УИХ-ын 25 дугаар тойрогт Иргэний Эвслээс нэр дэвшиж, сонгогдсон Д.Энхбат гишүүний мөрийн хөтөлбөрийг орууллаа.
НЭГ. Уриа нь: Эх орноо цэвэрлэе! 1-2-3!”
1. хяналттай төр
2. амжиргаатай өрх
3. эзэнтэй нутгийн төлөө
Монголд эхэлсэн улс төрийн ардчиллыг улам гүнзгийрүүлж, өнөөгийн нийгэм, экологийн гүн хямралыг гэтлэн давж, улс орондоо эрх зүйт ардчилсан, шударга төрийг цэгцлэн байгуулах, иргэний бодит ардчиллыг тогтоох нийгмийн хөгжлийн дараагийн үе шат юм.
Төрөө иргэний хяналттай, өрх гэр бүрийг амьжиргаатай, иргэдээ нутаг орных нь эзэн болгох Иргэний Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжснээр Монголын төр эрүүлжиж, ард иргэдийн амьдрал сайжирч, байгаль дэлхий экологийн сүйрлийн аюулаас холдох болно гэдэгт бид гүнээ итгэж байна.
1. Хяналттай төр
- Үндсэн хууль болон улс төрийн намууд; сонгууль; төрийн удирдлага, санхүүжилт; төрийн албаны зэрэг төрийн тогтолцоог бүрдүүлэгч гол хуулиудыг өөрчилж ард нийтийн өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр улс төрийн цоо шинэ, щударга, парламентын тогтолцоог бий болгоно.
- Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих Иргэний Танхимийг малчид, бизнес эрхлэгч, багш, эрдэмтэд зэрэг монголын нийгмийн гол давхрагын төлөөлөлтэйгээр УИХ-ын дэргэд байгуулна.УИХ-ын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч зэрэг сонгуульт албан тушаалтныг эгүүлэн татах тогтолцоог бүрдүүлнэ.
- Төрийн өндөр албан тушаалтнуудын авилга, луйврын хэргийг шүүхэд шилжүүлж, тэдний эд хөрөнгө, газрын лицензийг хянан шалгуулна. Албан тушаалтны иргэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх “Төрийн хариуцлагын сан”-г байгуулна.
Иргэндээ үйлчилдэг төрийн байгууллага.
- Хүнд суртлыг багасгаж иргэнийг төрийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан 20 минутаас илүү хүлээлгэхгүй, хоёроос дээш удаа явуулахгүй байх зэрэг төрийн үйлчилгээний хатуу журам, стандарт тогтоож мөрдүүлнэ.
- Төрийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудад гэрээлэн шилжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлнэ.
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, хөнгөн шуурхай болгох зорилгоор төрийн үйлчилгээг Интернетээр авах нөхцлийг бүрэн бүрдүүлнэ.
Иргэний мэдэх эрх
- Төрийн нууцаас бусад төрийн аль ч мэдээллийг иргэдэд ил тод болгоно. Гэмт үйлдлийн шинжтэй мэдээллийг төрийн нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, олон нийтэд худал болон зөрчилтэй мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, хоцроосон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг болно.
- Интернэтэд 60 хоногийн өмнө нийтэлж, нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхийг хязгаарлана.
- Олон нийтийн радио, телевизийг улс төрчдийн хяналтаас бүрэн гаргаж, хүчирхийлэл, садар самуун, гаж үйлдэл зэргийг өдөөгч мэдээллийн терроризмыг таслан зогсооно.
Нам, төрийн ажлын зааг
- Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгоно.
- Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг халж, санхүүжилтийг ил тод болгоно.
- Төрийн захиргааны албан тушаалтан, намын аппаратын ажилтан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдохыг хориглоно.
Сонгууль, санал асуулга
- Сонгуулийн хувь тэнцүүлсэн (пропорционал) тогтолцоонд шилжиж, сонгуулийн байгууллагыг улс төрийн намуудын нөлөөллөөс ангижруулна.
- Сум, хорооны түвшний сонгуульд улс төрийн намуудын оролцоог хална. Бүх шатны засаг дарга нарыг иргэд шууд сонгодог болгоно.
- Ард нийтийн санал асуулгын тогтолцоог боловсронгуй болгож нийгмийн бүлгүүдийн санал асуулгын сүлжээг хөгжүүлнэ.
2. Амьжиргаатай өрх
Монголын өрх бүрийг “Хөгжлийн босгоор” алхуулж, Залуучуудад боломж олгож, Ахмадуудад халамж хүргэсэн иргэн төвтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ. Бид “Хөгжлийн босго” буюу монгол өрхийн амьжиргааны доод үзүүлэлтийг:
1. Сарын НЭГ сая төгрөгийн орлого
2. ХОЁР өрөө байр
3. Хүүхэд бүрт ГУРВАН халамж (эрүүл мэнд, боловсрол, цэвэр хүнс)
- гэж томьёолж байна. Энэхүү “Хөгжлийн босго”-ыг нийгмийн болон байгалийн баялгийг шударгаар хуваарилах, авилгалын сүлжээг эвдэх, далд эдийн засгийг ил болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр хангах бүрэн боломжтой. “Хөгжлийн босго 1-2-3” зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиглэл:
Хүний хөгжил
- Гэр бүлийг дэмжих бодлогыг хатуу баримталж хүүхэд бүрт нийгмийн хараа хяналтыг хүргэнэ. Хойч үеийнхнийхээ өмнө хариуцлага хүлээх зарчмыг тууштай баримтална.
