Шинэ Ерөнхийлөгч багаа бүрдүүлж байна. Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхийн тоонд МНН, ИЗН-ын төлөөлөл багтах юм. Монголын Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбаттай МОНЦАМЭ-гийн сурвалжлагчийн энэ сэдвээр ярилцсаныг хүргэе.
-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцсон. Үүний үр дүн эхнээсээ гарч байна. Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхийн нэгээр танай намын төлөөлөл ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн?
-Манай нам болон ИЗН-аас юутай ч нэг нэг хүнийг Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр томилно. Намаасаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллуулах хүнээ өнөөдөр /өчигдөр/ санал болгоно.
-Хэнийг санал болгож байгаа вэ?
-МНН-аас санал болгож буй 2-3 хүн бий. Санал болгож буй хүмүүсээ өнөөдөр хэлэх боломжгүй байна.
-Ерөнхийлөгчид аль чиглэлээр зөвлөх вэ?
-Байгаль орчин, хууль, иргэний гэсэн гурван чиглэлийн аль нэгээр зөвлөх хүн ажиллуулах саналтай байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжавтай энэ талаар зөвшилцөнө.
-УИХ дахь намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг сан”-гийн тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?-Таны сонгогдсон УИХ-ын 25 дугаар тойрогт нэг мандат дутуу байна. Баянголчууд хэдий хүртэл төлөөлөлгүй явах юм бол?
-Ер нь энэ асуудлыг ойрын үед шийдэх хэрэгтэй. С.Эрдэнийг шүүхэд татсан хэрэг сонгуультай холбоогүй шүү дээ. Нэр дэвшигчийг сонгуулийн үед болон УИХ-ын гишүүн болоход шүүхэд татах эрхгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу л асуудлыг шийдэх учиртай. Миний бодлоор энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь Эрдэнэ нь байна уу, Дорж нь байна уу хамаагүй. Шүүх байгууллага, сонгуулийн байгууллага хуулийн дагуу л ажиллах ёстой.
-УИХ-ын нөхөн сонгууль Чингэлтэй дүүрэгт болно. Танай нам нөхөн сонгуульд оролцох уу?
-Энэ тухай ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бие биенээ дэмжиж оролцсон гурван нам дахин хамтрах эсэхээ ярилцаж байна. Өөрөөр хэлбэл бид сонгогдох өндөр магадлалтай хүнээ дэмжих хувилбар ярьж байна.
Г.Мандуул