Д.Дорж “Өдрийн сонин” 1256 /3333/2009.10.23
УИХ-ын гишүүн Д.Энхбат, Г.Баярсайхан нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Оюу толгой, Таван толгой гэсэн томоохон орд газруудаас орж ирэх орлогын 15 хувийг нь цөлжилтийн эсрэг арга хэмжээнд зарцуулах уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ. Манай улсын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжиж эхэлсэн. Тиймээс энэ асуудалд иргэн бүр анхаарч, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, төр засгаас оновчтой бодлого явуулах хэрэгтэй байна. Дэлхийн цаг агаар өдрөөс өдөрт өөрчлөгдөж, дулаарлын уршгаар байгаль, экологид ноцтой хохирол учирч болохуйц хэмжээнд хүрээд байгаа энэ цагт монголчууд ч гэсэн нутаг орноо цөлжилтөөс аврах, өөрсдийнхөө ирээдүйн төлөө, энх тунх амьдрахын төлөө санаачилгатай, идэвхтэй байх хэрэгтэй байгааг гишүүд онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Энхбат ”Дэлхий дээр нэг хэм дулаарахад далайн бүх шүрэн арал үгүй болж, цунами, далайн шуурга ихэсдэг байна. Энэ үйл явц аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Харин хоёр хэм дулаарахад дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд амьтны гуравны нэг нь үхдэг гэсэн судалгаа гарсан байна.
Гэтэл сүүлийн арван жилд Монгол улс хоёр хэм дулаарчихаад байгаа. Цаашлаад гурван хэм дулаарахад, нүүрсхүчлийн хий аажмаар халж, байгалийн хууль эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөх нь. Тэр үед антибиотек эмүүд үйлчлэхээ больж, элдэв төрлийн өвчин ихэснэ гэж олон улсын эрдэмтэд үзэж байна. Амьтны өвчнүүд хүнд халдаж, орчин үеийн анагаах ухаан эдгээж чадахгүй болох нь” гэсэн сэтгэл эмзэглүүлсэн, таагүй мэдээллийг хэвлэлийнхэнд дуулгаж байлаа. Мөн тэрбээр “дэлхийн дулаарлын уршгаар манай улсын нийт нутаг дэвсгэр цөлжих нь тодорхой болж байна. Тиймээс 2010 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед цөлжилтийн талаар тусган бодлого боловсруулж оруулах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын ундны ус багасч, хэдхэн жилийн дараагаас усгүй болох аюул нүүрлэлээ. Тэр үед яах вэ гэдгээ эртнээс тооцоолох хэрэгтэй байна” хэмээн нэмж хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат тэргүүтэй УИХ дахь “ ногоон бүлэг”-ийн гишүүд байгаль орчны талаар идэвхтэй ажиллаж “ногоон улс төр”-ийг дэлгэрүүлж, эх орныхоо экологийг аврахын тулд дуу хоолойгоо нийтэд эрчтэй хүргэх болно гэцгээж байна.