхан хэдэн компьютер сонгуулийн хэсгүүдэд аваачаад түүн дотроо нөгөө хүнд үзүүлээд байдаг нэрсийн жагсаалтыг оруулчихсан. Түүнийгээ хэвлээд хэсгийн хороодын үүдэнд наасан байлаа. Хоёр, гурван компьютерыг утасгүй интернэтээр хооронд нь холбосон. Тэгээд хоорондоо мэдээллээ солилцоод, сонгогчийн үнэмлэх дээр нь код тавиад тэрийгээ нэр, хаягийнх нь ард оруулчихсан байв. Өөрөөр хэлбэл тухайн компьютерт баахан тоотой нэг багана нэмэгдсэн гэсэн үг. Сонгогчид ч үнэмлэхнийхээ кодыг уншина гэж үгүй. Тэгээд л нэрийн жагсаалтаас дураараа нэмж хасаад жинхэнэ луйвраа хийхийг үзүүлж өгнө. Хоёр том нам тохирсон юм чинь хянах ч үгүй. Хэрэв ганц нэг сөрөг хүчний төлөөлөл хэл ам болбол ямар ч но байхгүй гээд аргалчихна. Одоо энэ талаар хэл ам гарвал би ерөөсөө оролцоогүй, энэ компьютер гээд хамаг буруугаа чихэх адгийн аргад шилжиж байна. Бүлэглэлүүд луйвар хийгээд сурчихсан учир мэдээжийн зүйлд ч ямар нэгэн байдлаар булхай хийхгүй байж чадахаа байжээ.
- Та Д.Зоригтыг ялах нь тодорхой байхад бүлэглэлүүд луйвар хийхгүй байж чадахаа байсан учир сурсан зангаа сураар боож чадсангүй гэж үзэж байгаа хэрэг үү?
- Олон судалгаагаар Д.Зоригт ялах нь тодорхой байсан. Тэгээд ч МАХН, АН аль хэдийнэ тохирчихсон юм чинь. Байдал ийм байхад албатай юм шиг луйвар хийх нь ямар шаардлага байв. МАХН, АН хоёр хуйвалдаан, луйвар хийхгүйгээр зүгээр байж чадахаа байсны илрэл нь энэ.
- Та 1998 онд Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи, Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж гэсэн номонд орсон нэг нийтлэлийг бичсэн байна лээ. Түүнд одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг урьдчилан хараад хэлчихсэн байсан. Ер нь ийм зам руу шилжих шинж тэмдэг нь тэр үеэс ажиглагдаж эхэлсэн юм уу?
- 1996 оноос ийм шинж ажиглагдах болсон юм. Тухайн үед МАХН-ын дарга болсон Н.Энхбаярт намыг өөрчлөх, зөв чиг замд нь оруулах боломж нээгдэж байлаа. Даанч энэ хүн засах байтугай буруу зам руу хөтөлж авлигыг цэцэглүүлсэн юм. 1998 онд би чиний хэлсэн тэр номонд нэг нийтлэл бичиж байлаа. Энэ бүхний үр дүнд Засгийн газар УИХ-аас илүү эрх мэдэлтэй болж УИХ-тай зөвлөлдөлгүйгээр зарчмын томоохон асуудлыг бие даан шийдвэрлэж болохуйц тодорхойгүй механизм бий болж байна. Мөн МАХН ирэх сонгуульд ялах магадлал нэмэгдсэн учир “Ардчилсан холбоо” эвслийн зарим хэсэг, улстөрч, бизнесмэнүүдийн тодорхой бүлгүүд МАХН-ын одоогийн удирдлагыг тойрон хүрээлэх хандлага үзэгдэж эхэллээ. Энэ нь үзэл бодол, нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж зохион байгуулсан улс төрийн хүчин биш. Ийм үед хээл хахууль, авлигын хэрэг асар богино хугацаанд Монголын төрд хэвийн үзэгдэл болох нь. Төр бизнесийн салбарууд салшгүй нягт холбогдож, чингэхдээ салбар чиглэл тус бүрээр эдийн засаг эрх мэдлийн төлөө ёс суртахууны ямар ч хязгаарлалтгүй, хууль зүйгээр биш танил талын өвөрмөц сүлжээгээр дамжин өрсөлддөг болж байна. Үүнээс үүдээд улс төрийн үл эвлэрэгч явцуу бүлгүүд олноороо үүсч төрийн нэгдмэл бодлого, удирдлага алдагдаж хямралд хүргэх нь гэж бичсэн байгаа. Гэвч намайг 11 жилийн өмнө ингэж бичихэд хэн ч тоож авч үзээгүй, худлаа бурж байна гэж бодож байсан биз. Би судлаач хүн учраас цээжний бангаар биш судалгаа, дүн шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэстэй л зүйлийг бичдэг. Харин ч энэ нийгэмд хурдацтай цэцэглэж байгаа авлига, гэмт хэрэг, улс төрийн нөхцөл байдлын талаар бичээд хоёр жил хууль хяналтынханд байцаагдаж ял сонсож байлаа.
