Ц.НАВЧАА “Өдрийн сонин” №255 /3332/ 2009.10.22
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр та Ц.Нямдорж гишүүнд хандаж ”Хуучин гишүүдээ загнадаг л юм байгаа биз. Намайг загнахгүй шүү” гэсэн. Яагаад ингэж хэлэх болов оо?
-УИХ-ын гишүүд бүгд адилхан сонгогдсон, тэнцүү эрхтэй улс, Монголын төрийг төлөөлж байгаа хүмүүс. Гудамжинд хэрэлдэж байгаа хүмүүс биш шүү дээ. Ц.Нямдорж гишүүн миний ярихыг ерөөсөө сонсоогүй, байнгын хорооны хуралд хоцорч орж ирсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн ярьж байгааг ч сонсоогүй, ууртай орж ирсэн. Орж ирээд л загнаад эхэлсэн. Харамсалтай нь тэнд байсан гишүүд дуугүй суугаад л байсан. Би намынх нь гишүүдийнх нь өмнө “Ингээд загнуулаад байж болж байгаа юм уу” гэж хэлсэн юм. Гэхдээ өмнөөс нь хэрэлдээд байх хэрэггүй л дээ. Тэгээд би “Та хуучин шигээ хуучин гишүүдээ загнадаг юм байгаа биз, намайг загнахгүй шүү” гэсэн. Учир нь Монголын улс төрд өнөөдөр шинэ соёл, шинэ хүмүүс, шинэ үзэл бодол хэрэгтэй байна шүү дээ.
Өөрөөр хэлбэл, би юмыг өөрчилье гэж хүссэн. Байнгын хорооны хурал дээр Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үеэр аль нам мөнгө тараасан талаар би юу ч хэлээгүй. Гэхдээ мөнгө тараасан гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр олон хүн Монгол улс хөгжлийнхөө гараан дээр ирж байна. Оюу толгойн гэрээг байгууллаа гэх мэтээр ярьж байна. Үүнийг дагаад Монгол Улс өөрчлөгдөх хэрэгтэй, улс төрд ч шинэчлэл хэрэгтэй. Энэ талаар л байнгын хороон дээр хэлсэн. Хоёр намын бүлгийн дарга байна сэтгүүлчид цөөхөн байна, бие биеэ өөгшүүлээд байж болохгүй, халуун мөрөөр илэн далангүй ярья. Хууль хэрэгжүүлэх асуудлыг бид хийнэ гэж УИХ их ярьдаг. Тэгвэл хамгийн ойрхон өөрт нь хамаатай, өөрсдөө хийж байгаа сонгуулийн асуудлыг цэгцэлье гэж хэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг бол Монгол улсын төрийг байгуулахад шууд хариуцлага хүлээдэг институт. Харин сонгууль бол Монгол улсын төрийг байгуулж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороонөхөн сонгуулийн үр дүнгийн талаар тодорхой дүгнэлт гаргах ёстой. Ийм байр суурьтайгаар зарчмын санал хэлсэн. Ц.Нямдорж гишүүн орж ирээд намайг, Ч.Сайханбилэгийг загнаад, дараа нь Д.Лүндээжанцан даргаа хүртэл загнаж байна лээ.
-Төрийн ажилд хувийн зан авираа гаргаж, ингэж хандсан юм биш үү?
- Үгүй байх. Хүний ааш аяг өөр өөр, зарим хүн ууртай, зарим нь уургүй байдаг. Би Ц.Нямдорж гишүүнийг хувь хүнийх нь хувьд шүүмжлээгүй, энэ талаар яриагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооныхон дараагийн зүйлээ, өөр юм ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл Ц.Нямдорж гишүүн бүх зүйлийг юу ч биш болгосон. Энэ нь Төрийн байгуулалтын байнгын хорооны ажиллах зарчим биш шүү дээ.
- Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн танд хандаж “ Ногоон ч билүү хар ч билүү намын дарга...” гэх мэтээр хэлж байсан. Ер нь Ц.Нямдорж гишүүнтэй ямар харьцаатай байдаг вэ?
- Энгийн. Толгой дохиод зөрдөг, хааяа юм ярилцаж л байдаг. Би нэг зүйлийг мэдэж байна. Ингэж хэлснийг нь би доромжилж байна гэж ойлгож байна. Харамсалтай нь Ц.Нямдорж гишүүн өөрийгөө хүн доромжилж байна гэдгээ мэдэхгүй байгаа.
-Яагаад?
- Яагаад гэвэл олон хүнтэй тэгж харьцаж байгааг нь харахаар энэ зангаа өөрөө ойлгодоггүй юм болов уу гэж боддог. Улс төрч, хууль зүйн сайд хүн ийм зан гаргах нь зүгээр л өөрт нь хэрэггүй байхгүй юу. Бидэнд энэ зан ааш нь хэрэгтэй, хэрэггүй нь дүүрч. Олны өмнө ямар байгаагаа тэр хүн ойлгохгүй байна шүү дээ.
- Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгуулиар мөнгө тараасан асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар болсон уу?
- Үгүй, харин тийм хэрүүл болгоод л дуусгасан, юу ч үгүй өнгөрсөн.
- Одоо ямар нэг алхам хийх үү?
- Дөнгөж болсон асуудал учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүд бүр энэ талаар бодож байгаа. Олон гишүүн “Сонгуулийн хуулийг өөрчилж, цэгцлэх ёстой юм байна. Ер нь мөнгө тараадаг замаар цааш явж болохгүй юм байна” гэж байгаа. Мөнгө тараагаад байгаа нөхдүүд бол намынхаа гадуур хийгээд байхгүй юу. Монголын улс төр улс төрийн намаасаа гадуур болчихсон. Энэ талаар судлаач Ганхуягийн өгүүлэлд” Манайд намууд нь хүртэл гишүүдээ хянаж чадахаа больсон, улс төрийн бүлэглэлүүд нь намууд, төрийнхөө гадуур ийм тоглоомууд хийдэг” талаар тодорхой бичсэн байгаа. Миний бодлоор энэ нь нэг талаас Монголын төрд аюултай. Нөгөө талаар улс төрийн анмуудад ч аюултай. Ц.Нямдорж гишүүний ууртай зан аашаас болж төрийн ажил цалгардах ёсгүй. Бусад гишүүд ажлаа хийх хэрэгтэй байна шүү дээ. Ц.Нямдорж гишүүн ямар ч ааш гаргаж байсан ч би тоохгүй. Ийм хүн зөндөө л байдаг шүү дээ. Гэхдээ ийм хүмүүст гол роль өгөөд, Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудлыг, сонгуулийн асуудлыг үймүүлээд байж болохгүй. Эцсийн эцэст сонгууль, нөхөн сонгууль чинь бидний тухай яриа, бидний хийж байгаа ажил. Бидний талаар ард иргэд “ 76 мангуу” гээд л яриад байдаг. Бид болохоор бие биеэ магтаад л суугаад байдаг. Бид зөв ярьсан, хүмүүс буруу ярьсан байж болно. Гэхдээ нэгэнт иргэд буруу гээд яриад байгаа бол учрыг нь олох хэрэгтэй. Надад “мангуу” гээд байгаад нь эмзэглээд байх юм алга. Ард иргэд ингэж хэлж байхад Төрийн байгуулалтын байнгын хороо нь мөнгө тараасан талаар дуугүй байж болохгүй. Мөнгөнөөс гадна ногоо, адууны мах тарааж байсан. Хүмүүс адууны мах тараалаа гээд гэртээ аваад ирж байсан. Энэ бүхэнд хэн нэгнийг буруутгахдаа биш, үйл явдал ингэж өрнөж байхад сонгуулийн системээ яаж сайжруулах вэ гэдгийг хамгийн түрүүнд ярих байгууллага чинь Төрийн байгуулалтын байнгын хороо, хамгийн их холбоотой хүмүүс нь улс төрийн гол намууд. Тэр дундаа Хууль зүйн сайд өөрөө байх учиртай. Бид энэ бүхнийг өөрчлөхгүй бол Чингэлтэй дүүргийн хэдэн эмээ, өвөө ярьж шийдэхгүй шүү дээ.