- Боловсролын салбарт эрс шинэчлэл хийж, хүн бүрийг мэргэжилтэй, өрсөлдөн амьдрах чадвартай болгох төрийн бодлого хэрэгжүүлнэ.
- “Тэгш боломж” нийгмийн зээлийн сан байгуулж иргэн бүрт өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ нээх гарааны зээлийн үндэсний тогтолцоог бүрдүүлнэ. 18 нас хүрсэн иргэн бүрт 10 сая төгрөгийн зээлийн эрхийг төрөөс баталгаажуулна.
Орон сууц
- Ажилтай залуу гэр бүл бүрийг байртай болгох, тэдэнд урьдчилсан төлбөргүй, 30 жилийн хугацаатай, жилийн 6 хувиас хэтрэхгүй хүүтэй зээл олгох тогтолцоог бүрдүүлнэ.
- Хашааны газрыг хувьд бүрэн шилжүүлж иргэдийн хяналт, оролцоотой “Газраа байраар солъё” хөтөлбөрийг хуульчлан хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, хувийн байшингийн хороолол, дагуул хотхонуудыг үүсгэнэ.
Бизнес, аж ахуй
- Үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуйг шинэчлэн сэргээн байгуулж, өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүлэн хөгжүүлнэ. Үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуйг хамгаалах, урамшуулах тууштай, хатуу бодлого баримтлана.
- Аж ахуй дахь төрийн хэт оролцоог хязгаарлаж, бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчлөн шинэчлэх шийдвэртэй арга хэмжээ авна. Бизнесийн лиценз олголт, мэргэжлийн хяналтын үүргийг бизнесийн өөрөө удирдах зарчмаар ажиллах салбарын холбоодод шилжүүлнэ.
- Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцдог тогтолцоонд шилжинэ. 35-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангах, шинээр мэргэшүүлэх, давтан сургах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ядуурлын эсрэг
- Гэр хорооллын цахилгааныг шөнийн цагаар үнэгүй болгоно.
- Газрыг аж ахуйн эргэлтэд оруулж, хөдөөгийн өрх бүрийг өөрийгөө тэтгэх аж ахуйтай болгох зорилгоор сум бүрт 100 сая төгрөгийн зээлийн сан байгуулна.
- Уул уурхайн ашиг орлогоос өндөр настан, ахмадуудад тэргүүн ээлжинд хүргэж, ахмад бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох “Талархлын сан”-г хуульчлан байгуулна.
3. Эзэнтэй нутаг
Нутгийн өөрөө удирдах зарчим
- ИТХ-ын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлж, орон нутгийн татварын бие даасан тогтолцоог бий болгоно.
- Хөдөө орон нутагт жижиг бизнес, хувиараа аж ахуй эрхлэгчдийг улсын албан татвараас чөлөөлнө.
- Байгалийн баялгийн ашиглалтын асуудлыг орон нутгийн иргэдийн саналыг тусган шийдвэрлэж байх эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.
Байгаль орчин, экологи
- Экологийн глобаль өөрчлөлтүүдийг тооцон, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, өнөөгийн экологийн сүйрлийг таслан зогсооно. Нутаг усыг сүйтгэсэн, хордуулсан хохирлын цар хэмжээг тогтоож, улмаар нөхөн сэргээх, хор уршгийг арилгах, арилгуулах эрс шийдэмгий арга хэмжээ авна.
- Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, торгууль, стандартын шинэ тогтолцоог бий болгоно. Экологийн цагдаагийн албыг байгуулна.
- Гол усны эх, ай сав газарт алтны болон байгальд халтай бусад олборлолтыг бүрэн хориглоно.
Уул уурхай, ашигт малтмал
- Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүний болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж бүс нутаг дахь эдийн засгийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Стратегийн орд газруудыг түшиглэн Уул уурхайн хөрөнгө оруулалтын дэлхийн түвшний үндэсний корпораци байгуулна. Иргэн бүрт 5 сая төгрөгийн алтан (худалдах эрхгүй) хувьцаа олгоно.
- Хууль бусаар олгогдсон лицензийг хурааж, лицензийн наймааг бүрэн хална.
Төр, нийгэм, байгаль дэлхийгээ эрүүл, цэвэр байлгаж, төр засаг, нутаг орон, өрх гэрийнхээ жинхэнэ эзэд болж явах нь монголчууд бидний Монголдоо сайхан амьдрах гол зарчим билээ. Эрүүл төр, эрүүл амьдрал, эрүүл нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэе. Эх орноо цэвэрлэе, цэгцэлье!
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХБАТ