Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хороогоор Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт орууллаа. Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эрчимжсэн МАА, газар тариалан хослон хөгжүүлэх нутаг болгон хуульчлах, энэ нутагт “малын хөлийн татварыг” эрс нэмэх төсөл оруулж иржээ. Үндэслэлд:
- 2010 онд улсын хэрэгцээт үр тарианы 78% –ийг Сэлэнгэ аймаг хангана;
- аймгийн малын тоо 1990 оныхоос 2.8 дахин өслөө;
- малын өсөлтийн 51.7% нүүдэллэн ирсэн;
- нийт малын 41.5% ямаа болсон;
- бэлчээрийн даац 42.7% –р хэтэрсэн гэжээ.
Энэ бодлого хэрэгжсэнээр Сэлэнгэ аймаг малынхаа тоог 2 дахин бууруулах юм байна.
Санааг дэмжиж байна. Харин яг ийм хууль гаргах замаар бэлчээрийн даац хэтрүүлэлтийг зогсоох, эрчимжсэн МАА, газар тариаланг хөгжүүлэх бодлого хэрэгжиж чадах болов уу. Юуны өмнө:
- Яагаад зөвхөн Сэлэнгэ аймаг гэж ? Бусад аймгууд ч өөрийн газар тариалангийн бүстэй байж болно шүү дээ;
- Яагаад зөвхөн газар тариалан гэж ? Аймгууд аялал жуулчлалын, ан агнуурын, усны нөөцийн, эмийн ургамалын гэх мэт бүс нутгуудтай байж болохгүй юу ?
- Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймгийн нутагт огт өөр өөр бодлого хэрэгжиж болно. Нутаг бүрийг хэрхэн бүсчилж, татварын ямар бодлого хэрэгжүүлэхийг нэгдсэн журмаар УИХ-аас тогтоох нь оновчтой юу, чадах уу ?
- Хэрэв “эрчимжээгүй” МАА шахаж байгаа юм бол яагаад “эрчимжээгүй” газар тариаланг дэмжээд байгаа юм бэ ?
- Газар тариалангийн бодлогыг орон нутагт МАА-г хөгжүүлэх бодлогоос салган хэрэгжүүлэх боломжгүй. Тиймд зөвхөн “газар тариалангийн” хууль гаргаж болох уу ?
- Тариаланчид, малчдын зөрчлийг ямар түвшинд, хэн, ямар замаар хэлэлцэн шийдвэрлэж байх вэ ?
- Монголын Газрын ашиглалтын бүсийн ерөнхий хууль гарах бус уу ?
- ….
Нутгаа хэрхэн бүсчилж, ямар бодлогоор хөгжүүлэх, бэлчээр ашиглалт, мал сүргийн бүтцийн бодлогыг өөрийн онцлогт зохицуулан хэрэгжүүлж байх эрхийг орон нутагт (аймгийн иргэдийн хуралд) шилжүүлэх хэрэгтэй нь харагдаж байна. Татварын ерөнхий хуульд “Малын хөлийн татвар”, зарим татваруудын зөвхөн дээд, доод хязгаарыг тогтоох, харин орон нутаг авах татвараа нарийвчлан тогтоох эрхтэй байх нь зүйтэй бус уу. Мөн хуулийг “Газар тариалангийн бүс нутгийн …” бус “Аж ахуй эрхлэх (?) бүс нутгийн … ” гэсэн өргөн хүрээг хамруулан гаргах нь оновчтой санагдах юм.
Хуулийг удахгүй нарийвчлан хэлэлцэж эхэлнэ.