- Та ногоо тарааж байхыг өөрөө харсан гэлээ. Үүнийгээ баримтжуулаагүй юу?
- Үгүй. Хэн тарааж байгааг нь харж амжаагүй, машинтай хажуугаар нь явж байсан юм. Хүмүүс байцаа тэврээд явж байсан, цаашаа тараагаад явж байсан. Энэ мэтийг УИХ ажлын хэсэг гаргаад, Чингэлтэй дүүргийн хэмжээнд судалгаа явуулж болно шүү дээ. Заавал иргэн Дорж, Дулмаагийн нэр байх хэрэггүй шүү дээ.
-Иргэд үнэнээ хэлэх болов уу?
- Хэлнэ. Яагаад гэвэл монголчууд чинь аль нь зөв, аль нь бурууг ялгах ухаантай ард түмэн. Нөхөн сонгуулийн тухайд Д.Зоригт сайдыг ялсныг үгүйсгээгүй. Миний хэлээд байгаа зүйл бол ингэж явах нь залуу улс төрчдөд болон бүх хүнд хэрэггүй л байхгүй юу. Ийм бохир сонгуулийг Р.Бурмаа, Д.Зоригт гээд бүх хүн засъя, өөрчилье гэж бодож байгаа. Ганцхан бид өөрсдөө энэ эргүүлэгт орчихсон, гарч чадахгүй байна шүү дээ. Бүх ийм балиар тоглоом улс төрийн намуудын гадуур яваад байна. Энэ бүхнийг намын дарга нар мэдэж байгаа. Гэхдээ өөрсдөө хянаж чадахгүй, оролцож чадахгүй ч байж магадгүй. Энэ бол дэндүү бохироос гадна улс төрийн намууд, төрийн гадуур ийм систем тогтчих гээд байна. Энэ асуудлыг өнөөдөр шийддэггүй юм аа гэхэд ядахдаа иргэдэд "Энэ зүйл дээр ажиллаж байна, анхаарч байна" гэж хэлж, ойлгуулах ёстой. 2012 оны сонгууль хүртэл гурван жилийн зай байна. Одоо хоёр жил ажлаа хийх хэрэгтэй. Хэрэв бид энэ байдлыг нүдээ аньж өнгөрөөгөөд, өмнөх шигээ байвал хоёр жил юу ч хийхгүй гэсэн үг шүү дээ. Ингэж төрөө өөрсдийгөө хуурч яах юм бэ. Бидэнд өөрчилье гэсэн улс төрийн зориг байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Үүнийг засаач гэж Ч.Сайханбилэг, Д.Лүндээжанцан даргаас шаардаагүй. Энэ төвөгтэй процесс. Гэсэнч лидер хүн үүргээ биелүүлэх ёстой, улс төрийн зоригоо харуулах учиртай. Намын бүлэг, намын дарга нар "Бид үүнийг зөвшөөрөхгүй шүү" гэж сигналь өгөх ёстой. Удирдагч нар ингэхгүй бол үймүүлдэг хүмүүст
санаачилга өгөөд, тэд бужигнаад л байна. Лидерүүд нь "Ийм зүйлийг тас хорино, хатуу тэмцэнэ" гэж хэлэх шаардлагатай. Хэн нэгэн үүнийг эхлүүлэх хэрэгтэй, дуугарах хэрэгтэй. Хэн эхлүүлэх вэ гэвэл Засгийн эрх барьж байгаа хоёр том нам, УИХ дахь бүлгүүд, Төрийн байгуулалтын хороо дуугарах ёстой. Ийм л зүйлийг хүлээж байна.