- Таныг нотлох баримтаа дэлгэ, хаанаас мэдээлэл авсан гээд тулгадаг байсан гэл үү?
- Би судлаач хүн учраас тэр мэдээллийг хаанаас авсан гэдгээ хэлж болохгүй. Тиймээс би хэлэхгүй гээд гүрийдэг байсан. Ер нь судлаач, сэтгүүлч хүн мэдээллийнхээ эх үүсвэрийг хэзээ ч өгөх ёсгүй. Монгол банкнаас 8 сая ам.долларыг гаргуулж АНУ руу шилжүүлсэн гэж бичээд шүүхэд дуудагдаж байцаагдан эхний шүүх хурлаас буруугүй гэсэн шийдвэр гаргасан юм. Гэвч давж заалдах шатны шүүх намайг буруутай гэж үзэж ял оноосон. Харин Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өршөөгдсөн юм. Хэдийгээр би буруугүй ч миний намтарт хэрэг үйлдсэн гэх хар толбо үлдэж байгаа юм даа. Одоо тэгээд нөхцөл байдал ямархуу байдлаар эргэж байгааг харж байгаа биз дээ. Зүү орох завсаргүй байсан Н.Энхбаяр, О.Чулуунбат нар толхилцож эхлээд Оросын өр тэглэгдээгүй гэдэг нь тодорхой болоод л.
- Тухайн үед танд дарамт их ирж байв уу?
- Дарамт их ирж байсан. Тэглээ гээд намайг өөрчилж чадахгүй. Би өөрийгөө мэдээллээр л хамгаалдаг. Тэр баталгаатай мэдээллээ устгуулчихвал би амьд явж байхгүй л байсан байх. Мэдээлэл гэхлээр цаасан дээр буусан бичиг баримт гэж бодоод хайгаад байдаг. Гэвч мэдээллийг хадгалах маш олон арга бий.
- Та намаасаа хөөгдөж ажлаасаа халагдаж байсан байхаа?
- Зургаан удаа ажлаасаа халагдаж, намын бүхий л албан тушаалаас хөөгдөж байсан. Би чинь Намын удирдах зөвлөлийн гишүүн хүртэл байлаа шүү дээ. Ингэлээ гээд миний үзэл бодлыг өөрчилж, шударга бус зүйлтэй эвлэрүүлж чадахгүй.
- Та Оросын өрийн талаар нэлээд бичдэг байсан. Гэвч саяхнаас өр тэглэгдээгүй гэсэн асуудал босч байна.?
- Би тухайн үед ОХУ-д төлөх өрийн асуудалд учир байна гээд бичиж л байсан. Но байсан гэдэг нь үнэн л байсан байгаа биз дээ.
- Арав гаруй жилийн өмнө л Монгол Улс системийн хямралд орлоо гэж та бичиж байлаа. Гэвч одоо энэ хямрал нэгэнт нүүрлэжээ. Одоо яах ёстой вэ?
- Системийн хямрал эхэллээ үүнийгээ засаач ээ гээд мөн ч их бичсэн дээ. Ойрын хэдэн жил ямар байх хандлага харагдаж л байна. Одоо л арга хэмжээ авахгүй бол шууд утгаараа Монгол Улс сөнөнө. Уг нь одоо үүнийг өөрчлөх жаахан боломж гарч ирж байна. Энэ боломжийг алдахгүй байх хэрэгтэй.



