УИХ дээр бид улсын төсвөө ня-бо нар шиг л мөр мөрөөр нь жагсаагаад, мөнгөө нэмж хасаад л хэлэлцдэг. Мэдээж хэрэг ийм хэлэлцүүлэг улс орны хөгжлийн бодлогын тухай бус харин талуудад “мөнгө хуваарилах” хуралдаан байдлаар явагддаг. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байсан сүүлийн жилүүдэд ийм хуваарилалт бүр эрчтэй явагдаж, тэр бүү хэл дараа жилүүдийн орлогоо хүртэл намууд маань бие биенээсээ уралдан амлачихсан. Дандаа л мөнгө ихтэй байх шиг загнасан. Харин одоо …. мөнгө байхгүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уначихсан. Эргээд хэзээ өсөх бол ? Мэдэхгүй. Нөгөө амлалтууд, эхлүүлчихсэн олон ажлаа одоо яах вэ …. Ийм өндөр болчихсон урсгал зардлаа яах вэ … Халах уу, цомхотгох уу, хаах уу ….
Засгийн газар түр зуур амь аргалах арга хайж байна. Гаднаас зээл авч, тусламж гуйж. Энэ нь тэгээд шийдэл мөн үү ?
“Ийм байдлаар улсын эдийн засгийг, төсвийн зарцуулалтыг авч явж болдоггүй юм. Ашигт малтмалын салбарын орлого маш их хэлбэлздэг, тэгээд ч энэ бол дахин сэргээгдэхгүй байгалийн баялгаа зарж нэг удаа л олох орлого. Тиймд уул уурхайн салбараас олох орлогоо зөв менежмент хийхгүй бол Монгол улс хөгжих бололцоогоо алдах эрсдэлд орно. Чили улс энэ асуудлаа …. ингэж шийдсэн юм …. “ гэж ноен Анинат ярилаа.
Дэлхийн банк, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хамтран “Монгол улс: Уул уурхай ба дэд бүтэц” нэртэй хурал Улаанбаатар зочид буудалд болж байна. Хуралд хагас өдөр суулаа. Чили улсын сангийн сайд асан Эдуардо Анинат “Түүхий эдийн үнийн мөчлөгт тохирсон төсвийн болон макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд” гэсэн илтгэл тавьсан нь их сонирхолтой боллоо.
Бид ноен Анинатын хэлж буйг “бараг” мэдэж байсан. Зүгээр л тэгэж хийхийг хүсээгүй. Харин энэ хямрал, ийм лекцүүд бидэнд өөрчлөлт хийх улс төрийн хүсэл зориг авчирах болов уу ?



